Нийгэм мэдээ

"Утсанд донтсон сурагч маань утас үзүүлсэнгүй гэж цохиод авсан"

Айл бүрт тулгамдаж буй асуудлуудын нэг бол яах аргагүй дэлгэцийн донтолттой хүүхэд. Гэтэл томчуудын зүгээс "чимээгүй суулгах гээд зурагт үзүүлж, утас тоглуулж байна" хэмээх нь олонтаа. Тэгвэл таны хүүхэд дэлгэцэд донтсон мэт санагдвал хэрхэн таньж мэдэх, яаж сэрэмжүүлэх талаар дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

-Утас өгсөнгүй хэмээн сурагч маань намайг цохиод авсан-

Цэцэрлэгийн багш Б.Саранчимэг "Би цэцэрлэгийн дунд бүлгийн багш. Манай ангид зурагт, утасны хамааралтай хүүхэд олон байдаг. Шинж тэмдгийн хувьд нүдээ ойр ойрхон анивчдаг, утас хармагцаа өгөхийг нэхдэг гэх мэт. Нэг хүүхэд маань бүр утас өгсөнгүй гэж цохиод авдаг. Тиймээс ангидаа аль болох дэлгэцээр бус практик байдлаар хүүхдүүдэд хичээл орохыг зорих болсон. Яагаад гэвэл хүүхдүүд гэртээ ихэнх цагийг зурагт, утас үзэж өнгөрүүлж байна. Тиймээс цэцэрлэгт өнгөрүүлэх хугацаагаа дэлгэцээс хол байгаасай гэж хүсдэг" гэв.

Зурагт, утсыг яг хэдэн наснаас хүүхдэд үзүүлэх ёстой вэ?

  • Хоёр хүртэлх насны хүүхдэд ямар ч дэлгэц битгий хэрэглүүл
  • Харин 3-6 хүртэлх насны хүүхдүүд өдөрт 30-45 минут
  •  6-12 насны хүүхдүүд өдөрт 90-120 минутыг дэлгэцэд зарцуулж болно гэж зөвлөдөг.

Хүүхдээ дэлгэцэд донтсоныг яаж мэдэх вэ?

Дэлгэцийн эмгэг хүүхдүүд хоолой засах, нүдээ анивчих, өөрийн мэдэлгүй гудчиж дуугардаг, эсвэл гар хөлөө савчиж хөдөлгөх зэрэг давтагдсан хөдөлгөөнүүдийг хийх зэрэг шинж тэмдгээр илэрдэг.

Хэтэрхий их цагийг дэлгэцийн хэрэглээнд зарцуулах нь ямар эрсдэлтэй вэ?

  • Хөгжлийн хоцрогдол үүсэх, 2-5 насанд хүүхдийн тархи маш хурдацтайгаар хөгждөг бөгөөд энэ үед дэлгэцийн хамааралтай болох нь хэвийн хөгжлийгсаатуулдаг. Бусад хүмүүстэй харилцах харилцаа нь багасдаг тул хэлд орох нь хоцрох магадлалтай.
  • Эрүүл мэндийн асуудлууд үүсгэдэг, хараа муудах, таргалалт, нойрны хэмнэл алдагдах, хүзүү, нурууны өвдөлтүүд зэрэг эрүүл мэндийн асуудлууд үүсдэг
  • Сэтгэцийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх, өөртөө итгэх итгэл багасах, сэтгэл гутрал, сэтгэл түгшил зэргийг үүсгэх нөлөөтэй. Мөн хүчирхийлэл ихтэй нэвтрүүлэг үзэх,тоглоом тоглох нь зан үйлийн өөрчлөлтүүд үүсгэдэг.
  • Цахим орчинд дээрэлхүүлэх, аюултай хүмүүсийн нөлөөнд автах, өртөх, насандаа тохироогүй мэдээлэл авах, гэмт хэрэгт өртөх
  •  Гэр бүл, найз нөхөдтэйгөө өнгөрөөх цаг багассанаар эдгээр харилцаануудад асуудлууд үүсч, бусад хүмүүсээс өөрийгөө тусгаарладаг.

Мэргэжлийн байгууллагын зүгээс дэлгэцийн донтолтоос хэрхэн сэргийлэх талаар дараах зөвлөмжийг хүргэж байна.

Дэлгэцийн хэтрүүлэн хэрэглэлтэд  авах хамгийн чухал арга хэмжээ бол урьдчилан сэргийлэлт. Амьдралын хэв маяг төлөвшсөн хойно өөрчлөхөд төвөгтэй бөгөөд нэгэнт зуршил тогтсон хойно болиулахад хэцүү. Тиймээс хамгийн түрүүнд урьдчилан сэргийлэх буюу дэлгэцийн хэвийн хэрэглээг амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэй. Эцэг эхчүүд хэвийн хэрэглээ гэж юу вэ гэдгийг сайн мэддэг байх нь чухал.

  • Эхлээд өөрсдөдөө дэлгэцийн хэвийн хэрэглээг төлөвшүүлж байж гэр бүлийн орчинд хүүхдийн дэлгэцийн хэрэглээг зохистой болгож чадна. Иймд эцэг эхчүүд хүүхдээсээ биш өөрсдөөсөө эхлэх ёстой.
  • Хоёрдугаарт, хүүхэдтэйгээ бага наснаас нь маш сайн харилцагч байх хэрэгтэй. Хүүхдэд амьд харилцаа сайн байх тусам дагаад дэлгэцийн хэрэглээ буурдаг зүй тогтол байдаг.
  • Эцэст нь дэлгэцийн хэрэглээ бол өдөр тутмын хэвийн хэрэглээ юм. Гагцхүү нас насанд тохирсон тохиромжтой цагууд гэж байдгийг л мэддэг байх шаардлагатай байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button