Сэлэнгэ, Сүхбаатар аймагт алга болсон хоёр хүнийг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүллээ
Энэ сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Гүн толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 98 км, сумын төвөөс зүүн урд зүгт 22 км/ Малчин Ж нь өдрийн 15:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээсээ Ерөө сумын төв рүү явна гэж морьтой гараад сураггүй алга болсон тухай бид өмнө нь мэдээлсэн.
Энэ талаар ОБЕГ-аас " Түүний унаж явсан морь нь 09.21-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд норсон байдалтай гэрийнхээ гадна гүйж ирсэн. Тус аймгийн Цагдаагийн газраас тухайн иргэнийг 09.21-ний өдрөөс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг 09.25-ны өдрийн 19:14 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан.
Ингээд тухайн аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид малчин Ж/33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 09.29-ний өдрийн 08:00 цагаас “Ерөөгийн гүүр” гэдэг газраас баруун зүгт “Хуучин модон гүүрний тохой” гэдэг газар хүртэл нийт 40 км-т завиар зохион байгуулан ажилласан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг 09.30-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн" гэв.
Мөн Сүхбаатар аймаг, Онгон сумын Нүдэн багийн “Данжуурын дэрс” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 143 км, сумын төвөөс хойд зүгт 17 км/ Тус сумын харьяат малчин У нь 09.25-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 10:17 цагт ОБЕГ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй малчин У/68 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 09.29-ний өдрийн 13:10 цагаас “Данжуурын дэрс” гэдэг газар 10 км-т явганаар болон автомашинтайгаар зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. Харин эрэн хайх ажиллагааг 09.30-ны өдрийн 06:00 цагт эхлүүлээд байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.