Баян-Өлгий аймагт "Бүргэдийн баяр" энэ сарын 5, 6-ны өдрүүдэд болно
Баян-Өлгий аймагт "Алтан бүргэд-2024" үйл ажиллагааг энэ сарын 5, 6-ны өдрүүдэд тус аймгийн Бугат сумын Чандмань толгой хэмээх газарт 25 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Тус үйл ажиллагааны хүрээнд бүргэдийн үзүүлбэртэй хамт нийтдээ 10 төрлийн уралдаан, тэмцээн явуулахаар төлөвлөж байна.
Тухайлбал, бүргэдийн баярын эхний өдөр бүргэдчдийн хувцас болон морины тоног хэрэгсэл, бүргэдээ биедээ дасгасан байдлын шалгаруулна. Мөн өдөр казах үндэстний тоглоом болох морин дээрээс мөнгө шүүрэх (тенге илу), урианхай сурын харваа, морьт харваа (жамбы ату)-ны тэмцээн болно. Оройн цагаар гадаад, дотоодын аялагчид, зочдод зориулж аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Бугат сумын соёлын төвд урлагийн тоглолт болно.
Үйл ажиллагааны хоёр дахь өдөр бүргэдчид бүргэдээ ан агнахад хэр зэрэг сургаснаа (шырга тарту) танилцуулан өрсөлдөнө. Тухайн өдөр зочид, иргэд казахын ард түмний "Хүүхэн хөөх" (Кыз хуар) тоглоом, "Кара жорга" тойрон бүжиг, тулам булаацалдах тэмцээн (көкпар), морин дээрх барилдаан (аударыспах)-ыг үзэж сонирхох боломжтой.

З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.