"Бэлтэс мөрөн" ХХК-ийн хурал дахин хойшиллоо
"Бэлтэс мөрөн" ХХК-ийн удирдлагад холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэх асуудал олны анхаарлын төвд байгаа. Гэвч энэ хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа юм. Шүүх хурал өнгөрсөн зургадугаар сард ес хоног үргэлжилж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр 60 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж байсан.
Тус хэргийн шүүх хуралдааныг өнөөдөр /2024.10.03/ Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газрын шүүх хуралдааны танхимд 10.00 цагт хянан хэлэлцэж эхэлсэн. Шүүх хуралдааны бүрэлдэхүүн шүүгч Н.Дэлгэрмаад ар гэрийн гачигдал гарч, хурлыг 2024 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулжээ. Мөн шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Мэндсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Хэргийн талаар дахин сануулахад, Хөвсгөл аймагт 2021 оны дөрөвдүгээр сараас “Нэмэх даатгал” гэх тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгож, иргэдээс өндөр хүүтэйгээр их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж буцааж хуваарилж байсан “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон юм.
О.УНДРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.