Дата: Өмнөговь аймаг ₮950 саяар агаарын бохирдол бууруулах арга хэмжээ зохионо
Агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд олон төрлийн сөрөг нөлөө үзүүлдэг ба үүнээс шалтгаалан дэлхий даяар жилд 7 сая хүн нас бардаг судалгаа гарчээ. Агаарын бохирдолд эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүү өртдөг болох нь тогтоогдсон. Харин Өмнөговь аймгийн хувьд сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл ихэссэнтэй холбоотойгоор агаарын бохирдол тулгамдсан асуудал болоод байна. Үүнтэй холбоотойгоор Өмнөговь аймгийн Даланзадшгад сум агаарын бохирдлыг бууруулах "Утаагүй-Даланзадгад" арга хэмжээг хэрэгжүүлэхээр 950 сая төгрөгийн тендер зарлажээ.
Харин худалдан авах ажиллагааны хөрөнгийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас гаргах юм байна.
Манай улс Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017 онд батлан, хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр байгальд ээлтэй инженерийн дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг сайжруулж, агаар, орчныг бохирдуулагч эх үүсвэрийг багасган дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг хязгаарлаж, агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулах зорилт тавьсан байна.
Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2025 он гэхэд агаар, орчны бохирдлыг 80 хувиар буурсан байхаар төлөвлөжээ.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.