Нийгэм мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа

“Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 13 дугаар зарлигийн дагуу жил бүрийн Хаврын болон Өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр баатарлаг туульс хайлдаг уламжлалтай. Тэгвэл Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Богд хааны ордон” музейд анх удаа “Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа.

Тууль хайлах ёслолыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ”Богд хааны ордон” музей, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим хамтран зохион байгуулав. Өвлийн тэргүүн сарын шинийн 3-ны өдөр тууль хайлах ёслолын эхэнд Хөсөгтөн хамтлагийн ахлагч, морин хуурч, хөөмийч В.Батзориг “Чингис хааны магтаал”-аар бэлэг барьсан юм.

Дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нээхдээ “Монгол баатарлаг туульсын агуулга, ач холбогдлыг таньж ойлгох, дэмжин дэлгэрүүлэх, өв соёлоо хүндэтгэн дээдлэх, хадгалах, уламжлуулан хамгаалах үйлсэд идэвх, санаачилгатай оролцож байгаа байгууллага, эрдэмтэн судлаач, оюутнуудад талархал илэрхийлье. Чингис хааны дэлхийг эзэлсэн түүхийн аугаа их манлайллын нэг нууц нь монгол туульс байдаг” хэмээн бичсэн байдаг. Тиймээс туульсын амин сүнс, нарийн утга учрыг түгээн дэлгэрүүлэхэд манай ЕТГ санаачилга гарган ажиллаж байна” гэв.

Түүний дараа Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Т.Баясгалан, МУБИС-ийн багш, доктор Б.Нанжид нар монгол тууль хайлах зан үйл, “Алтан хар Торц” тууль болон туульчдыг танилцуулав. Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч Э.Баатаржав, А.Балдандорж нар “Алтайн магтаал” хайлсны дараа туульчид “Амгалан төрийг байгуулж, арван хорыг таслагч Алтан хар Торц” их хөлгөн тууль хайллаа. 

Тууль хайлах зан үйл нь төрийн ёслолд хүндтэй байр эзэлдэг уламжлал, зан заншил, ардын домог зүйн сэтгэлгээ, соёлын нандин өв билээ. Хүн төрөлхтний соёлын өвд монголчуудын оруулсан содон хувь нэмэр болох монгол туулийг 2009 онд ЮНЕСКО-гоос “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн дэлхийн жагсаалт”-д бүртгэн тунхагласан юм. Эрт цагаас туулийг иргэний болоод төрийн ёслолын үед хайлдаг уламжлалтай байжээ. Туульд монгол хүний хүсэл мөрөөдөл, овог аймаг, угсаатны ялагдашгүй хүч, хүсэл зоригийн илэрхийлэл туссан байдаг. Туулиас монгол ухаан, зан заншил, өв уламжлал, монгол эр хүний зориг, монгол морины шандас, байгалийн сүр хүчин, монгол гэрийн болон төрийн ёсны эхлэл үүслийг үгийн гайхамшгаар бахдан бүтээснийг харж болно.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button