Тойм: 2025 оны төсөвт аж ахуй нэгжүүдийн татварын ачаа хүндэрч, сайдуудын зардал данхайлаа
Энэ долоо хоногт улс төрийн орчинд голлох зураглал ирэх оны төсөв тойрсон асуудлууд байлаа. Улсын төсвийг жил бүрийн төгсгөл ойртуулж данхайлгаж батладаг жишгээрээ МАН гаршсан гэхэд болно. Түүнчлэн улсын төсөв хэлэлцэх энэ агшнуудад нам доторх зарим гишүүдийн гэнэтийн үйлдлүүд ихэд сонин дүр зураг байв.
АН-ын “амыг хазаарлахад” Л.Гантөмөр сайдад 312 тэрбумыг төсөвлөв
Төсөвт суугдсан сайд нарын зардал дотор тэмээн дотор үсэг гэдэг лугаа хэд хэдэн хачирхалтай зардлууд орж ирсний нэг нь яалт ч үгүй Соёлын сайд Ч.Номингийн 18.3 тэрбум буюу "гүнжийн төсөв" юм. Орон нутгийн хүүхдүүдийн амьдралыг мэдэхгүй, хөрсөн дээрээ буугаагүй сэдвүүд дор хүний олон хүүхдүүдийн нэрийг барьж ийн төсөвт хүслээ шигтгэж буй нь эгээ л Францын ард түмэн өлсгөлөнд нэрвэгдээд жагсаж тэмцэхийг нь гайхсан Мари Антаунеттад "Тэдэнд идэх талх ч алга" гэсэнд "Тэгвэл тэдэнд бялуу өг л дөө" хэмээж байсан гашуун түүхийг эрхгүй санагдуулав. МАН амьдралаас холдсон намынхаа сайдад 589 тэрбумыг төсөвлөжээ.
Сөрөг хүчний намын дарга, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөрийн ялихгүй үйлдэл ч бас АН ямар жижигхэн болсныг үггүй өгүүлнэ. Төсвийн зардал хэтрээд байгаа асуудал дээр өөрөө хойшоо, залуусаа урагш нь түлхсэн маягтай.
Ер нь л засагт ч, чуулганы танхимд ч нэгэнт жин дарахаа больсон нь ганц төсөв тойрсон асуудал дээр ч гэлтгүй харагдаж л буй. Сөрөг хүчний “амыг хазаарлахад” 312 тэрбум хангалттай бололтой.
Улс төрд орохоосоо өмнө бизнесийн орчинд тун гайгүй нэр нүүртэй, шинэхэн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Ч.Анар нар гэнэтхэн төсөв, Ерөнхий сайдын айлчлалын сэдвээр "амь оров". Ч.Анар үүрэн телефоны шинэ оператор компанийг үүсгэн байгуулсан хүний хувьд Л.Оюун-Эрдэнийн Хятадын "Хуавэй" компанитай хамтрана гэсэн нь таалагдаагүй нь лав. Уг нь зорилго нь манайх руу шууд технологи нэвтрүүлэх тухай бус энэ салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтарна гэснийг бүрэн ойлгоогүй юу. Гэхдээ Ерөнхий сайдыгаа эзгүйд, төсөв хэлэлцэх эгзэгтэй үеийг давхцуулан үгэн чулуу шидэж гэнэтхэн дуу орсон нь бас чиг улс төрийн өөр нюанс цухалзаж буй нь үнэн билээ.
Сангийн сайд Б.Жавхлангийн үзүүртэй үг
Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг өнгөрчихсний дараа УИХ-ын гишүүдийг уриалан дуугарч, данхайсан төсвийг шүүмжилж олны алга ташилтыг өөр дээрээ авсан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин энэ долоо хоногийн нэг дүр байв. Ялихгүй адармаа үүсгэж, түүн дээрээ ихэд эвтэйхэн маневр хийн, хууль цагдаатай хүртэл шөргөөцөлдөөд авсан нь мөн л их хуучинсаг, танил арга цухалзаж байх шиг. Ирэх оны төсвийн төслийн 2-р хэлэлцүүлэг хэдийнэ ээ хэлэлцэгдчихээд байхад төсвийг шүүмжлэн хэвлэлийн од болж буй нь үнэхээр нам доторх толхилцооны нэг гэлтэй. Сайн дүрийг оловч муу заль цухалзах нь муухай. Шинэ гишүүд улс төрийн энэ хоцрогдсон имижийг өөрсдөдөө тохоон авч буй нь харамсалтай. Нам доторх фракцын хагаралдаан ил далд өрнөж буй энэ цаг үед олон нийт ч, хэвлэл ч хэрсүү байх сан. Д.Энхтүвшингийн энэ адармааны хажуугаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нар 2025 оны улсын төсвийг баталсны дараа 12-р сард төсвийн тодотголыг хэлэлцэнэ ээ гээд тогтоолын төслийг нь боловсруулаад ширээн дээрээ зэхчихсэн байх жишээтэй.
Мөн яг энэ цагт Сангийн сайд Б.Жавхлан нэг сонирхолтой үг хэлсэн нь "Хуулийн зөрчилгүй бол тодотгохыг эсэргүүцэхгүй. Гэхдээ 14 мега төсөл л нааш цааш болох байх" гэсэн нь цаагуураа Ерөнхий сайдынхаа амбицыг нугачиж буй хэлбэр. Мега төслүүдийн зардлаас л хөдөлгөөнд оруулж болох гэх маягтай хоёр үзүүртэй зүү шиг үг шидэв.
Ирэх оны төсөвт аж ахуй нэгж, иргэдээс төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ энэ оныхоос өснө. Төр нь татвараар төсвийнхөө 70 илүү хувийг бүрдүүлдэг улс, манайх. Ирэх жил ч аж ахуй нэгжүүд сайн ажиллаж, илүү хөдөлмөрлөснийхөө татвараар улсын төсвийг бүрдүүлнэ. Илүү хичээх тусам аж ахуй нэгжүүдийн татварын ачаа хүндэрч, сайдуудын төсөв данхайна аа. Төсвийн тодотголоор сайдуудын зардал нэмэгддэг үү гэхээс буурдаг жишиг үгүй.
Төсөв тойрсон энэ шуугианаас хэн хол байсан гэвэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Шанхайн экспо руу томилолтоор явах зуур нь энэ бүхэн мандав. Гэнэтхэн л чимээ имээгүй гишүүд өглөө оройгүй төсөв, сэдэв шүүрч хэвлэлээр гараад эхэлсэн. Гарах гарахдаа нэгэнт тодотгол хийнэ гээд тогтоолын төслийг нь бэлдчихсэн зохиол, батлачихсан төсөв дээр амь орцгоосон. Төсвийн хамгийн чухал процесс 2-р хэлэлцүүлэг. Үүнийг мэдэхгүй гишүүн байлаа гэхэд сайд, намын бүлэг байх боломжгүй.
МАН доторх үе хоорондын ялгаа илтэд томорч буйн баригдахуйц бодитой жишээ энэ ээ.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
олон жил УИХ-ын гишүүн байгаад хариуцлага нь нэмэгдэх бус бүр мэргэшсэн цагаандаа гарсан ХУЛГАЙЧ нар болсын бна.Даваасүрэн яаж тэнэгтэж бнаа,түүнд эх орон,иргэд,улс орны хөгжил огт пад �##�га. УИХ-ын гишүүд нь давхар дээл өмсөж татвар төлөгчдийн мөнгийг самардаг юм бна,ОЙ ГУТАВ
????????????????