Процесс: Энэ 7 хоногт ЗГ хоорондын хэлэлцээрийг соёрхон баталсны дараа, “Чайна Энержи” ЭТТ ХК гэрээгээ байгуулна

2025.03.16-нд "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл"-ийг өргөн мэдүүлсэн.
Энэхүү төсөл нь "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай" гэх ганцхан заалттай.
Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэхүү төслийг соёрхон батлахаар товложээ. Ингэснээр Засгийн газар болон УИХ-ын гараас энэхүү ажил гарч байгаа гэж ойлгож болно.
Тэгвэл процесс цааш хэрхэн үргэлжлэх вэ.
Эхлээд, Биржийн тухай хуулийн "10.3-т зөвхөн хил дамнасан төмөр зам барих зориулалтаар урт хугацааны гэрээ хийж болно, 10.4-т энэ гэрээг байгуулахдаа биржийн дундаж үнээр тооцно" гэж заасан. Энэ заалтаа өөрчилнө.
Мөн Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуульд гурван жилийн хугацаатай л худалдан авах ажиллагааг зохион байгуулна гэж заасан нь 16 жилийн хугацаанд “Чайна Энержи” компанийг "Эрдэнэс Тавантолгой"-н туслан гүйцэтгэгчээр авах боломжгүй юм байна.
Дараа нь, БНХАУ-ын “Чайна Энержи” Тавантолгой бүлэг ордоос олборлолт хийх дөрвөн компаниараа манай ЭТТ ХК-тэй гэрээ байгуулна. Хоёр талаас уулзалтуудаа хийж нүүрсний үнээс эхлээд ярилцаж, тохиролцон гэрээндээ нарийвчлан тусгах юм.
Хятадын тал биржийн дундаж үнээр тооцохгүй, тусдаа аргачлал гаргаж тооцъё гэдэг санал гаргаад байгаа гэгдэж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.