НИЙГЭМ

Монгол циркийн амь хараахан тасарчхаагүй байна

Хавар бас намар дэлхийн цирк Монголд гэх сүртэй зарууд хөвөрч, тоглож эхэлмэгц хүүхэд хөгшидгүй тийш шуурдаг болоод олон жил өнгөрчээ. Уг нь бид чинь цирктэй, дэлхийд данстай циркчидтэй улс.

Циркээ хувьчлах нэрийдлээр төр нь хувьд өгч залгиулсны горыг мэргэжлийн циркчид, үзэгчид бид харин ч нэг амсаж байна. Хариуд нь гаднынхан ирж аль том, үнэтэй гэсэн газрыг олон хоногоор түрээсэлж, тэнд эзэгнэж байна. Ингэж хэлж буйн учир бол өмнө нь ганц, хоёрхон тоглоод буцдаг байсан тэд энэ удаа бүр зургаан өдөр 12 удаа тоглохоор иржээ. Энэ бол зах зээл бийг илтгэж байгаа хэрэг.

Мэдээж манай циркчдэд тэдэн шиг тоглох бүрэн боломж, нөөц бий. Атал түрээсийн мөнгө, бэлтгэлийн заал гэхчлэн зовлон их. АСА циркийг 2020 онд засварлах болсноос хойш энэ урлаг үзэгчдээс бүр л алсарсаар. Гэхдээ амь нь арай ч тасарчхаагүй байна.

Засварлана гэснээс хойш дөрвөн жил өнгөрч 2024 он гарлаа. Эхний сараас циркийг нураах асуудал хөндөгдөж, хавар шинэ цирктэй болно гэх давхар хүлээлт бий болов. Ашиглалтад оруулна гэж оны эхнээс сенсацилсан аварга Д.Дагвадорж арваннэгдүгээр сард "ASA Arena" нэртэйгээр циркээ нээсэн. Удаан хүлээсэн цирк нээгдэж буй нь хэн бүхэнд сайн мэдээ. Гэсэн ч бид одоог хүртэл улсад ганцхан байгаа циркийнхээ манежнаа мэргэжлийн тоглолт үзээгүй л байна. Энэ бол муу дохио.

Өөрөөр хэлбэл цирк нэртэй ч зориулалтын бусаар өөр төрлийн урлагийн тоглолтыг хүлээн авч зохион байгуулж, спортын зориулалтаар ч ашиглаж болно гэх маркетинг хийсээр буй. Нэг талаас хувийн байгууллагын эрхийн асуудал боловч нөгөө талаас 90 жилийн баялаг түүхтэй циркийн урлагийн хөгжил улам бүр уруудахад нөлөө үзүүлж буй хэрэг юм.

Монгол циркчдийн дийлэнх хэсэг гадаадад мэргэжлээрээ ажиллаж, амьдарч байгаа гэхэд хилсдэхгүй болов уу. Харин эх орондоо үлдэж, мэргэжлээ орхилгүй яваа залуус гэр хороололд, зориулалтын бус газарт бэлтгэлээ базааж юунд ч юм найдаж байна. Сүүлийн хэд хоногт л гэхэд төв талбайд зассан асарт тэд үзүүлбэрээ үзүүлж, үзэгчид дугаарлаж, суудал дүүрэн байгаа харагдсан. Ийм зүдүү байдал үргэлжилсээр байвал би циркчин болно гэх залуу, шинэ үеийнхэн үгүйрч циркийн урлаг улам л хүнгүйдэж эхэлнэ. Шуудхан хэлэхэд энэ хэвээр үргэлжилбэл манай цирк удахгүй гудамжинд гарах нь ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 24, 2025 08:58

Циркийн барилга байшин байр савыг нь Өвөрхангайн өмд гутлыхан хуваагаад идчихсээн !!!

Холбоотой мэдээ

Back to top button