Шинэ Пап ламыг сонгох хурал дөхөх тусам лобби хүчээ авч байна

Ромын Католик шашны ирээдүйг тодорхойлоход консерватив болон прогрессив бүлгүүдийн өрсөлдөөн хөшигний цаана эрчимтэй явагдаж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 135 кардинал Пап лам агсан Францисын залгамжлагчийг сонгох хурлыг лхагва гарагт /2025.05.07/ эхлүүлнэ.
Шинэ пап ламыг сонгох гэж буй кардиналууд өмнөхөө үеийнхнээсээ илүү урьдчилан таамаглахад хүндрэлтэй байгаа юм. Ихэнх кардиналууд үүнээс өмнө ийм сонгуульд оролцож байгаагүй, дэлхий өнцөг булан бүрээс ирсэн тул хурлыг илүү тодорхой бус болгож байна.
Сонгууль өгөх эрхтэй арван кардинал тутмын наймыг пап Францис сүүлийн 12 жилийн хугацаанд томилжээ. Тэднээс 20 нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард кардинал болсон. Кардиналуудын ихэнх нь өмнө бие биетэйгээ уулзаж ч байгаагүй. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2025.04.28/ Францис амьсгал хураасны дараа л Ромд ирж анхны удаа бусдаа харсан кардиналууд их бий.
Пап ламыг сонгох хурал албан ёсоор энэ долоо хоногт эхлэнэ. Гэхдээ Ватиканы хонгил, ресторан, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд хувийн уулзалт, яриа хөөрөө, дэмжлэг хайх үйл явц аль хэдийн явагдаж эхэлсэн.
Оксфордын их сургуулийн Католик шашны түүхч Майлз Паттенден “Пап Францисын эрүүл мэндийн байдал жилийн эхнээс хэцүүхэн байсан тул энэ сэдвээрх яриа хэдийн эхэлсэн байх магадлалтай” гэжээ.
Түүний хэлснээр 20-иод кардинал Пап болох магадлалтай хэмээн нэрлэгдээд байна. Гэхдээ хурлын эхэнд пап болох магадлалта гэх кардиналуудын санал хураах үе шатуудын сүүлийг нь үздэггүй. 2013 онд Хорхе Марио Берголио буюу Пап Францис пап болох магадлалтай кардиналуудын тоонд ороогүй байсан ч эцэст нь сонгогдсон юм. Тус жилийн хурлаар Английн Вестминстерийн сүмийн кардинал асан Кормак Мерфи-О’Коннор болон бусад европ кардиналууд Берголиог пап ламд өргөмжлөхөөр лоббидож байсан аж.
Пап болохоор нэр дэвшихгүй боловч өөрийн дэмждэг хүнээ дэвшүүлэхийг оролдох кардиналууд ч байгаа. Тэдгээр кардиналууд шинэ, туршлага багатай гишүүдийн дунд нөлөөлөх оролдлого хийж байгаа нь дамжиггүй.

Консерватив паптай болохоор ажиллаж байх магадлалтай кардиналууд дунд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг дэмжигч бишоп Рэймонд Бёрк, Германы Герхард Мюллер нар байна. Мюллер өнгөрсөн долоо хоногт ортодокс (шашны уламжлалт үзэлтэй) пап сонгогдохгүй бол сүм хуваагдаж болзошгүй гэж анхааруулсан.
Прогрессив буюу Францистай дөхөм үзэлтэй пап гаргахаар ажиллаж байх магадлалтай кардиналууд дунд Люксембургийн Жан-Клод Холлерих, Их Британийн Тимоти Рэдклифф, Канадын Майкл Черни нар байна.
Вестминстерийн бишопийн албан тушаалыг О’Коннороос хүлээн авсан кардинал Винсент Николс хурал эхлэхээс өмнө юу болж байгаа талаар “Associated Press” агентлагт хэлжээ. О’Коннор лоббидох ажилд илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг байсан бол Николс өөрийгөө илүү даруу, дотогшоо төвтэй хүн гэж тодорхойлсон юм.
Тэр “Associated Press” агентлагт өнгөрсөн баасан гарагт /2025.05.03/ хэлэхдээ “Шударгаар хэлэхэд, миний одоогийн туршлагаас харахад хүмүүс бие биеэ маш анхааралтай сонсож байна. Хүмүүс дараагийн пап ламаар хэн тодрох нь тохиромжтой гэж бодож буйг тэд сонсож байгаа. Гэхдээ даваа гарах үед тэдний бодол өөрчлөгдсөн байвал би гайхахгүй” гэжээ.
Пап өөрийг нь хэн залгамжлахыг бүрэн тодорхойлсон тохиолдол байхгүй
Пап Францис өөртэйгөө ижил үзэл бодолтой хүмүүсийг ихээр томилсон гэж шүүмжлэгчид үздэг. Гэхдээ католик сүмийн түүхийг судлаач Паттенден “Түүхэнд аль ч Пап өөрийн залгамжлагчийг бүрэн хянаж чадсан тохиолдол байхгүй” гэжээ.
Тэр нэмж хэлэхдээ “Кардиналуудын дунд консерватив, прогрессив чиг хандлагатай хүмүүс бий. Гэхдээ энэ бол тэдний үзэл бодол яг таг өөр гэсэн үг биш. Зарим нь бэлгийн чиг баримтлалын асуудлаар либерал, харин уур амьсгалын өөрчлөлтийн тухайд консерватив байж болно” гэжээ.
Пап Францис өөртэй ижил үзэлтэй хүмүүсийг түлхүү кардиналаар томилсон нь үнэн ч, зөвхөн ойр үзэлтэй хүмүүсийг сонгож байгаагүй. Тэр дэлхийн улс орон бүрийг кардиналын төлөөлөлтэй болгохыг зорьж, Иран, Алжир, Монгол зэрэг католик шашинтнууд цөөн орнуудаас ч кардинал томилсон юм. Мөн Европ, Хойд Америкт төвлөрсөн нөлөөг тэнцвэржүүлэхийг зорьсон гэж Паттенден хэлсэн байна.
2013 оны хурлаар кардиналуудын талаас илүү хувь нь Европ гаралтай байсан бол одоо энэ хувь 39 хувь болж буурсан. Үлдсэн 18 хувь нь Ази, 18 хувь нь Латин Америк, Карибын тэнгисийн орнуудаас, 12 хувь нь Сахарын цөлөөс өмнөх Африкаас гаралтай юм.
Паттенден “Тэд богино хугацаанд шийдвэр гаргах шахалтад орно. Дэлхийн анхаарал кардиналууд дээр төвлөрсөн байгаа. Хэрвээ папыг зургаадугаар сар, долдугаар сар хүрээд ч сонгоогүй бол сүсэгтэн олны сэтгэл түгших байх” гэжээ.
Сүүлийн зуун жилд ихэнх хурал хоёроос гурван хоног үргэлжилсэн юм. Хамгийн урт хурал XIII зуунд болсон ба 2 жил 9 сар үргэлжилжээ. Харин хамгийн хурдан нь 1503 онд хэдхэн цагийн дотор дууссан байдаг.
Шинэ Пап болох хамгийн магадлалтай хүмүүсээр Ватиканы гадаад хэргийн сайд Пьетро Паролин болон Филиппиний кардинал Луис Антонио Тагле, Гана улсын кардинал Петр Турксон, Италийн кардинал Маттэо Зуппи нар нэрлэгдэж байна.
Эх сурвалж: The Guardian, Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.