НИЙГЭМЯрилцлага

Ц.Ариунаа: Хүүхдийг хүмүүжүүлэх гэж хичээхдээ бид алддаг. Сонс, хайрла, тусал тэд өөрийнхөөрөө ниснэ

Тэртээ 1998 оноос хүүхдүүдийн үзэх дуртай, оролцох юм сан гэх битүүхэн хүслийн нэг бол цэнхэр дэлгэц, радио долгионоор дамжуулдаг "Үл мэдэх цэцэгхэн хотхон" нэвтрүүлэг. Уг нэвтрүүлэг эхлэхэд Ц.Ариунаа хөтлөгч цоглог, цангинасан хоолойгоор зочин хүүхдийн нас, жил, орд, дуртай хоол, өнгө, амьтан зэргийг үзэгчдэд танилцуулна. Харин түүний хамтрагч Үл мэдэх мэндчилснээр яриа хөвөрнө. Тааварлашгүй, хэний ч санаанд оромгүй яриа энд өрнөж, бяцхан хүмүүсийн ертөнцөөр харин ч нэг аялж эхэлдэг.

...Хүүхэд байхад л өвөрмөц хоолой, хөгжилтэй зан, гэгээн бүхнээ дэвсэж нэвтрүүлгээ амилуулж хүргэдэг байсан "Үл мэдэх цэцэгхэн хотхон" нэвтрүүлгийн хөтлөгч эгч яг хэвээрээ ярилцлагын ширээний ард тухлан сууснаар бидний яриа эхлэв.

-Үзэгчдийн үзэх, сонсох дуртай "Үл мэдэх цэцэгхэн хотхон" нэвтрүүлгээс яриагаа эхэлье. Яагаад хүүхэд сэдэвт нэвтрүүлэг хийх болов?

-Анх 1998 онд радиогоо байгуулж байлаа. Радио гэдэг өөрийн гэсэн хөтөлбөрийн дагуу явагдах ёстой гэх зарчим Монголын радиогийн хүүхэд байх үеэс тархинд суусан байсан л даа. Мөн энгийн хэр нь гэнэтийн яриа аав бидэн хоёрын дунд өрнөсөн нь өдгөө 27 жилийн түүхтэй Үл мэдэх цэцэгхэн хотхон нэвтрүүлэг минь юм шүү дээ.

-Тэр яриа нь

-Аав минь "хүүхдийн дуу хоолой, байгаа байдал, ер нь амьтны нялх болгоныг харахаар бид бүхний сэтгэж ихээр сэргэх юм аа, амар амгалан болох юм аа" гэх нь тэр. Бидний чадах зүйл бол радиогоороо хүүхдүүдийн дуу хоолойг хүргэх. Харин хэрхэн сонирхолтой байлгах агуулгыг их бодсон.

Тэгээд л өөрийнхөө багадаа үзэх дуртай байсан хөгжилтэй хүүхэлдэйн киноны дүрээр нэвтрүүлгийг нь Монголчилж хийж эхэлсэн. Тэрхүү радио нэвтрүүлгийг минь сонсоод UBS телевизийнхэн маань хүүхдийн нэвтрүүлгийн төрөлжсөн сувагтай болж байсан учир хамтрах санал тавьж, бид ч баяртайгаар хүлээн авсан. Бүхэл бүтэн нэг үе буюу 12 жилийн туршид нэвтрүүлгээ бэлтгэн гаргасан.

-Та өмнө нь хэвлэл өгсөн ярилцлагадаа "Үл мэдэх цэцэгхэн хотхон" нэвтрүүлэгт оролцож байсан охин өөрийн охиноо оролцуулахаар ирсэн тухай ярьсан байсан шүү дээ.

-Тийм. Эхэндээ томчуудыг амраах л зорилготой байсан бол удах тусам илүү том хүрээтэй, том зорилготой юм байна гэдгийг би ойлгосон.

Нэвтрүүлэг эхэлсэн цагаас хойш оролцсон хүүхдүүд бичлэгээ авах тун сонирхолтой байгаа. Харамсалтай нь нэвтрүүлгийнхээ ихэнх бичлэгийг өөрийн буруугаас болоод алдсан. Энэ тухайгаа нэг сэтгэлзүйч, номын зохиолчтой уулзаад хэлэхэд "Ц.Ариунаа, энэ зүгээр ч нэг нэвтрүүлэг байгаагүй юм аа. Бүхэл бүтэн нэг үеийг судлах судалгааны материал байсан. Монголын нэгэн үеийг үзүүлэх түүхийн том дурсгал байсан юм, харамсалтай байна" гэж хэлсэн. Тэгэхэд л би юу хийчхэв ээ гэж бодсон.

Харин одоо шинэ үеийнхэнтэйгээ хийж байгаа нэвтрүүлгээ хариуцлагатайгаар, нандин чанд газар хадгалж байгаа.

-Таны нэвтрүүлгийн хамтрагч, туслагч "Үл мэдэх"-үүдтэйгээ хэрхэн учирдаг вэ, ямар нэгэн шалгаруулалт байдаг уу. Одоо хэд дэх Үл мэдэхтэйгээ нэвтрүүлгээ хөтөлж байна?

-Ес дэх Үл мэдэхтэйгээ нэвтрүүлгээ хөтөлж байна. Сүрхий шалгаруулалт явуулж, сонгоод байдаггүй. Ер миний зөв, бурууг мэдэхгүй ч ажил амьдралд минь болж байгаа бүхэн хувь учралаар тохиодог. "Үл мэдэх"-үүд минь ч надтай тэгж л учирсан. Ихэвчлэн манай радиод ажилладаг залуучуудын хүүхэд, нэвтрүүлгээ бичиж байх үеийн зочны минь үлдээсэн тод дурсамж гэх мэт амархан учирдаг. Сүүлийн Үл мэдэх минь ч миний хүүгийн найзын хүү. Сэргэлэн хүү бий, та нэг уулзаад үзээрэй гээд л уулзсан, шууд дурласан.

-Анхны Үл мэдэх одоо хэдэн настай вэ, хаана юу хийдэг бол. Та холбоотой байдаг уу?

-1998 онд зургаан настай байсан гэхээр одоо 33 настай гэсэн үг. Байнга уулзаад байдаггүй ч ерөнхий сургийг нь бол сонсоод байгаа. Москва хотод цэргийн академид нисгэгчийн мэргэжил эзэмшсэн гэсэн. Энэ мэтчилэн анхны Үл мэдэхүүд минь гэрийн эзэн, аав болцгоож, бүгд сайн сайхан амьдарч яваа.

-Та нэвтрүүлгээ тодорхой хугацаанд завсарлаад дахин хийж эхэлсэн шүү дээ. Нэвтрүүлгийн шинэ зочдын хувьд, хүмүүсийн ярьдгаар одоогийн хүүхдүүд ялгаатай санагдаж байна уу?

-Нэвтрүүлгээ дахин эхлүүлэхээр ханцуй шамлаж байхад хүмүүс яг энэ талаар хэлж байсан л даа. "Ц.Ариунаа одоогийн хүүхдүүд өөр болсон шүү. Өмнөх үеийнхэн шиг нээлттэй ярихгүй байх, сонин байна байх шүү" гэж олонтаа сэрэмжлүүлсэн.
Гэтэл хүүхдийн тэр ариун сэтгэл, тэр нээлттэй, бүх зүйлсэд баяр жаргалтай байдаг, гэнэн цагаан байдаг нь ерөөсөө өөрчлөгдөөгүй байсан. Яг адилхан, өнөө л гэнэн, сониучхан нүд өөдөөс харж байна. Харин сэдэв өөрчлөгдсөн. Хуучин цагт би өөрөө орчноо мэдэж ярьдаг байсан бол одоо хүүхдүүдээрээ заалгадаг болсон. Өөрсдийн үзэж сонирхдог Youtube, app, тоглоом гэх мэт олон зүйлс.

Ээж хүн гэдэг хүүхдээ хаана ч явж байсан яг дэргэд байгаа юм шиг, нялхаараа байгаа дүрээр нь санаж явдаг шүү дээ. Яг үүний адилаар энэ нэвтрүүлгийг хийхээ больсон ч санаанаас хором ч тасраагүй. Тухайн үед надад нэвтрүүлгээ зогсооход шалтгаан байсан. Зогсохдоо ч өөртөө ам өгч байсан. Арай өөр байдлаар, өвөрмөц, хөгжилтэйгөөр хийж эхэлнэ гэж.

Тэгээд 2018 онд нэвтрүүлгээ хийж эхлэхдээ зочид минь над дээр ирэх бус би очвол ямар байх бол гэсэн санаагаа амилуулж хэдэн дугаар хийсэн. Ингэхдээ дэлхийд гарсан Монголчуудтайгаа болон хөдөө орон нутгийн хүүхдүүд дээрээ очиж бэлтгэсэн. Маш гоё байсан. Америкт очиж 20 хүүхэдтэй, Өмнөговь аймагт очиж 10 хүүхэдтэй нэвтрүүлэг хийсэн. Даан ч ковид гарч, нэвтрүүлгээ хаахад хүрч байлаа.

Гэхдээ тэрхүү зорилго, мөрөөдөл минь хэвээрээ, "Үл мэдэх цэцэгхэн хотхонд" нэвтрүүлэг минь телевизээрээ үргэлжилж, "Үл мэдэх ба түүний нөхөд" нэвтрүүлэг минь дэлхийгээр аялна гэдэгт итгэж байна. Миний дуу хоолой, сэтгүүлчийн ажлыг хийх боломж байгаа цагт би хүүхдүүдтэйгээ ярилцсан хэвээр байна байх аа.

-Хүүхэдтэй ярилцах, тэднийг яриулах хэцүү. Гэтэл таны нэвтрүүлэгт оролцож буй хүүхдүүд нээлттэй ярьж, санаж бодсоноо чөлөөтэй хуваалцаж сонсогддог.

-Нэг талаараа миний олон жилийн ажлын туршлага байгаа байх. Нөгөө талаараа миний анхны зорилго нөлөөлсөн байх.

Томчууд бидний дийлэнх нь хүүхдийг бид хүмүүжүүлэх ёстой, зааж сургах ёстой гэдэг. Би тэр өнцгийг л үгүй болгоё гэж бодсон. Яагаад бид хүүхдээс суралцаж болохгүй гэж...

Харц ч гэсэн чи хүүхэд гэж дээрээс доошоо чиглэх бус яг нэг түвшинд өөд өөдөөсөө харж байгаад тэднийг яриулах хэрэгтэй л гэж бодсон. Тийм болохоор л тэд надад итгэж эхэлсэн байх. Хүүхэд өөрөө маш мэдрэмжтэй шүү дээ. Хэн надаас юу хүсээд байна, энэ хүнд би өөрийгөө нээж болох уу, үгүй юу гэдгийг сайн мэдэрдэг.

-Таны хувьд хүүхдийн нэвтрүүлгээс гадна ахмад настнуудыг оролцуулсан контент ч мөн бүтээсэн шүү дээ.

-Тийм ээ. Сүүтэй цаг гэдэг нэвтрүүлэг. Тэр нэвтрүүлгээрээ настан буурлуудтайгаа ярьж эхэлсэн. Яагаад тэр нэвтрүүлгийг хийж эхэлсэн бэ гэхээр тэдний дотор яг хүүхэд шиг гэнэн, цагаан, аугаа гоё ертөнц байдаг. Магадгүй би тэр хавиар л аялах дуртай хүн юм шиг байна лээ.

-Нэвтрүүлгийн үеэр өрнөж байсан сонирхолтой яриа, хөгжилтэй эсвэл мартагддаггүй дурсамж бий юу?

-Би өөрийгөө хошин шогийн мэдрэмжтэй, инээх дуртай гэж боддог боловч өөрөө ярихдаа тааруухан. Нэвтрүүлэгт оролцож буй хүүхдүүдийн яриа хөөрөө, дурсамжтай зүйлсийг тухайн цаг үедээ л сайн дурсаж, баярлачхаад мартчихдаг муу зуршилтай.

Хүмүүс надаас яг энэ асуултыг олон асуусан. Даан ч би хариулж чаддаггүй.
Гэхдээ одоо яг санаанд нэг охины оролцсон дугаар орж ирж байна. Өндөр охин, харваас Монгол төрхгүй байсан юм л даа. Би асуухдаа "Миний хүү аль нутгаас ирсэн билээ" гээд асуухад "Би Монгол Туркийн хамтарсан" гэж билээ.

-Яагаад сэтгүүлч болчхов. Танай гэр бүл таныг инженер болгох сонирхолтой байсан гэж дуулсан.

-Инженерийн охин инженер болох ёстой гэсэн бодолтойгоор арван жилээ дүүргэсэн ч тэр мэргэжил минийх биш гэдгийг ойлгосон. Харин сэтгүүлзүйн талаар сэтгүүлч мэргэжлийг зүүдэлж ч яваагүй. Хувь тавилан, бурхан, эзэн тэнгэр хэн ч байсан юм бүү мэд надад тусалж сэтгүүлч болгосон. МУИС-ийн сайн багш нар, тухайн үеийн ангийн хамт олон дээд курсийн ах эгч нарын дэмжлэгээр би сэтгүүлчээр бэлтгэгдсэн.

Нэн түрүүнд монгол хэлээр ярих дөртэй болж байлаа. Учир нь би орос сургууль төгссөн болохоор монголоор их тааруу ярьдаг байв. Монголын радиод ч мөн адил азаар л орсон.

-Таны хоолой их өвөрмөц. Эмэгтэй хүн бүрд заяахгүй хоолой.

-Их сонин юм билээ. Би сүүлд л мэдсэн. Аав, өвөө нарынхаа хоолойг өвлөн авсан. Манай аав Монголын радиод ярилцлага өгөх гээд ирэхэд нь "таны хоолой их сайхан нэвтрүүлэгчийн хоолой байна" гэж хэлж байсан гэсэн.

Үүнээс гадна манай аавын дүү "Танай өвөө чинь Монголын радиод нэвтрүүлэгчээр шалгуулаад тэнцэж байсан хүн юм байна лээ" гэж билээ. Харин өвөөгийн минь аав Юм гэх хүн нэртэй, унзад хоолойтой лам хүн байсан гэсэн. Ном уншиж байхад нь илүү гэрт байсан тараг мэлтэлзээд хөдөлдөг байсан гэх хууч яриа ч дуулсан. Энэ сураг яриа ч гэлээ би итгэдэг. Тийм ч бүдүүн, баргил хоолойтой хүмүүсийн ген яваад байгаа байх. Миний хөвүүд ч ялгаагүй хүнгэнэсэн хоолойтой. Эрчүүдэд энэ хоолой их сайхан зохидог ч эмэгтэй хүнд хэцүүхэн. Харин нэвтрүүлэгчийн хувьд хамгийн тохиромжтой хоолой.

-Хүүхэд радиод танайх бараг гэр бүлээрээ ажилладаг юм билээ.

-Ш.Өлзийхүү найз минь хэлж байсан юм. "Хүүхдүүдээ өөрийн жүжигчин мэргэжлээс холдуулах гээд бараагүй" гэж. Би ч адилхан. Том хүү видео фото талдаа ажиллаж радиогийн бүх л богино бичлэгийг хийдэг, дунд хүү харин бид хоёрын эзгүйд радиогийн ажлаа хариуцаад сурсан. Бага хүүхдээ харин "өөр юм хий" гээд хэлсээр ирсэн ч мөн л авьяастай, наашаа ирэх сонирхол өндөр. Бид ч бас зүгээр орхиогүй л дээ. Ашигласан. /инээв/

Хамгийн гол нь би, миний хань, хөвүүд минь энэ ажилдаа чин сэтгэлээсээ дуртай. Ажлаа хийж байхдаа, өдөр шөнөгүй ажлаа бодолдоо тээж байхдаа ядардаггүй учраас л болоод байгаа хэрэг. Үгүй бол дургүйд хүчгүй л юм болно.

-Та эмээ болсон уу.

-Болсон шүү дээ. Маш аз жаргалтай эмээ. Хүн гэдэг давруу амьтан шүү дээ. Гурван хүүтэй юм болохоор охинтой болохыг л мөрөөддөг байлаа. Харин бурхны бэлгээр гэрэл гэгээ, амар амгалан болсон хоёр ач охинтой болсон. Надад эмээ хүний жаргалыг мэдрүүлж байгаа.

-Та насаараа л хүүхдүүдийн сайн найз байсан, эгч байсан, ээж байсан. Харин эмээ байх мэдрэмж ямар санагдаж байна?

Хүн залуу байхдаа ажил гэсээр өөрийн хүүхдээ анзаарахгүй, хэрхэн өсөж том болж байгааг төдийлөн мэдэхгүйгээр өнгөрчихсөн байдаг юм байна лээ. Тэр бүрээ бодсоор дотроо сайн эмээ болно, шууд ажлаа орхиод эмээгийн албандаа орно гэж бодож байсан. Гэхдээ тэгээгүй. Мэдээж тэднийг хайрлах хайрын мэдрэмж өндөр байгаа боловч ээж биш эмээ нь болохоор ээж, аавынх нь орон зайг үлдээхээр шийдсэн. Одоо зөвхөн эмээгийнхээ үүргийг л гүйцэтгэж байгаа.

Ганц л зүйлийг ойлгосон. Бид хүүхдийг хүмүүжүүлэх гээд хэрэггүй юм байна лээ. Хүүхэд энэ хорвоод ирэхдээ өөрийн гэсэн зорилготой, орон зай, хийх зүйлтэйгээ ирдэг. Бидний оролцоо бол тэр замаас нь халтируулахгүй байх, дөнгөж нахиалж буй хүн цэцгийг зүгээр л услаад, дэмжихэд л болно, өөр юу ч хэрэггүй. Тэд өөрсдийнхөөрөө ниснэ.

-Бага насны хүүхдүүдийн шүтээн хүүхэлдэйн баатар, киноны дүр бус контент бүтээгчид болчихлоо. Та үүнд ямар байр суурьтай ханддаг вэ?

Би эхэндээ тэр талаар нь сайн ойлгохгүй Үл мэдэх маань надад орчуулагч хийдэг байлаа. Одоо бол жаахан гадарлаж байгаа ч хэдэн үгсэд дарлагдсан хэвээрээ байгаа. Мөн Youtube контент бүтээгчид байна. Тэднийг одоо үеийнхний шүтээн гэхэд хилсдэхгүй. Манай нэвтрүүлгийн оролцогчдын насныхны хувьд хүүхэлдэйн баатар ч сонирхохоо больсон байна лээ. Нэг талаараа хөгжил, нөгөө талаараа бодох зүйл болчихлоо.

Яг одоогийн нөхцөлд тэдний тархийг барьж байгаа Юүтүүбэрүүдэд л хандаж хэлэхэд ямар насны хүүхдүүд та бүхнийг үзэж байгааг эргэн харж хэлж ярьж байгаа үг үйлдэл, сэдэв дээрээ хариуцлагатай байгаарай. Тэдний юу сэтгэх, бүтээх, ямар хүн болж өсөх нь та бүхний гарт байна. Гэхдээ тэд ч намайг сонсоно гэж юу байх вэ, гэхдээ юмыг яаж мэдэх вэ хэлчихье.

-Ярилцлага маань энд хүрээд жаргаж байна. Миний асуугаагүй үлдээсэн болоод энэ мөчид таны илэрхийлмээр буй зүйл байна уу?

-Төр засаг, яам тамгын газруудаасаа хүсэх нь, хүүхдийн нэр барьсан төсөл хөтөлбөр, сан гээд олон сайхан зүйлс байна аа. Үүнийг яг эздэд нь буюу бүтээж байгаа хүмүүст нь хүргээд өгөөч. Маш олон тендер зарлагдах юм, үүнийг дагаад маш их мөнгө салаагаар урссаар байна. Үүнийг ч та бүхэн мэдэж байгаа.

Миний хувьд итгэл, сэтгэл, тэвчээр үнэхээр алдагдаж байна. Би яг юу хийгээд байна аа, хэний, юуны төлөө яваад байна гэж заримдаа бодогдох боллоо. Туслаач гэж гуйж байна. Үнэхээр соён гэгээрүүлж дийлэхгүй боллоо.

Саяхан л гэхэд маш сайхан тендерт оролцсон. Гоё хариу ирлээ. "Та бүхэн хоёрт эрэмбэлэгдлээ" гэх. Хоёрт байгаад яах вэ дээ. Дан ганц би ч биш хүүхдийн төлөө гэх сэтгэлээрээ, чин зоригоороо бүтээж байгаа хүмүүс ч ялгаагүй санхүүгийн зовлонтой байна.

Хүүхдийн соён гэгээрэл, эл үеийнхний сэтгэл зүйг зөв чиглүүлэхэд томоохон бодлоготойгоор ажил зохион байгуулмаар байна. Үгүй бол яг энэ үеийнхнийгээ энэ чигээр нь хайхрахгүй, орхиж яав ч болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 2, 2025 07:58

АРИУНАХАН МИНЬ ДЭЭ ЯМАР ИХ ХӨГШРӨӨ ВЭ? АРЬС ХӨРСӨӨ ТАТУУЛААЧЭЭ УУГ НЬ ЗАЛУУДАА НЭЭГ ИХ ГОЁ Ч БИШ ГЭСЭН ГАЙГҮЙ ХҮҮХНҮҮДИЙН ТООНД ОРДОГ БАЙЛАА ДАА НАДТАЙ СУУСАН БОЛ ӨДИЙД АРЬСАА ТАТУУЛААД ТОЛИГОР ЯВАХГҮЙ ЮУ? ДААН Ч НАМАЙГ ЧИ ТООЖ Ч ХАРААГҮЙ ОДОО БИ МӨНГӨТЭЙ БОЛСОН ГАНЦ УТАС ЦОХИХОД ЗАЛУУХАН ХҮҮХНҮҮД ОЧЕРЛООД ЗОГСДОГ ЮМ ШҮҮ.

зочин
зочин
6 сар 2, 2025 19:07
Reply to  Зочин

Яг энэ хүний хэлж байгаа үг тэр з�##�уухан хүүхнүүд очерлоод зогсдог гэсэн яриа нь нөгөө ШАР СЭМЖИЛСЭН ХӨГШИН ТӨГЦӨГ гээчийн л яриа байх даа худлаа мөрөөдлөө ярьж бузар эгогоо тэжээгч айлийн охин хүүхдүүд лүү ямар нүгэл хураасан нүдээрээ гөлийж зогсдог бол доо хөөрхий чааваас....

Зочин
Зочин
6 сар 2, 2025 09:19
Reply to  Зочин

Тоогоогүй болж.

Зочин
Зочин
6 сар 2, 2025 10:35

Ариун аа нас насандаа л байх нь зөв өө энэ хүмүүс илүү зантай

Холбоотой мэдээ

Back to top button