Гадаад мэдээДЭЛХИЙ

Амиа алдсан Ираны удирдагчийг орлох дараагийн хүн тодорхойгүй байна

АНУ болон Израилын хамтарсан цохилтын улмаас Ираны Дээд удирдагч Аяатолла Али Хамэнэй амь үрэгдсэн. Үүний улмаас Ираны шашны засаглал түүнийг залгамжлах хүнийг хайх ажилтай нүүр тулаад байна.

Иран улсыг орчим жил хатуу гараар удирдсан дарангуйлагч Хамэнэй залгамжлагчаа албан ёсоор зарлаагүй байсан юм. Одоо дараагийн удирдагчийг 88 ахлах сүсэгтнээс бүрдсэн Шинжээчдийн зөвлөл нэртэй байгууллага сонгоно.

Исламын Бүгд Найрамдах Улс 1979 онд байгуулагдсанаас хойш энэ байгууллага ганц удаа л залгамжлагчийг сонгож байсан. Тодруулбал 30 гаруй жилийн өмнө Аяатолла Рухолла Хомэйниг таалал төгсөхөд Алиг зөвлөлийнхөн сонгосон байдаг.

Ираны эрх баригчид улс орноо тогтвортой байгааг харуулахын тулд хурдан хөдлөх ашиг сонирхолтой. Ийм учир зөвлөлийн гишүүд тун удахгүй хуралдаж, Алиг орлох нэр дэвшигчдийг хэлэлцэх магадлалтай.

Шинэ удирдагч нь үндсэн хуульд заасан шаардлагыг заавал хангасан байх ёстой. Тодруулбал эрэгтэй, улс төрийн мэдлэгтэй, ёс суртахууны нэр хүндтэй шашны зүтгэлэн хүн байх ёстой. Мөн Исламын Бүгд Найрамдах Улсад үнэнч байх ёстой юм. Онолын хувьд зөвлөл залгамжлагчийг сонгох ёстой ч Иран дахь хамгийн нөлөө бүхий хүмүүс тодруулж, дараа нь зөвлөлөөр батлуулах магадлал өндөр байна.

Можтаба Хамэнэй

Зургийн эх сурвалж: The Week

56 настай Можтаба Хамэнэй нь Алигийн хоёр дахь хүү. Тэрбээр Ираны хамгийн хүчирхэг цэргийн байгууллага болох Исламын хувьсгалт гвардийн корпус (IRGC) болон Басиж сайн дурын хагас цэргийн ангитай холбоотой хүн юм.

Гэвч шийт урсгалын шашинд эрх мэдлийг эцгээс хүүд шилжүүлэхийг нааштай хүлээж авдаггүй юм. Мөн Можтаба нь өндөр хэргэмтэй шашны зүтгэлтэн биш бөгөөд захиргааны алба хашдаггүй.

Алиреза Арафи

Зургийн эх сурвалж: Wikimedia

Алиреза Арафи нь олонд танигдаагүй ч төрийн байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай шашны зүтгэлтэн. Тэрбээр мөн Хамэнэй ойрын хүн байсан юм. Алиреза одоо Шинжээчдийн зөвлөлийн дэд даргаар ажиллаж байгаа. Мөн сонгуульд нэр дэвшигчдийг хянаж болон парламентын баталсан хуулиудыг хориглох эрх мэдэлтэй Хамгаалагчдын зөвлөлийн гишүүн байжээ

Мохаммад Мехди Мирбагери

Зургийн эх сурвалж: IranWire

Мохаммад бол Исламын номлолын хатуу шугамын баримтлагч сүсэгтэн. Шинжээчдийн зөвлөлийн гишүүн тэрбээр шашны хүрээний хамгийн консерватив жигүүрийг төлөөлдөг. Бурханд ойртохын тулд дэлхийн хүн амын тал хувь нь үхсэн ч болно гэж тэр саяхан хэлж байжээ.

"IranWire" агентлагийн мэдээлснээр Мохаммад барууны орнуудыг эрс эсэргүүцдэг. Мөн тэр итгэгчид болон үл итгэгчдийн хооронд мөргөлдөөн гарах нь гарцаагүй гэж үздэг байна.

Хассан Хомэйни

Зургийн эх сурвалж: BBC

Хассан бол Исламын Бүгд Найрамдах Улсыг үндэслэгч Аяатолла Рухолла Хомэйнигийн ач хүү юм. Улс орныг үүсгэн байгуулагчийн ач хүү гэх статусаараа тэр сүсэгтнүүдийн дунд нэр хүндтэй. Гэхдээ тэр төрийн албан тушаал хашиж байгаагүй. Мөн Ираны аюулгүй байдлын байгууллага болон эрх баригч элитүүдийн дунд нөлөөлөл багатай. Тэрээр бусад зүтгэлтнүүдтэй харьцуулахад илүү зөөлөн үзэлтэй. 2016 онд Шинжээчдийн зөвлөлд нэр дэвших эрхийг нь хассан нь үүнтэй холбоотой байж магадгүй.

Хашем Хоссейни Бушехри

Зургийн эх сурвалж: Majlis E Ulama E Hind

Бушехри бол залгамжлагчийг тодруулах асуудлыг хариуцдаг Шинжээчдийн зөвлөл нягт холбоотой ахлах шашны зүтгэлтэн. Тэрбээр Шинжээчдийн зөвлөлийн нэгдүгээр дэд даргаар ажилладаг.Түүнийг Хаменеитэй ойр байсан гэдэг олонд төдийлөн танигдаагүй юм. Мөн Исламын хувьсгалт гвардийн корпустай (IRGC) дахь холбоо сүлбээ бага аж.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монгол дахь америкийн элчинг дуудаж загнаач. Иранд халдан довтолж буй Америкийн цэргийг дайнаа зогсоохгүй бол Монголд байгаа америкийн элчин сайдын яамыг хаах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button