Гадаад мэдээДЭЛХИЙ

Нобелын шагналт зохиолч Хан Ган: Амьдралд өвдөлт ч бас тэр хэмжээгээр оршдог

Өнөөдөр /2026.03.21/ Дэлхийн яруу найргийн өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Нобелийн утга зохиолын шагналт яруу найрагч, зохиолч Хан Ган Өмнөд Солонгосын зохиолч Крис Ли-тэй Electric Literature-д ярилцсаныг орчуулан хүргэж байна.

Крис Ли: Таны бичсэн "Цагаан ном"-ын бүтэц сэдвийн тэнцвэр алдагдаагүйгээс гадна хоорондоо ч гайхалтай зохицсон, зохиолчийн хувьд тун сонирхолтой аялал байлаа. Зохиолыг бичиж эхлэхдээ ямар хэв маягаар бичихээ бодсон байсан уу эсвэл бичиж байх явцдаа шийдсэн үү. Эсвэл бүр төрөл жанрын зааг ялгааг арилгахыг зорив уу?

Хан Ган: Уг нь энэ номыг эхэндээ жижиг, жижиг хэсгүүдээс бүрдсэн бүтээл болгохоор бодож байв. Эхлээд цагаан өнгөтэй зүйлсийн жагсаалт гаргаад, тус бүрд нь гарчиг өгч, богино өгүүллэгүүд шиг бичиж эхэлсэн. Гэтэл зарим нь хэдэн хуудас дамнаж, зарим нь харин хэдхэн мөр. Үр дүнд нь яруу найраг, хүүрнэл зохиол хоёрын зааг дээрх бүтээл болчихсон.

Би уянгын эсээнүүдэд их дуртай. Гэхдээ энэ номыг бичихдээ эсээ, яруу найраг хоёрыг хослуулсан зохиол бичье гэж төлөвлөөгүй. Зүгээр л цагаан зүйлсийн тухай бичихийг хүссэн. Харин дараа нь ийм холимог хэлбэр миний хүссэн зүйлийг илэрхийлэхэд хамгийн тохиромжтойг ойлгосон юм. Би ном бичихдээ ихэвчлэн ямар нэг санаа эсвэл мэдрэмжээс эхлэх нь бий. Гэхдээ бүтэц нь ямар байхыг олсныхоо дараа л сая би жинхэнэ утгаар нь бичиж эхэлдэг. "Цагаан ном"-ын тухайд хүүхдийн өлгийн цагаан даавуунаас эхлээд гашуудлын хувцас хүртэл буюу амьдралаас үхэл рүү шилжих хүртэлх тэр бүхнийг бичихийг хүссэн. Би Польшид уран бүтээлийн хөтөлбөрт оролцож байхдаа “Цагаан ном”ыг бичиж эхэлсэн юм. Тэр үед, тэнд байхад нэг зүйл тодорхой болсон нь би зохиолынхоо хүүрнэгчтэй холбогдсон маань. Номын эхний хэсэгт би түүнийг төсөөлж, оршихуйг нь дуудаж байсан бол хоёрдугаар хэсэгт тэр надаар дамжин оршин буйг ойлгосон. Харин гуравдугаар хэсэгт бид салдаг. Учир нь бид зэрэгцэн орших боломжгүй байсан учраас тэр. Нэг нь амьдрахын тулд нөгөө нь үхэх ёстой шүү дээ.

Номын бүтэц ингэж л үүссэн. Би эх бичвэрээ явуулахад редактор маань "Энийг ямар жанрын ном гэж үзэх вэ?" хэмээн асуусан. Яруу найраг, роман, бас эсээний холимог байсан болохоор "Зүгээр л ном гэе" гэж би хэлсэн юм. Гэвч номын дэлгүүрт тавихын тулд заавал төрөл өгөх хэрэгтэй болсон. Тэгээд их удаан бодсоны эцэст роман гэж шийдсэн. Одоо бодоход энэ үнэхээр л роман байв.

Крис Ли: Өрнө хийгээд Дорнын соёлд цагаан өнгө олон утгатай. Та эдгээр утгыг өөрийн бүтээлдээ хэрхэн шингээсэн бэ?

Хан Ган: Би цагаан өнгөнд үргэлж л татагддаг. Язгуур өнгө юм шиг санагддаг. Яг л давс шиг. Гэрлийг өнгөөр илэрхийлбэл цагаан л байх болов уу. Солонгос ёсонд дөнгөж мэндэлсэн хүүхдийг цагаан өлгийд өлгийддөг. Гэхдээ цагаан бол бас гашуудлын ч өнгө. Яг үнэндээ өнгө биш ч юм шиг санагдах нь бий. Магад амьдрал, үхэл хоёрын дундах өнгө байх. Солонгос хэлэнд 횐 (хүин) бас 하얀 (хаяан) гэдэг үг хоёул цагаан гэсэн утгатай. Гэхдээ хэяан цэвэр ариун, гэрэл гэгээг илэрхийлж хүин нь илүү харанхуй, гуниг, үхэл гэх утгыг агуулдаг талтай.

Би хорвоод мэндлээд төдөлгүй л биднийг орхин одсон эгчийнхээ тухай бодох үед энэ ном яагаад ч юм эгчид минь л зориулагдах ёстойг ойлгосон. Хүүхдийн хувцасны тухай бичиж эхлэхэд, төгсгөлд нь гашуудлын хувцсыг бодоход ч энэ бүхэн хоорондоо нэг зангилаагаар холбогддог.

Крис Ли: Энэ номыг уншиж байхад таны аялаж байсан олон газрын байгаль, орчин зэргээс тодорхой хэсгүүд нь зохиолд туссан юм шиг санагдсан. Газар орон, орон зай таны бичлэгт хэр нөлөөлдөг бол?

Хан Ган: Аав ээж хоёр маань гар гартаа нэг нэг чемодан бариад Гвансан руу нүүж, амьдралаа эхлүүлсэн тухай багад минь их ярина. Яг юу болсныг мэдэхгүй ч тэдний туулсан үхэл хагацал, шаналалын талаар би үргэлж л боддог байв. Аав ээж хоёр минь хамтдаа ихийг туулж, бие биеэ хайрласан тэр газрыг зохиолдоо тусгаж өгсөн. Варшавт байхдаа би хотын түүхийг сайн мэддэггүй байсан юм.

Нэг удаа бослогын музейд Варшавын сүйрлийн тухай кино үзэхдээ нуранги болчихсон хотыг хараад маш их цочирдож билээ. Варшавыг цасанд хучигдсан хот л гэж төсөөлдөг байсан. Гэтэл сая л ахлаж явсан гудамжууд нэгэн цагт бүгд сүйрч, дахин сэргэснийг ухаарахад хачин жигтэй мэдрэмж төрсөн. Тэр үед би дахин амилсан эгчийгээ нурангиас дахин сэргэсэн хотоор алхаж байна гэж төсөөлөн бодсон хэрэг. Тэгээд түүний нүдээр хотыг харахаар шийдсэн.

Зургийн эх сурвалж: World Literature Today

Крис Ли: Яг тэр мөчид танд хүнд байсан уу?

Хан Ган: Үгүй ээ, хүнд хэцүү байгаагүй. Хотыг түүний нүдээр харахаар шийдсэн тэр мөчөөс эхлээд надад бүх зүйл өөрөөр үзэгдсэн. Би түүний гэм зэмгүй, ариун нүдээр хорвоог харж байсан. Тэр энэ хорвоог орхихдоо шархалж, гомдоогүй учраас тэр байх. Түүний мэдэрсэн цор ганц зүйл нь магадгүй ээжийн минь "битгий үхээч, гуйя" гэх шивнэнгүй үгс байсан болов уу. Тиймээс түүнийг Варшавын гудмаар алхаж байна гэж төсөөлөхөд бүх зүйл цэвэр тунгалаг харагдсан.

Би түүнд сайн сайхан зүйлс харуулахыг хүсэж, сайн зүйл бодохыг хичээсэн. Тиймээс огт гуниглаагүй. Харин ч тайвширч, ганцаардал минь хумигдчих шиг болсон. Би сүнс болсон мэт учир нь тэр өөрөө миний нэг хэсэг, би юм шиг. Юу ч гэмээр юм, эгчдээ өөрийн харахуй, мэдрэхүйгээ өгчихсөн мэт, бид зэрэгцэн оршиж байгаа юм шиг санагдсан.

Крис Ли: Таны бүтээлд гоо сайхан хийгээд шаналал хоёр үргэлж хамт оршиж байдаг. Шаналал, үхэл, сүйрэл түүнээс дахин төрөх тэр мөчлөгүүд бүхэлдээ л нэвт шингэсэн нь бий. Анзааран харвал тэнд зовлон шаналал, аль эсвэл аз жаргал, гоо сайхан гээд аль нь ч дангаар байдаггүй. Хамаарал нь үнэхээр сонирхол татам?

Хан Ган: "Цагаан ном"-ын өнгөц агуулгын цаана өөр нэг шаналал нуугдаж байдаг. Үнэндээ би энэ номыг амьдралынхаа хүндхэн үед бичиж эхлүүлсэн. "Хүний үйл хэрэг" номыг бичсэний дараах тэр хүнд ачааллаас хараахан бүрэн ангижраагүй байсан болохоор тэр бүх шаналал энэ номд шингэсэн байх.

Миний амьдарч байсан Варшав хот нэгэн цагт сүйрч, түрэмгийллийг туулсны дараа цаг хугацааны явцад тэр л хоосон зай бүр дээр байшингууд сүндэрлэн боссон байна. Энэ хотын мөн чанар нь ийм байв. Ийш ирж буй номын хүүрнэгч ч мөн адил тийм ижил нөхцлөөс өндийснөөрөө хот, хүүрнэгч хоёрын дунд төсөөтэй тал ихээхэн бий. Тиймээс зохиолд энэ хорвоод ирэх, халих, дахин төрөх бүгд зэрэгцэн оршдгийн учир би "хэяан" биш "хүин" гэдэг үгийг сонгосон хэрэг.

Крис Ли: Номд бас гоо сайхан, аз жаргалыг хослуулсан өнгө аяс бий. Энэ нь бидний сэтгэлийг ариусгадаг тэр аз жаргалын "цагаан"-ны нэг хэсэг мөн үү?

Хан Ган: Аз жаргал гэж юу болохыг одоо хүртэл би сайн мэдэхгүй байна. Аз жаргалыг хэмжих арга надад байдаггүй мэт санагддаг. Хүнийг хараад л аз жаргалгүй, аз жаргалтай гэж боддоггүй. Харин тэр хүний сэтгэлийн төлөв нь өөрөө ариун цагаан уу, эсвэл харанхуй юу цаашлаад илүү гүн рүү нь ухаж боддог. Би багадаа өөрөөсөө би яагаад төрсөн юм бол, бид яагаад шаналдаг вэ, яагаад үхдэг вэ, ертөнц яагаад ийм гайхалтай оршихуйтай байдаг вэ гэж асуудаг, боддог байлаа. Гоо сайхны тухай бодол, ойлголт надад агшин бүрт, тасралтгүй гайхшрал төрүүлдэг. Гэхдээ амьдралд өвдөлт ч бас тэр хэмжээгээр оршдог.

Би амьдрал, ертөнц, хүмүүсийг ийн ойлгохыг оролддог. Энэ нь магадгүй багаасаа шүлэг бичсэнтэй холбоотой байх. Гэрэл ба харанхуй, өвдөлт ба энэрэл дотор тоолж баршгүй олон мэдрэмж оршдог. Гэхдээ тэдгээрийг аз жаргал гэж хэмжих аргагүй. Хүмүүсийн гаргаж буй зөв шийдвэр, сайн үйлдлээс би сайхныг хардаг. Хүмүүсийг би ийм байдлаар нь шүүх гэсэндээ биш, зүгээр л тийм үзэсгэлэнтэй хормуудыг хараад гайхширдаг. Би аз жаргалд төдийлөн итгэдэггүй ч хүмүүсийн тухай байнга боддог. Одоо бичиж буй номын маань маш чухал сэдэв ч энэ. Хүний шаналал, хүчирхийлэл, хайр, гэрэл гэгээ, гоо сайхныг би үргэлжлүүлэн судалсаар л байна. Энэ асуулт амьдралд хандах миний хандлагын талаар ямар нэг зүйл бодогдуулж, сүүлийн хэд хоног л намайг өөрийнхөө дотоод руу гүнзгий өнгийхөд хүргэсэн.

Крис Ли: "Цэвэр, тунгалаг хүйтэн тэр гэрэл түүний оюун санааг нь нэвтлэн бүх дурсамжийг нь ховх сорон арччихсан мэт..." гэж "Цагаан ном"-д гардаг. Энэхүү арчигдах мэдрэмж "Хүний үйл хэрэг" номыг бас санагдуулсан. Түүхийг ингэж хүүрнэгчийн ой санамжаас арчиж, цэвэрлэж болно гэж үү?

Хан Ган: Зохиолд гарч буй цэвэрлэгээ гэдэг нь миний хувьд орхих ёстой, орхих нь зөв зүйлсийг сэтгэлээсээ суллаж, оюун санаагаа чөлөөлж, тавьж явуулах тухай. Гэхдээ гашуудал маш чухал гэж би боддог. Тэгэхээр энэ утгаараа “Цагаан ном” нь гашуудлын тухай ном. "Хүний үйлс" ном ч мөн адил. Харин түүхийг ингэж арчиж, цэвэрлэж болохгүй. Польшид байхдаа түүхийн эмгэнэлт явдлыг хөшөө дурсгалаар мөнхөлж, олон нийтэд ил тод харуулж байгаа нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Харин Өмнөд Солонгост эсрэгээрээ.

Хуучныг шинээр сольж, дурсгалын хөшөө, байгууламжуудыг хүний нүднээс далд байршуулах нь олон. Гэтэл энэ чинь хотын төвд, хүн бүрийн харж, санаж байхаар газар байх ёстой юм. Өнгөрсөн 3-р сард /2023 он/ "Бид салах ёс гүйцэтгээгүй" нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгийн перформанс хийсэн. Энэ нь Кванжү, Чэжү аралд болсон эмгэнэлт явдлуудтай холбоотой бөгөөд, Сөүлийн төвд, хүмүүсийн дунд толилуулахыг хүссэн ч харамсалтай нь бүтээгүй. Бид түүхээ эргэн санаж, дахин дахин гашуудах ёстой. Түүхийг арчих боломжгүй.

Крис Ли: Эцэст нь, танд хэлэх үгс, хуваалцах бодлууд юу сан билээ?

Хан Ган: Эгч минь хорвоод мэндлээд удалгүй нас барсан болохоор нэрлүүлж чадаагүй юм. Харин би энэ зохиолдоо түүнд Соль Ён буюу Цасны цэцэг гэж нэр өгсөн. Зохиолч Пак Тэ Вон охиндоо энэ нэрийг өгсөн гэж би тухайн үед сонсож байсан юм. "Цагаан ном"-ыг бичихдээ эгчийгээ амьд сэрүүнээр зохиолынхоо дүр болгосон бөгөөд эгчдээ өөрийн биеийг түр өгөх магадгүй зээлдүүлсэн тэр үе минь наминчлал байсан юм болов уу гэж боддог.

Санаанд минь тодхон үлдсэн нь, их л алхдаг байлаа. Польш хэл огт мэдэхгүй учраас миний дотор зөвхөн эх хэл минь л оршино. Гудмаар алхах хүмүүсийн чанга яриа хаа сайгүй ч хачин нам гүм орчинд байгаа мэт л санагддаг байж билээ. Яг л арал дээр ганцаар буй ч юм шиг.

Өдөр бүр цагаан өнгөний тухай, бичиж буй номынхоо тухай, эгчийнхээ талаар эргэцүүлэн алхах зуураа тэмдэглэл хөтөлдөг байлаа. Автобусанд явахдаа, алхаж байгаад гэрлэн дохио дээр зогсохдоо ч бас хэдэн мөр бичнэ. Орой нь гэртээ ирээд ч бичнэ. Тэнд дөрвөн сарыг өнгөрүүлэхдээ би цав цагаан хотод амьдарч байгаа мэт, тэр үеийн бүх л үйл явц, ер нь "Цагаан ном"-ыг бичсэн тэр цаг хугацаа бүхэлдээ залбирал байсан гэж л бодогддог.

Б.БУЯНДОРЖ

Ц.ТАМИР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

энэ ярилцлагыг олон хүн уншаасай

Зочин
Зочин

үнэхээр гүн утгатай ярилцлага байна амьдрал дан ганц аз жаргал биш гэдгийг гоё хэлжээ

Зочин
Зочин

өвдөлт бас амьдралын нэг хэсэг гэдгийг ингэж ойлгуулж чаддаг зохиолч ховор шүү

Зочин
Зочин

цагаан өнгийг ингэж олон талаас харуулсан нь их сонирхолтой санагдлаа

Зочин
Зочин

уншиж байхад их тайван бас гунигтай мэдрэмж зэрэг төрлөө

Зочин
Зочин

амьдралын утгыг их өөр өнцгөөс хардаг хүн юм байна

Зочин
Зочин

энэ ярилцлагаас их юм бодогдлоо үнэхээр

Зочин
Зочин

номыг нь уншмаар санагдчихлаа

Зочин
Зочин

uneheer gun utgatai yariltslaga bn hunii setgel ruu ortol bichdeg ym bn

Зочин
Зочин

nomiig ni avj unshmaar sanagdlaa uneheer

Зочин
Зочин

gunii dund bas goo saihan bdg gedgiig medruuljee

Зочин
Зочин

амьдралын үнэн талыг их гоё илэрхийлжээ

Холбоотой мэдээ

Back to top button