Гадаад мэдээДЭЛХИЙ

“Meta” хүүхдийн мөлжлөгийн тухай хууль зөрчсөн тул 375 сая ам.долларын торгууль ногдуулжээ

АНУ-ын Нью Мексико дүүргийн шүүх мягмар гарагт /2026.03.24/ шийдвэр гаргахдаа “Meta” компани хүүхдийн мөлжлөгийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж 375 сая ам.долларын торгууль ногдуулжээ. Тус заргыг Нью Мексико мужийн Ерөнхий прокурор Раул Торрез үүсгэж, “Meta” компани сошиал платформууд дээрээ хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаагүй гэж буруутгасан юм.

Раул хуурамч хаяг нээн 13 настай охины дүр эсгэхэд хүүхэд хүчирхийлэгчид түүн рүү ёс бус зураг, мессеж илгээж байсан тул 2023 оны тавдугаар сард “Meta”-г шүүхэд өгсөн байна. Шүүх шийдвэрээ гаргасны дараа Раул “Meta компани ашиг орлогоо хүүхдийн аюулгүй байдлын өмнө тавьсны горыг амссан хүүхэд болон гэр бүлүүдийн хувьд түүхэн ялалт байлаа. Шүүхээс оноосон өндөр дүнтэй төлбөр нь хэн ч хуулиас дээр оршдоггүй гэдгийг технологийн томоохон компаниудын захирлуудад харуулах байх” гэжээ.

Шүүх хурлын хоёр дахь шат тавдугаар сард болно. Тус хурлаар “Meta”-д нэмж торгууль оноож, платформууддаа өөрчлөлт оруулахыг тушаахыг шүүхээс хүснэ гэж Раул мэдэгдсэн байна. “Meta” компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ “Шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул давж заалдана. Бид платформ дээрээ хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд шаргуу ажилладаг” хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button