Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп нэгэн сэтгүүлчийг шоронд хорино гэж заналхийлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2026.04.06/ хэлэхдээ, Иранд сураггүй болсон нисгэгчийг аварсан тухай анх мэдээлсэн сэтгүүлчээс мэдээллээ хэрхэн авснаа хэлэхийг шаардана гэжээ. Хэрэв татгалзвал шоронд хорих болно гэж тэр заналхийлсэн байна.

Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурал дээр Трамп ингэж хэлсэн нь түүний хэвлэлүүд рүү хийх дайралт хурцадсаныг харууллаа. Сүүлийн долоо хоногуудад тэр Иран дайны талаарх мэдээлэл хэтэрхий сөрөг байна гэж туслахууддаа гомдоллох болсон. Мөн Трамп болон түүний албан тушаалтнууд зарим хэвлэлийг олон нийтийн өмнө шүүмжилж ирсэн билээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2026.04.03/ Ираны зэвсэгт хүчин АНУ-ын хоёр сөнөөгч онгоцыг буудаж унагаасан. Уг явдлын дараа АНУ-ын хэд хэдэн хэвлэл сураггүй болсон хоёр нисгэгчийн нэгийг амжилттай аварсан тухай мэдээлсэн юм.

Трамп хэлэхдээ, энэ мэдээллийг задруулсан нь хоёр дахь нисгэгчийг аврах ажиллагааны аюулгүй байдалд заналхийлсэн гэжээ. АНУ сураггүй болсон сүүлийн  нисгэгчийг амжилттай аварч чадсан билээ. Трамп "Эхний нисгэгчийн олсон талаар нэг цагийн турш юу ч яриагүй. Дараа нь хэн нэгэн мэдээлэл задруулсан. Тэр хүнийг олох болно гэж найдаж байгаа. Мэдээлэл задруулсан хүнийг маш эрчимтэй хайж байна" гэжээ.

АНУ-ын алдсан онгоцнуудын нэг нь F15E загварын сөнөөгч байсан юм. F15E загварын онгоцны зураг. Эх сурвалж: SCMP

Тэрбээр нэмж хэлэхдээ "Энэ талаар мэдээлсэн хэвлэл дээр очоод 'Үндэсний аюулгүй байдлын асуудал, хүссэн мэдээлэл өг эсвэл шоронд суу' гэж хэлнэ" хэмээсэн байна.

Трамп яг аль хэвлэл болон сэтгүүлчийн талаар ярьсан нь тодорхойгүй байгаа юм. “The New York Times”, “CBS News”, “Axios” зэрэг хэд хэдэн хэвлэл богино хугацааны дотор эхний нисгэгчийг аварсан талаар мэдээлсэн. Трамп аль сэтгүүлчийг заналхийлсэн талаар Цагаан ордон мэдээлэл өгөөгүй юм.

АНУ-ын Харилцаа холбооны хорооны дарга Брендан Карр өнгөрсөн сард сошиал орчинд бичихдээ, хуурамч мэдээ гаргадаг хэвлэлүүдийг заналхийлсэн. Хэвлэлүүд тусгай зөвшөөрлөө сунгуулахаасаа өмнө боломж буруу арга барилаа засах боломжтой байна гэж тэр бичжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button