Ирантай хоёр долоо хоног гал зогсооно гэж Трамп зарлалаа
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ирантай хоёр долоо хоногийн турш гал зогсоохоор тохиролцсон гэж зарлажээ. Тэр Техранд Ормузын хоолойг нээ гэж өгсөн хугацаа нь дуусахаас хоёр цаг орчмын өмнө энэ мэдэгдлээ гаргасан байна. Гал зогсоох тохиролцоонд Ливан мөн орж буй.
Хэрэв Иран Ормузын хоолойг заасан хугацаад нь нээхгүй бол цахилгаан станц, гүүрнүүдэд нь хүчтэй цохилт өгнө гэж Трамп сүрдүүлж байсан. Шаардлагыг нь биелүүлэхгүй бол бүхэл бүтэн иргэншил мөхөх болно хэмээн сүртэй анхааруулга хүртэл гаргасан бол эцсийн мөчид гал зогсоох боллоо. Эх сурвалжуудын мэдээлснээр Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху гал зогсоохгүй байхыг Трампт анхааруулж байсан юм. АНУ-ын Үндэсний терроризмын эсрэг төвийн дарга Жо Кент өнгөрсөн сард дайныг эсэргүүцэн ажлаа гэнэт өгөхдөө Израилын төлөө АНУ уг дайныг эхлүүлсэн гэж мэдэгдсэн байдаг.
Иран мэдэгдсэнээр АНУ-тай хийх хэлэлцээ баасан гарагт /2026.04.10/ Пакистаны Исламабад хотод эхлэх товтой байна. Мөн тус улс гал зогсоох хугацаанд хөлөг онгоцнууд зэвсэгт хүчинтэй нь хамтран ажиллабал Ормузын хоолойгоор аюулгүй өнгөрүүлнэ гэж мэдэгдсэн юм. АНУ нүүр тулж хэлэлцэх болсон талаар албан ёсоор батлан мэдэгдээгүй ч асуудлыг хэлэлцэж байгаа гэсэн байна.
Трамп мэдэгдсэнээр Иран арван заалт бүхий санал илгээсэн аж. Энэ санал нь хэлэлцээ хийхэд тохиромжтой суурь гэж үзэж буйгаа Трамп илэрхийлж хоёр долоо хоногийн дотор эцсийн тохиролцоонд хүрч, гэрээ байгуулна гэж найдаж байна хэмээжээ.
Ираны төрийн өмчит телевиз Трамп Ираны нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж мэдээлсэн байна. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд ичгүүртэй ухралт гэж тус телевиз тодорхойлжээ.
Трамп мэдэгдэл гаргасны дараа АНУ-ын хөрөнгийн зах зээл дээр хувьцааны үнэ өсөж эхэллээ. Мөн газрын тосны үнэ огцом буурч, АНУ-ын боловсруулаагүй тосны үнэ 13.77 хувиар унаж, нэг баррель нь 97 ам.доллар орчим болсон байна. Харин Брент маркийн газрын тосны үнэ 12.7 хувиар буурч, баррель нь 95 ам.долларт хүрэв.
Гал зогсоох болсон талаарх мэдээлэл гарснаас хэдхэн минутын дараа Иранаас пуужин харвасан гэж Израил мэдэгджээ. Мөн Кувейт, Бахрейн, Саудын Араб, АНЭУ зэрэг Персийн булангийн орнууд нэгэн зэрэг түгшүүр зарлаж, агаарын довтолгооноос хамгаалах системээ ажиллууллаа.
Трамп гал зогсоох мэдэгдэл гаргахаасаа хэдхэн цагийн өмнө тэс өөр байр суурь илэрхийлж байсан. Хэрэв Иран шаардлагыг нь биелүүлэхгүй бол "Өнөө шөнө бүхэл бүтэн иргэншил мөхөх болно" гэж тэр сүрдүүлсэн билээ. Энэ сүрдүүлэг нь дэлхийн удирдагчдыг сандаргаж, олон улсаас хүчтэй шүүмжлэлд өртсөн билээ.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
түр ч гэсэн гал зогсоно гэдэг сайн мэдээ байна
2 долоо хоног гэдэг богино хугацаа ч гэлээ эхлэл байж магадгүй
ene uneheer boditoi tohirolt uu esvel tur zuur yum uu
дайныг яриагаар шийдвэл л хамгийн зөв
ene hoer doloo honogt ih zuil shiideg baih daa
үнэхээр гал зогсож чадвал олон хүнд амсхийх боломж болно
uls turiin daramt ih bgaa ni haragdaj bn
түр гал зогсоохоос илүү урт хугацааны шийдэл хэрэгтэй
ene bol zugeer l hugatsaa hojih arga bish baigaasai
2 doloo honog dotor geree hiij chadah uu l gej bodogdoj bn
түр намжих нь ч гэсэн хүмүүсийн хувьд том боломж
ulsuud hoorondoo ingej l oilgoltsvol sain daa
хэлэлцээ амжилттай болоосой л гэж хүсэж байна
ene baidal dahin hurtsadval bur hetsuu bolno