Гадаад мэдээДЭЛХИЙ

Гал зогсоох тохиролцоо дуусах гэж байхад АНУ, Иран хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байна

АНУ, Иран нарын гал зогсоох тохиролцоо удахгүй дуусна. Гэвч хоёр тал хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байна. Үүнээс гадна тохиролцоо яг хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа юм. Трамп дөрөвдүгээр сарын 7-нд хоёр долоо хоног гал зогсооно гэж зарласан. АНУ, Иран хооронд хэлэлцээ зуучилж буй Пакистан мэдэгдсэнээр лхагва гарагт /2026.04.22/ зүүний цагаар 20:00 минутад дуусах аж. Энэ нь Улаанбаатарын цагаар пүрэв гарагийн 01:00 цаг юм.

Ираны хувьд АНУ гал зогсоох тохиролцоог хэд хэдэн удаа зөрчсөн тул хэлэлцэхгүй гэх байр суурь илэрхийлж байсан. Тэгвэл Ираны нэгэн өндөр албан тушаалтан даваа гарагт /2026.04.20/ “Reuters” агентлагт хэлэхдээ Иран энхийн хэлэлцээнд оролцох талаар авч үзэж байгаа гэжээ.

Гэхдээ Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи хэлэхдээ, хэлэлцээнд оролцох шийдвэр гаргаагүй хэмээсэн юм. Түүний тайлбарласнаар АНУ олон дахин давтаж гал зогсоох тохиролцоог зөрчиж буй нь дипломат арга хэмжээнд томоохон саад болж байгаа аж. Харин Ираны парламентын спикер Мохаммад Бакер Калибаф АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг гал зогсоох тохиролцоог зөрчиж, Техранд үзүүлж буй дарамтаа нэмэгдүүлж байна гэж буруутгасан байна.

Өнгөрсөн долоо хоногт Израил, Ливан нар арван хоног гал зогсоосны дараа Ормузын хоолойг түр хугацаанд нээж байна гэж Иран мэдэгдсэн. Гэвч хэсэг хугацааны дараа хоолойг буцаагаад хаасан юм. Ираны хэлж буйгаар АНУ Техрантай холбоотой хөлгүүдийн хөдөлгөөнийг хязгаарласаар байсан тул Ормузын хоолойг тэд буцаад хаажээ. Мөн ням гарагт АНУ-ын тэнгисийн хүчин Ираны хөлөг рүү гал нээж хураан авсан. Уг явдал нөхцөл байдлыг улам хурцатгасан юм.

Эх сурвалжууд мэдээлснээр хэлэлцээг зуучилж буй Пакистаны маршал Асим Мунир хөдөлгөөн хязгаарлаж буй нь хэлэлцээнд саад болж байна хэмээн Трампт тайлбарлаж, хязгаарлалтаа зогсоохыг уриалсан байна. Гэвч Цагаан ордон мэдэгдэл хийхдээ Асим Трампт юу ч уриалж хэлээгүй гэсэн юм. Трамп даваа гарагт мэдэгдэл хийхдээ Техрантай тохиролцоонд хүрэх хүртэл хөлгүүдийн хөдөлгөөнийг хязгаарласаар байх болно хэмээжээ.

Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан мэдэгдэл хийхдээ “АНУ-ын албан тушаалтнууд зөрчилдөөнтэй мэдээлэл өгч буйн ард гашуун үнэн бий. Тэд Ираныг бууж өгөхийг харах зорилготой. Гэхдээ иранчууд хүчирхийлэлд бууж өгөхгүй” гэсэн юм.

АНУ, Иран хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байгаа бол Брент маркийн газрын тосны үнэ 0.5 хувиар буурч баррель нь 95 ам.доллароор арилжиж байна. Энэ нь дайны өмнөх үетэй харьцуулахад 28 хувиар өндөр үнэ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button