Тодруулга: Хүсэлт гаргасан өдөр, ажилд орсон эсэхээс шалтгаалж ялгаатай гүйлгээ хийгдсэн
Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн хүрээнд 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эх, эцэгт сар бүр ₮50.000 тэтгэмж олгодог. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас баталсан хуваарийн дагуу тус тэтгэмжийг өчигдөрөөс шилжүүлж эхэлсэн.
Тэгвэл тус тэтгэмж 33,000₮, 16,667₮, 4,128₮ 1,667₮ гэх мэт дүнтэй буюу харилцан адилгүй, зохих үнийн дүнгээс бага шилжиж буй нь эцэг эхчүүдийн дургүйцлийг хүргэж байгаа юм. Энэ талаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тодруулахад " Өнгөрсөн гуравдугаар сарын 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эх, эцэгт олгох ₮50 мянгын тэтгэмжийг өчигдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн. Тус тэтгэмжийг авах хүсэлт гаргасан өдөр болон ажилд орсон өдрөөс нь шалтгаалж ялгаатай гүйлгээ хийгдсэн. Хүүхэд нь 0-3 настай байхад тухайн ээж ажилдаа орж нийгмийн даатгал төлж эхэлсэн бол ₮50 мянгын тэтгэмжийг зогсоодог. Мөн гуравдугаар сар гарсны дараа хүсэлт гаргасан иргэдийн мөнгө өдрөөсөө шалтгаалж ялгаатай олгогдож байгаа" гэлээ.
Дашрамд дурдахад, 2025 оны 12-р сарын байдлаар 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид өссөн дүнгээр 158.7 мянган эх хамрагдаж, нийгмийн халамжийн сангаас 67.0 тэрбум төгрөгийн тэтгэмжийг олгоод буй юм.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.