Блэйк Лайвли Жастин Балдонигаас төлбөр нэхэмжилж байгаа учир маргаан дуусаагүй гэжээ
Жүжигчин Жастин Балдонигийн продакшны эсрэг үүсгэсэн заргаа шүүхээс гадуур тохиролцсон Блэйк Лайвли төлбөр нэхэмжилж байгаа тул маргаан дуусаагүй гэж түүний өмгөөлөгч нар пүрэв гарагт /2026.05.07/ мэдэгджээ. Тодруулбал Блэйкийн өмгөөлөгч нар болох Майкл Готтлиеб, Эсра Хадсон нар Жастин болон түүний “Wayfarer Studios” компанийг өмгөөлөгчийн зардал, нэр хүндэд халдсан хэмээн сөрж зарга мэдүүлснийхээ төлөө нөхөн төлбөр төлөхийг шаардсан байна.
Тэдний шүүх рүү бичсэн захидалд “Маргаанаас ялсан тал учир хатагтай Лайвли өмгөөлөгч нарынхаа төлбөр, зардлыг гаргуулахаас гадна нөхөн төлбөрийг гурав дахин нугалж авах ёстой” гэжээ.
“It Ends With Us” кинонд хамт тоглосон Жастинийг Блэйк 2024 онд бэлгийн дарамт үзүүлж, хортой ажлын орчин бүрдүүлсэн хэмээн буруутган шүүхэд өгснөөр энэ маргаан эхэлсэн юм. Дээрээс нь Жастины продакшны компани болох “Wayfarer Studio”-д энэ талаар санаа зовж буйгаа мэдэгдэхэд түүний эсрэг арга хэмжээ авсан гэж Блэйк гомдол гаргасан билээ.
Хариуд нь Жастин Блэйк болон түүний нөхөр Райан Рейнолдсоос 400 сая ам.доллар нэхэмжлэн шүүхэд өгсөн юм. Блэйк болон Райан “It Ends With Us” киног хяналтдаа авч, нэр хүндийг нь гутаах гэж оролдсон гэж Жастин гомдол мэдүүлсэн. Мөн “New York Times”-ыг “Бид хэнийг ч дарж чадна: Холливудын нэр хүнд гутаах машин дотор” гарчигтай нийтлэл оруулсных нь төлөө 250 сая ам.доллар нэхэмжилж шүүхэд өгсөн юм.
2025 оны зургаадугаар сард Блэйк Жастиныг сэтгэл санааны хямралд хүргэсэн гэж буруутгасан хоёр зүйлийг шүүх хэрэгсэхгүй болгосон. Үүнээс хэдэн өдрийн дараа АНУ-ын дүүргийн шүүгч Льюис Лиман Жастины нэхэмжлэлийг хэрэгсэхгүй гэж үзсэн юм. Энэ жилийн дөрөвдүгээр сард шүүгч Льюис Блэйкийн гомдол мэдүүлсэн 13 зүйл ангийн 10-ыг нь хэрэгсэхгүй гэх шийдвэр гаргасан билээ. Үүнд бэлгийн дарамт үзүүлсэн гэх зүйл багтсан.
“It Ends With Us” кинотой холбоотой энэхүү дуулиант хэрэг анх дэгдэхэд Блэйк Жастин руу сээтэгнэсэн маягтай бичсэн мессежнүүд ил болсон. Тухайлбал Блэйк түүн рүү "Хэрвээ чи надтай биечлэн уулзаж, илүү удаан хугацаанд мэддэг байсан бол миний тоглоом шоглоом хэр зэрэг сээтэгнүүр, сонирхолтой байдгийг ойлгох байсан байх. Энэ бол миний хайраа илэрхийлдэг хэл юм. Халуухан, тоглоом шоглоомтой бас зоригтой. Гэхдээ бас шүд хүргэж байгаа юм шиг өвтгөхгүй" гэж бичсэн юм.
Тэгвэл Блэйкийн өмгөөлөгч нар “Шүүхээс гадуур тохиролцохоор зөвшөөрч, давж заалдах эрхээсээ татгалзсанаар Жастин Балдони болон бусад шүүгдэгч хатагтай Лайвлиг дуугүй болгон, айлган сүрдүүлэхийн тулд хууль зүйн тогтолцоог урвуулан ашигласан хэргээр хариулцлага хүлээх ёстой” гэжээ.
Жастины өмгөөлөгч Брайан Фридман үүний хариуд мэдэгдэл хийхдээ, Блэйк ялагдана гэдгээ мэдэж байсан тул шүүхээс гадуур тохиролцсон гэжээ. Мөн тэр “Одоо үлдсэн зүйл бол есдүгээр сараас хойш шүүх дээр байгаа маш нарийн төлбөрийн л асуудал” хэмээсэн байна.
Блэйк зарга үүсгэсэн хэр нь хурал эхлэхээс өмнө зарга үүсгэсэн гэдэг утгаараа тэр энэ маргаанд ялагдсан гэж олон хүн үзэж байгаа юм.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.