Зун болоход залуусын тэсэн ядан хүлээдэг "Playtime Festival" долоодугаар сарын 2,3,4-нд Плэйтайм талбарт зохион байгуулагдана. Энэ жилийн наадмын сүүлчийн өдрийн онцлох уран бүтээлчдийг харцгаая.
HYUKOH

HYUKOH нь Өмнөд Солонгосын алдарт инди рок хамтлаг юм. Тус хамтлагийг дуучин, гитарчин О Хёг 2014 онд байгуулжээ. Одоо “HYUKOH” хамтлаг О Хёг, Им Донгон, Им Хёнжэ, И Инү гэсэн дөрвөн гишүүнтэй. Тэд анх 2014 онд “20” нэртэй богино хэмжээний цомгоо гаргаж, Өмнөд Солонгосын инди хөгжмийн ертөнцөд танигдсан байна.
Тус хамтлагийн уран бүтээлүүд нь инди рок, психоделик рок болон альтернатив поп урсгалын элементүүдийг хослуулдгаараа онцлог. Тэд 2015 онд БНСУ-ын алдарт рэппер Таблогийн байгуулсан “HIGHGRND” лэйбелийн анхны артист болж байжээ.
“HYUKOH” 2017 онд гаргасан “23” цомгийн “Tomboy” дуу нь Солонгосын хөгжмийн чартыг тэргүүлж, олон улсын сонсогчдын анхаарлыг татсан юм. Тус хамтлагийг орчин үеийн Азийн инди хөгжмийн хамгийн нөлөө бүхий хамтлагуудын нэг гэж үздэг аж.
Цомгууд:
2014 онд 20 (богино хэмжээний цомог)
2015 онд 22 (богино хэмжээний цомог)
2017 онд 23
2018 онд 24: How to Find True Love and Happinesss
2020 онд Through Love
2023 онд AAA (Sunset Rollercoaster хамтлагтай хамтарсан)
STEREOLAB

“Stereolab” нь Англи-Францын авант-поп болон экспериментал рок хамтлаг юм. Тус хамтлагийг Тим Гэйн болон Лэтиша Садье нар 1990 онд Лондон хотноо байгуулжээ. Одоо "Stereolab" Тим Гэйн, Лэтиша Садье, Энди Рамсэй, Жозеф Уатсон
Тэд анх 1992 онд “Peng!” нэртэй цомгоо гаргасан тухайн үеийн инди хөгжмийн ертөнцөд шинэ урсгал авчирсан байна. “Stereolab” хамтлагийн хөгжимд улс төр, философийн сэдэв хүчтэй тусгагддаг аж.
Тус хамтлаг 1990-ээд онд “Mars Audiac Quintet”, “Emperor Tomato Ketchup”, “Dots and Loops” зэрэг цомгуудаараа асар их нөлөө үзүүлсэн бөгөөд тэднийг пост-рок урсгалын анхдагч хамтлагуудын нэг гэж үздэг юм. “Stereolab” урт хугацааны завсарлагааны дараа 2019 онд эргэн нэгдэж, 2025 онд “Instant Holograms on Metal Film” нэртэй шинэ цомгоо гаргажээ.
Цомгууд:
- 1992 онд Peng!
- 1993 онд Transient Random-Noise Bursts with Announcements
- 1994 онд Mars Audiac Quintet
- 1996 онд Emperor Tomato Ketchup
- 1997 онд Dots and Loops
- 1999 онд Cobra and Phases Group Play Voltage in the Milky Night
- 2001 онд Sound-Dust
- 2004 онд Margerine Eclipse
- 2008 онд Chemical Chords
- 2010 онд Not Music
- 2025 онд Instant Holograms on Metal Film
ХОНХ

“Хонх” хамтлаг нь Монгол Улсад Ардчилсан хувьсгал өрнөх үетэй зэрэгцэн гарж ирсэн поп рок урсгалын домогт хамтлагуудын нэг юм. Ардчиллын өмнөх үеийн залуусын үзэл бодол, хүсэл мөрөөдлийг дуугаараа илэрхийлж чадсанаараа тус хамтлаг Монголын хөгжмийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг.
Тус хамтлагийг сэтгүүлч агсан С.Цогтсайхан үүсгэн байгуулсан юм. 1989 оны есдүгээр сарын 17-нд ахлагч С.Цогтсайхан, дуучин Н.Энхбаяр болон гитарчин Д.Энхболд нар Улсын филармонийн зааланд “Бидний араншин” нэртэй анхны тоглолтоо хийсэн байна. Тус хамтлаг “Хонхны дуу”, “Рашаантын 18”, “Хайр минь билээ чи” гэх мэт дуугаараа алдартай. “Хонх” хамтлаг өмнө нь 2014 онд “Playtime Festival”-д тоглож байжээ.
THE LEMONS

Монголын хөгжмийн салбарын томоохон төлөөлөгчдийн нэг нь “The Lemons” хамтлаг билээ. Тус хамтлаг байгуулагдахаасаа өмнө 2003 онд “Playtime Festival”-д Н.Одбаяр, А.Энхтулга нар “Midnight” хамтлагтай оролцож байжээ. Харин 2004 онд “The Lemons” хамтлагаа байгуулсан юм. Тус хамтлаг бүрэлдэхүүнээрээ анх A Sound хамтлагтай хамт “Playtime Festival”-ийн тайзнаа гарсан гэдэг.
Пост панк болон инди рок урсгалаар уран бүтээл туурвидаг тус хамтлаг. 2006 оны наймдугаар сард “Hi-Fi records” -той гэрээ хийж “Red Album” нэртэй анхны цомгоо гаргасан юм. Тухайн үедээ тэдний уран бүтээл “The Strokes” зэрэг барууны инди рок хамтлагуудтай зүйрлэгдэж байжээ. 2009 онд “The Lemons” хамтлаг “Залуу Ленины Ойролцоо 3 Давхарт” нэртэй хоёр дахь цомгоо гаргаж, уран бүтээлүүддээ пост-панк өнгө аясыг илүү хүчтэй оруулсан аж. Харин 2015 онд гаргасан “III” цомог нь синтезатор болон поп рок өнгө аясыг нэгтгэжээ.
Цомгууд:
- 2006 онд Red Album
- 2009 онд Залуу Лениний ойролцоо 3н давхарт
- 2015 онд III
“Eguur mn” агентлаг “The Lemons” хамтлагийн дуучин Ц.Одбаяр болон тав дахь гишүүн гэж нэрлэгддэг соль гитарчин н.Чинчулуун нартай ярилцаж байсныг доорх холбоосоор орж уншаарай.
HELENA HAUFF

Helena Hauff нь Германы Хамбург хотоос гаралтай DJ, электрон хөгжмийн продюсер юм. Тэрбээр техно, электро, эйсид хаус урсгалаар уран бүтээл гаргадаг. Helena Hauff анх Хамбургийн алдарт Golden Pudel Club-т DJ хийж хөгжмийн ертөнцийн гараагаа эхлүүлжээ. Тэр 2013 онд “Actio Reactio” нэртэй анхны богино хэмжээний цомгоо гаргажээ.
Тэрбээр 2015 онд “Discreet Desires” нэртэй анхны бүрэн хэмжээний цомгоо гаргасан нь “Rolling Stone”-ийн оны шилдэг электрон цомгуудын жагсаалтад багтаж байжээ. Мөн 2017 онд BBC Radio 1-ийн “Essential Mix of the Year” шагналыг хүртсэн анхны эмэгтэй DJ болсон юм
Цомгууд:
- 2015 онд Discreet Desires
- 2018 онд Qualm
- 2013 онд Actio Reactio (богино хэмжээний цомог)
- 2014 онд Return to Disorder (богино хэмжээний цомог)
- 2014 онд Shatter Cone (богино хэмжээний цомог)
- 2017 онд Have You Been There, Have You Seen It (богино хэмжээний цомог)
- 2019 онд Living with Ants (богино хэмжээний цомог)
- 2024 онд Multiply Your Absurdities (богино хэмжээний цомог)
ENJI

Enji буюу Э.Энхжаргал нь нь жааз болон фолк урсгалын дуучин юм. Тэрбээр уламжлалт монгол аялгууг орчин үеийн жааз хөгжимтэй хослуулсан өвөрмөц хэв маягаараа олон улсад танигдсан юм. Тэрбээр Гёте-Институтийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Консерваторид байгуулсан Гёте Хөгжмийн танхимын анхны төгсөгчдийн нэг аж. Мөн Мюнхен хотын Хөгжим, театрын дээд сургуульд Жааз дуулаачийн мастерын сургалтыг дүүргэжээ.
Тэрбээр 2017 онд “Mongolian” нэртэй дебют цомгоо гаргасан юм. Тус цомог нь орчин үеийн жааз болон монгол фолк урсгалыг хослуулсан уран бүтээлүүдтэй. Enji 2025 онд гаргасан “Сонор” цомгийг Их Британийн хамгийн том хэвлэлүүдийн нэг болох “The Guardian” агентлаг 2025 оны шилдэг арван цомгийн нэгээр шалгаруулсан билээ.
Цомгууд:
- 2017 онд Mongolian Song
- 2021 онд Урсгал
- 2023 онд Улаан
- 2025 онд Сонор
DJ STINGRAY 313

“DJ Stingray 313” нь АНУ-ын Детройт хотоос гаралтай электро болон техно DJ юм. Түүнийг Детройтын андеграунд электро хөгжмийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг гэж үздэг байна
“DJ Stingray 313” анх домогт DJ, продюсер Drexciya хамтлагийн Жэймс Стинсонтой хамтран уран бүтээл хийж дебютээ хийжээ. Тэрбээр тайзан дээр нүүрээ бүтэн халхалсан багтай гарч ирдгээрээ алдартай. “DJ Stingray 313” нь Berghain, Dekmantel зэрэг дэлхийн томоохон электрон хөгжмийн фестивалиудад тоглож, орчин үеийн электро хөгжмийн гол төлөөлөгчдийн нэг болсон байна.
Цомгууд:
- 2007 онд Aqua Team
- 2008 онд Aqua Team 2
- 2012 онд F.T.N.W.O
Тасалбар худалдан авах холбоос: https://playtimefestival.com/mn/tickets














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.