Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп: Мягмар гарагт Иранд цохилт өгөх гэж байсныг би хойшлуулсан

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2026.05.18/ мэдэгдэл хийхдээ өнөөдөр /2026.05.19/ Иранд цохилт өгөхөөр бэлтгэж байсныг хойшлуулсан гэжээ. Тодруулбал Катар, Саудын Араб, АНЭУ-ын удирдагчид Иранд өгөх гэж буй цохилтоо хойшлуулахыг хүссэн байна. Трамп цохилтоо хойшлуулсан гэж мэдэгдэл хийхээс өмнө Иран АНУ руу энхийн хэлэлцээ хийх шинэ санал илгээжээ.

Дайны улмаас хөдөлгөөн нь зогссон Ормузын хоолойг буцааж нээх шаардлага өндөр байгаа. Саяхан Трамп Иранд анхааруулга өгөхдөө цаг явсаар байгаа тул хурдан алхам хий гэсэн билээ. Тэрбээр Иранд өнөөдөр /2026.05.19/ өгөх гэж байсан цохилтоо хойшлуулсан ч гэсэн хүлээн авч болохуйц тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд томоохон цохилт өгөхөд бэлтгэнэ гэж өөрийн сошиал хуудас дээрээ бичсэн байна.

Катар, Саудын Араб, АНЭУ-ын удирдагчид Трампт хандахдаа АНУ, Ойрх Дорнод болон бусад орнууд хүлээн зөвшөөрөх тохиролцоонд хүрч чадна гэж хэлжээ. Трамп Иран ямар санал тавьсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.

Ийм мэдэгдэл хийхээсээ өмнө Трамп сэтгүүлч нарт мэдээлэл өгч байхдаа “Хэлэлцэгчид ямар нэгэн шийдэлд хүрч чадах магадлал өндөр байгаа бололтой. Ираныг юу ч үгүй болтол бөмбөгдөхгүйгээр зөвшилцөлд хүрч чадвал сайн л байна” гэж хэлжээ.

Хоёр улсын хооронд Пакистан энхийн хэлэлцээний гол зуучлагчаар ажиллаж байгаа. Өнгөрсөн сард Вашингтон болон Техраны төлөөллүүд Пакистаны нийслэл Исламабадад уулзаж дайныг дуусгах талаар хэлэлцсэн ч тохиролцоонд хүрч чадаагүй. Хоёр тал бие биедээ тавьж буй шаардлага тэс ондоо байгаа юм. Пакистаны нэгэн эх сурвалж “Тэд тавьсан шаардлагаа байнга өөрчилж байна. Гэхдээ тийм юм хийх цаг зав байхгүй” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button