Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Миранда Косгроув: Анхны шүтэн бишрэгчид маань "iCarly"-г хүүхдүүдтэйгээ хамт үзэж байгаа байх гэж бодохоор сэтгэл дулаацдаг

Жүжигчин, дуучин болон продюсер Миранда Косгроув нь 1993 онд Кристина болон Томас Косгроув нарын гэр бүлд төржээ. Мирандаг бага байхад нь ресторанд ширээ тойрон дуулж, бүжиглэж байхыг нь нэгэн агент харж, түүнтэй гэрээ байгуулснаар шоу биз дэх карьер нь эхэлсэн байна. Тэрбээр “McDonalds”, “Burger King”, “Mello Yello” зэрэг брэндүүдийн телевизийн сурталчилгаанд тоглож карьераа эхлүүлсэн юм. Миранда 2003 онд цацагдсан “School of Rock” кинонд хамтлагийн менежерийн дүрд шалгарснаар кино урлагийн ертөнцөд хөл тавьжээ.

Нью-Йорк хотод “School of Rock” киноны зураг авалтад орж байх үед нь түүний туршилтаар оролцсон “Drake & Josh” цувралын эхний анги цацагдах зөвшөөрөл тухай мэдээ нь ирж байсан юм. Тэрбээр “Nickelodeon” сувгийн бусад нэвтрүүлгүүдэд богино хугацаанд дүр бүтээсний дараа “iCarly” цувралд гол дүрд тоглох болсон билээ. 2007 онд цацагдсан “iCarly” цуврал хит болж түүний дуучны карьераа эхлүүлэхэд тусалсан байна. Миранда 2009 онд “MTV”-гийн шинэ поп одоор нэрлэгдэж байсан юм.

Зургийн эх сурвалж: Teen Vogue

Тэрбээр "Sparks Fly" нэртэй цомгоо 2010 онд гаргаж, “Billboard 200” чартын наймдугаар байранд оржээ. Мөн 2009 онд "About You Now", 2011 онд "High Maintenance" гэсэн хоёр богино хэмжээний цомог гаргасан байна.

2010 онд Миранда “Despicable Me” хүүхэлдэйн кинонд дуу оруулж, дуу оруулах салбарт илүү ажиллаж болжээ. Тэрбээр “Yours, Mine & Ours”, “Keeping Up with the Steins”, “The Wild Stallion, 2009” зэрэг уран бүтээлүүдэд дуу оруулж байсан юм. Миранда “Nickelodeon”-ийн цувралуудаас гадна “CBS” сувгийн “The Good Wife, 2009” нэртэй хууль эрх зүйн драмын цувралын хоёрдугаар улиралд тоглосон байна. Хамгийн сүүлд Миранда 2024 онд “Despicable Me 4” хүүхэлдэйн кинонд дуу оруулж, 2025 онд “The Wrong Paris” кинонд тогложээ.

Миранда олон оронд хит болсон “iCarly” цувралаараа олонд танигдаж, хүүхэд наснаасаа од болсон Холливудын алдартнуудын нэг. Тус цуврал дахин зураг авалт хийж анхны цуврал дууссанаас найман жилийн дараах үйл явдлуудыг харуулсан ангиудыг 2021 онд гаргасан билээ. Цуврал дахин зураг авалт хийн цацагдаж байсан үед Мирандагийн өгч байсан ярилцлагыг орчуулж хүргэе.

Culturess: Юу юуны өмнө Миранда “iCarly” цувралын хоёрдугаар бүлэг үнэхээр том эргэлтээр дууслаа. Гуравдугаар бүлэгт юу болох талаар бидэнд юу хэлж чадах вэ?

Миранда: Зохиогчид яг үйл явдал хаана зогссон, тэр газраасаа л үргэлжлүүлэх байх гэж би бодож байна. Хоёрдугаар бүлгийн төгсгөлийн дараа дүр болгоны сэтгэл санаа ямар байгааг бид ямар нэг байдлаар тайлбарлах хэрэгтэй болно. Карли Фреддид ямар сэтгэлтэй гэдэг талаар гуравдугаар улиралд илүү их хариулт авах байх гэж бодож байна. Тийм учраас зохиолчид шинэ улирал дээр юу бодож олохыг харахыг би хүртэл догдлон хүлээж байгаа.

Culturess: “iCarly” цувралыг хуучин шүтэн бишрэгчдэдээ зориулж эргүүлэн авчирч, шинэ хувилбараараа залуу шүтэн бишрэгчдийг татах ямар санагдаж байна вэ. Үнэхээр өвөрмөц бас гайхалтай мэдрэмж, туршлага байх гэж бодогдож байна.

Миранда: Би “iCarly” цувралд тоглож өссөн болохоор үнэхээр гайхалтай санагдаж байна. Анх 13 настайдаа тоглож эхэлж, 20 настай байхад цуврал дууссан. Тэгээд найман жилийн дараа эргэж ирээд, анхны шүтэн бишрэгчдэдээ зориулж шинэ хувилбарт гар бие оролцох нь үнэхээр гайхалтай туршлага байлаа. Энэ олон жилийн дараа зураг авалтын талбайг дахин харж, анх цуврал дээр хамт тоглож байсан Нэйтан (Кресс), Жерри (Трейнор) нартайгаа өдөр бүр дахин хамт байх нь үнэхээр сайхан байсан. Анхны шүтэн бишрэгчид маань өнөөдөр "iCarly"-г хүүхдүүдтэйгээ хамт үзэж байгаа байх гэж бодохоор сэтгэл дулаацаж, бидний амьдралын нэгэн тойрог гүйцсэн мэт мэдрэмж төрүүлдэг.

Зургийн эх сурвалж: Entertainment Weekly

Culturess: Та “USAA”-ийн хэрэгжүүлж буй "Fort Innovate" гэдэг шинэ санаачилгын нэг хэсэг болсон байна. Энэ талаар болон яагаад энэ хөтөлбөрт оролцохыг хүссэнээ хэлж өгөөч.

Миранда: Би бага байхаасаа л STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик) болон шинжлэх ухаанд дуртай байсан. Би STEM-ийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийг танилцуулдаг "Mission Unstoppable" нэвтрүүлгийг хөтөлдөг болохоор тус хөтөлбөртэй хамтрах нь надад үнэхээр сайн тохирсон ажил шиг санагдсан. "Fort Innovate" бол маш догь явуулын үзэсгэлэн. Энэ үзэсгэлэн Америк даяар аялахаас гадна үнэ төлбөргүй байх болно. Гэр бүлүүд болон хүүхдүүд очоод шинжлэх ухаантай сонирхолтой байдлаар танилцаж, туршиж үзэхэд зориулагдсан.

Culturess: Үнэхээр гоё сонсогдож байна. Та тэнд байгаа үзүүлэнгүүдээс өөрөө туршиж үзэж амжсан уу?

Миранда: Би өөрөө туршиж үзэж амжаагүй байгаа ч бүх үзвэрүүдийн талаар мэдэж байгаа. Цахим бодит байдал, шөнийн дуран, мөн богино долгионы радио зэрэг үзвэрүүд байгаа. Эдгээр нь бүгд цэргийн инновац дээр суурилсан бүтээлүүд. Намайг бага байхад, бас одоо ч гэсэн сонирхлыг минь татахаар зүйлс шиг санагдсан. Хүмүүс тэнд цагийг сайхан өнгөрүүлж, магадгүй зарим хүүхдүүд шинжлэх ухааны салбарт орох урам зориг авна гэж найдаж байна.

Culturess: Надад танаас асуух сүүлийн нэг зүйл байна. Таны хөгжмийн карьерын тухай асуулт. Та хэзээ нэгэн цагт шинэ дуу бичүүлэх үү?

Миранда: Сайн мэдэхгүй байна. Гэхдээ би дуулах дуртай. Би хамгийн анх 12 настай байхдаа “iCarly” цувралын сэдэвчилсэн дууг бичүүлж байсан. Дуу бичүүлэх үнэхээр үнэхээр хөгжилтэй туршлага байсан шүү. Гэхдээ би сайн мэдэхгүй байна, ямар ч зүйлд хэзээ ч үгүй гэж хэлж болохгүй шүү дээ. Дуулах бол миний дуртай зүйл учраас хэзээ нэгэн цагт бүтнэ гэж найдаж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button