Иран, АНУ нар гал нээж, дайныг дуусгах хэлэлцээ зогсонги байдалд орлоо
Лхагва гарагт /2026.06.03/ Персийн булан дахь дайсагнал хурцдаж АНУ, Иран нар гал нээжээ. Мөн үүнтэй зэрэгцэн дайныг дуусгах хэлэлцээ зогсонги байдалд ороод байна.
АНУ-ын Зэвсэгт хүчний төвийн бүсийн командлал мэдэгдэл хийхдээ Иран Кувейт руу харвасан хоёр пуужин замдаа унасан эсвэл задарсан гэжээ. Мөн Иранаас Ойрх Дорнодын хэд хэдэн байршил руу харвасан баллистик пуужингууд эвдэрч, Бахрейн руу харвасан хоёр пуужинг устгасан гэж тус командлал мэдэгдсэн юм. Төв командлал Иран халдлага үйлдэх гэж оролдсоны хариуд Ормузын хоолойн ойролцоо оршдог Кешм аралд цохилт өгсөн гэж нэмж мэдэгджээ.
Сүүлийн үед хоёр тал гал нээсэн тохиолдол хэд хэдэн удаа гараад байна. Дайн хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил нар Иранд цохилт өгсний улмаас эхэлсэн. Талууд гал нээсэн тохиолдол гарч байгаа ч гал зогсоох тохиролцоо хэрэгжсэн хэвээр байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт АНУ, Иран нар дайныг зогсоож, Ормузын хоолойн хөдөлгөөнийг сэргээх анхан шатны тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдсэн билээ. Гэвч хоёр тал тохиролцоонд гарын үсэг зурж эцэслэн батлаагүй байна.
Ираны хэвлэлүүд мэдээлэхдээ Техран Вашингтонтой хэдэн хоногийн турш холбоо тогтоогоогүй гэжээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэлэлцээ зогсоогүй байгаа хэмээсэн юм.
Байлдааныг дуусгаж, маргаан дагуулаад буй асуудлаар хэлэлцэх боломж гаргаж өгөх тохиролцоонд хүрэхэд маш ойрхон байна гэж Трамп гуравдугаар сарын сүүлээс хойш ярьсаар ирсэн. Хоёр тал санал зөрөлдөөд буй гол асуудал нь Ираны цөмийн хөтөлбөр юм. Трамп хэлэхдээ Иран цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх нь гол зорилго гэсэн. Харин Иран цөмийн бөмбөг хөгжүүлээгүй хэмээн мэдэгдэж, ураныг энх тайвны зорилгоор баяжуулдаг гэсэн байр суурь илэрхийлдэг.
Үүнээс гадна Техран газрын тосны экспортод тавьсан хоригийг цуцалж, АНУ-аас боомтуудад нь тавьсан хаалтаа зогсоож, Ормузын хоолойг хянах хүсэлтэй байгаа. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мягмар гарагт /2026.06.02/ мэдэгдэл хийхдээ Иран цөмийн хөтөлбөрөө зогсоохыг зөвшөөрсөн тохиолдолд л хориг арга хэмжээгээ суллана гэжээ.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.