Гадаад мэдээДЭЛХИЙ

Ираны дайныг бүрмөсөн дуусгах эсэхийг ирэх 60 хоногт шийднэ

Ойрх Дорнод дахь мөргөлдөөнийг зогсоох тохиролцоонд АНУ, Иран нар хүрсэн. Гэхдээ Ормузын хоолой дахин нээгдсэний дараа дамжин өнгөрөхөд аюулгүй гэж итгэх хүртэл долоо хоног шаардагдаж магадгүй гэж тээвэрлэлтийн компаниуд мэдэгдэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Даваа гарагт мөргөлдөөнийг зогсоох анхан шатны хэлэлцээрт АНУ болон Иран гарын үсэг зурсан гэж мэдэгдсэн юм. Энэ тохиролцооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсоор олон нийтэд ил болоогүй байгаа. Үүнээс гадна хоёр улс дайныг бүр мөсөн дуусгах тохиролцоонд хараахан хүрээгүй байгааг дурдсан юм.

АНУ болон Ираны эх сурвалжууд хэлснээр тохиролцоонд Техранд тавьсан хориг арга хэмжээг цуцалж, царцаасан хөрөнгийг нь суллан, Персийн булангийн орнууд Иранд 300 тэрбум ам.долларын сэргээн босголтын сан байгуулж өгөх талаар багтжээ. Өөрөөр хэлбэл Иран эдийн засгийн асар их үр өгөөж хүртэх төлөвтэй байна.

Зургийн эх сурвалж: Times of Israel

Их 7 орны дээд хэмжээний уулзалтад оролцохоор Францад хүрэлцэн ирснийхээ дараа Трамп "Хэлэлцээрт гарын үсэг зурсан" гэж хэлжээ. Баасан гарагт Женевт болох гарын үсэг зурах албан ёсны арга хэмжээнд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс оролцоно гэж тэр нэмж хэлсэн байна.

Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан даваа гарагт өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ энэхүү анхан шатны тохиролцоо нь дайныг зогсооход чиглэсэн чухал алхам гэсэн юм. Гэхдээ дайныг нэгмөсөн зогсоох гэрээ эцэслэн бүрдээгүй байгаа гэдгийг тэр онцолжээ.

Анхан шатны тохиролцооны хүрээнд дөрөвдүгээр сард хүрсэн гал зогсоох тохиролцоог 60 хоногоор сунгаж, Ормузын хоолойг нээх болсон байна. Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ, Израил нар хамтран Иранд цохилт өгснөөс хойш тус хоолойн хөдөлгөөн үндсэндээ зогссон.

Ирэх 60 хоногийн хугацаанд хоёр талын төлөөлөгчид Ираны цөмийн хөтөлбөр зэрэг хүндрэлтэй асуудлуудыг авч хэлэлцэж, дайныг бүрмөсөн дуусгах эсэх нь шийдэгдэнэ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар дайн эхлүүлэх үндэслэл болгон ашиглаж байсан өөр хоёр асуудлаар талууд хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байна. Тодруулбал Иран Ойрх Дорнод дахь зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжихээ зогсоох болон пуужин үйлдвэрлэлээ хязгаарлах асуудал хэлэлцээрийн сэдэвт багтаагүй аж.

Талууд мөргөлдөөнийг зогсоох анхан шатны тохиролцоонд хүрсэн гэх мэдээ гарсны дараа газрын тосны үнэ буурчээ. Тодруулбал даваа гарагт /2026.06.15/ Брент маркийн газрын тос гуравдугаар сарын 10-наас хойших хамгийн доод цэгтээ хүрч баррель нь 83 ам.доллар орчим арилжсан байна.

Мягмар гарагт /2026.06.16/ Брент маркийн газрын тосны үнэ үргэлжлүүлэн буурч, баррель нь 81 ам.долларт хүрчээ. Энэ нь гуравдугаар сарын 3-наас хойших хамгийн бага үнэ юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button