Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп, Зеленский нарын уулзалт сайн явагдсаны дараа энх тайван тогтоох боломж бий гэх хүлээлт нэмэгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2026.06.16/ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй хийсэн уулзалтаа маш сайн болсон гэж үнэлж, ОХУ-ыг Украинтай энхийн тохиролцоонд хүрэхийг уриалсан байна. Трамп ингэж хэлсэн нь Их долоон орны удирдагчид дунд энхийн тохиролцоонд хүрэх боломж бий гэсэн хүлээлт төрүүлжээ.

Трамп, Зеленский нарын уулзалт барууны орнуудын хувьд хүсэмжит бус үр дүнд хүрэх талтай байдаг. Тодруулбал өнгөрсөн жил Цагаан ордонд хоёр улсын удирдагч уулзахдаа маргалдаж, АНУ Украинд үзүүлэх тусламжаа түр зогсоосон явдал гарч байсан. Энэ удаагийн уулзалтын дараа тав дахь жилдээ үргэлжилж буй Украины дайн дуусах боломж бий гэх уур амьсгал үүссэн нь тэс өөр нөхцөл байдал боллоо. Өнгөрсөн жил Трамп Зеленскийтэй маргахдаа ОХУ-тай хийх аливаа энхийн хэлэлцээнд Украины талд хангалттай хөшүүрэг байхгүй гэж хэлж байсан билээ.

Зеленский болон барууны холбоотнууд энэ долоо хоногт Францын Эвиан-ле-Бенд болсон Их долоогийн дээд хэмжээний уулзалтад оролцсон юм. Ингэхдээ тэд Украины зэвсэгт хүчин ОХУ-ын газар нутгийн гүнд өгсөн дроны цохилтууд нь мөргөлдөөний нөхцөл байдлыг өөрчилж эхэлснийг Трампт ойлгуулахыг зорьжээ.

Уулзалтад ирэхдээ Ирантай хийж буй дайнаа зогсоох анхан шатны тохиролцоогоо танилцуулсан Трамп Украины мөргөлдөөнийг дуусгахын тулд чадах бүхнээ хийхээ мэдэгдсэн байна. Гэхдээ Москвад үзүүлэх дарамтыг нэмэгдүүлэх тодорхой алхам авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.

Тодруулбал Трамп "Орос тохиролцоонд хүрэх ёстой. Дайны талбарт хоёр талын олон залуус амь үрэгдэж байна. Би дайныг зогсоохын тулд чадах бүхнээ хийнэ" гэж хэлжээ.

Европын хоёр дипломат эх сурвалж мэдээлснээр, уулзалтын үеэр Зеленский ОХУ-аас Киев дэх Печерский Лаврын сүмд өгсөн цохилтын дараах нөхцөл байдлын зургуудыг Трампт үзүүлсэн байна.

Эх сурвалжуудын нэгийнх нь хэлснээр Трамп уг цохилтыг буруушаажээ. Харин хоёр дахь эх сурвалж ийм зургууд үзүүлсэн нь сэтгэл зүйн хувьд зөв алхам болсон гэж дүгнэжээ. Тэдний хэлснээр уулзалтын уур амьсгал бүтээлч байсан аж.

Зургийн эх сурвалж: The Guardian

Уулзалт бүтээлч явагдсан ч гэсэн Европын удирдагчдын хүсэж буй АНУ-аас Москвад нэмэлт хориг арга хэмжээ тавих асуудал дээр Трамп тодорхой амлалт өгөөгүй гэж тэр хоёр эх сурвалж хэлжээ.

Трамп ямартай ч Орос дайныг зогсоох ёстой гэж хэлснийг Германы Канцлер Фридрих Мерц сайшаасан байна. Мерц сэтгүүлчдэд мэдээлэл өгч байхдаа "Тэр хамтран ажиллах маш их хүсэлтэй байгааг харлаа. Мөн хүмүүсийг их анхааралтай сонсож байгааг нь ажигласан. Тиймээс европчууд болон америкчууд хамтран дайныг дуусгахын төлөө бүхнийг хийж чадна гэсэн тодорхой хэмжээний өөдрөг найдвар надад дахин төрж байна" гэсэн юм.

Трамптай хийсэн хамтарсан уулзалтын дараа Зеленский “Reuters” агентлагт хэлэхдээ ОХУ дайнд ялалт байгуулж чадахгүй гэдэг дээр Их долоогийн удирдагчид санал нэгдсэн хэмээжээ. Мөн Москваг хэлэлцээний ширээнд суулгахын тулд газрын тосны экспорт, банкны салбар болон цэргийн үйлдвэрлэлд нь чиглэсэн нэмэлт хориг арга хэмжээ авах талаар ярилцсан гэж Зеленский хэлсэн байна.

Зеленский мягмар гарагт Украины “Суспильне” сувагт ярилцлага өгөхдөө "Манай төлөөлөгчид ирэх 24 цагийн хугацаанд янз бүрийн түвшинд уулзалтуудаа үргэлжлүүлнэ. Маргааш бид Ерөнхийлөгч Трамптай тусгайлан дахин уулзана гэж бодож байна" гэжээ.

Их долоогийн уулзалтын үеэр Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах санал тавиад байсан юм. Гэвч даваа гарагт /2026.06.15/ Трамп 80 насны төрсөн өдрөөрөө Путинтэй утсаар ярихдаа Зеленскийтэй уулзах талаар ярилцаагүй гэж Кремль мэдэгджээ.

Ирантай хийж буй дайныг зогсоох анхан шатны тохиролцоонд хүрсэн нь газрын тосны зах зээлийн тогтворгүй байдлыг намдааж байна. Ийм учир Вашингтон ОХУ-ын газрын тосны экспортод тавьсан хоригоо түр хугацаагаар султгаснаа зогсоох боломжтой болсон гэж Трамп Их долоогийн уулзалт дээр мэдэгдсэн юм.

Вашингтон хоригоо буцаан хэрэгжүүлэ эхлэвэл Украины хувьд ашигтай. Учир нь Украин ОХУ-ын цэргийн логистик, газрын тосны дэд бүтцэд дроноор өгч буй цохилтуудын үр дүнд фронт дээрх нөхцөл байдал өөрчлөгдсөн байгаа. Ийм нөхцөл үүссэн тул АНУ-ын баримталж буй байр суурь Москвад хэт ашигтай байсан гэдгийг энэхүү уулзалтаар Трампт ойлгуулахыг Европын удирдагчид зорьжээ.

Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен "Нөхцөл байдал Украины талд эргэж эхэлж байна. Орос цуцсан нь ил тод болж эхэллээ. Ийм үед бид дэмжлэгээ улам нэмэгдүүлэх ёстой" гэсэн байна.

Францын нэгэн дипломат эх сурвалжийн мэдээлснээр Их долоогийн удирдагчид Украинд агаарын довтолгооноос хамгаалах систем нэмж олгохоор тохиролцжээ. ОХУ фронт дээр ахиц гаргах нь буурсан тул иргэний дэд бүтцэд цохилт өгөхөө нэмэгдүүлж байгаа. Ийм нөхцөл байдалд агаарын хамгаалалтын системээ сайжруулах нь Украины хамгийн чухал зорилтуудын нэг болоод байгаа билээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button