Г.Отгонтуяа: Охин минь хорвоогоос явсан энэ өдөр тэнгэр одоогийнх шиг л бүрхэг байж, зөөлөн цас хаялж байсан
Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Г.Отгонтуяа өөрийн цахим хуудаснаа дараах бичвэрийг нийтэлжээ.
"Охин минь энэ хорвоогоос яваад аль хэдийнэ 2 жил өнгөрчээ. Хоёр жил…
730 өдөр. Энэ тоо жилээс жилд өснө. Ээжийнх нь хувьд энэ тоо зүгээр нэг тоо биш. Энэ бол нулимсаар хэмжигдсэн өдөр хоногууд, охиноо санаж бэтгэрч сэрсэн өглөө бүр, охиноо үгүйлж хоносон шөнө бүрийн тоо юм.
Яг хоёр жилийн өмнөх энэ өдөр 2024.06.19.20-нд тэр өдрийн тэнгэр өнөөдрийнх шиг л бүрхэг байж, зөөлөн цас хаялж байсан. Тэнгэр хүртэл харамсан уйлж байгаа мэт санагдах юм.
Мөрөөдөлтэй, хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйтэй бяцхан охиныг минь, дөнгөж соёолж дэлбээлж байсан ариухан цэцгийг минь бузар алуурчид үндсээр суга татаж хаясан өдөр. Хар дарсан зүүд шиг тэр өдөр гэгээн цагаан өдөр тэнгэр ниргэх шиг аймшигт хар өдөр байсан. Аав ээж, өвөө эмээ нарынхаа хайранд умбаж инээж дэгдэж явсан охины минь цагаасаа өмнө тэнгэрт дэвшсэн өдөр. Тэр өдөр ээжийнх нь зүрх хэдэнтээ унаж цусаар уйлсан өдөр.
Зөвхөн ээжийнх нь бус аав, эмээ өвөө, ах эгч дүү нарынх нь амьдралыг өмнө ба хойно гэсэн хоёр хэсэгт үүрд хуваасан өдөр. Охин минь, энэ хоёр жилийн хугацаанд ээж аав, эмээ өвөө нь өдөр бүр чамайгаа хичээлээ тараад орж ирдгээрээ инээсээр яг одоо ороод ирэх юм шиг хүлээн нэрийг чинь шивнэж, үнэрийг чинь санаж, инээдийг чинь үгүйлэн суудаг шүү. Цаг хугацаа эмчилдэг, эдгээдэг гэдэг. Гэхдээ энэ үг нялх үрээ алдсан эцэг эх, эмээ өвөөд тохирох үг биш юмаа.
Өдрөөс өдөрт шарх улам л гүн болж чамайгаа үгүйлж бэтгэрдэг юм байна. Хоёр жилийн хугацаанд ээжид нь амьд явах хүсэл сонирхол хэдэн арвантаа хугарч энэ хорвоо хоосон, хүйтэн, харанхуй, баяр баясалгүй, хэнд ч хэрэггүй утгагүй юм шиг санагдавч ээж нь үхэж энэ алуурчдыг баярлуулахгүй ээ.
Ээж нь охиноо дахин тэвэрч даахийг нь үнэрлэж чадахгүй ч бурхан гэж байдаг бол, үнэн гэж байдаг бол эцсийн амьсгал автлаа явна аа. Ээж нь ганцаараа биш, ээжийнх нь ард шударга үнэнийг шаардсан ард түмэн байгаа. Хэрэг хуучирдаггүй, хэлэх үг оройтдоггүй учраас ээж нь хүлээнэ. Бид хүлээнэ. Үнэнийг хүлээнээ. Үнэн өнөөдөр биш гэхэд маргааш ирнэ. Ирэхийн хувьд оройтож магад гэхдээ заавал ирнэ, охин минь" хэмээжээ.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хулгайч луйварчид шүглэсэн шүүх прокурор төр засагтай улс үеийн үед зовох юм даа
хэлэх үг ч алга
Яасан хэцүү юм бэдээ.шүүх нь прокурорнь мөрдөгч 3 нь сэтгэл гаргасангүй дээ
энэ хуулинханыг тэнгэр үе удмаар нь нэргэйсээ
Ерөнхийлөгчдөө хандсан нь эцсийн зөв сонголт байсан шүү. Одоо хэрхэн яаж зөв шийдэгдэхийг нь харах л үлдлээ. Шударга үнэн таны талд байгаа шүү. Сэтгэлээ сайн хатамжлаарай.
Шинэсаран?
хөөрхийдөө нялх охиныхоо ясын битгий өндөлзүүлээ эх орныхоо алтан хөрсөнд амгалан нойрсог буян сайн үйлдэж өнчин ядарсан хүүхдүүдийг хооллож тусалж баярлуулж яваарай тэр хирээр нь талийгаад охинд нь хойд насандаа сайн явхад нь хэрэг болно
Эвий минь дээ өр эмтрэх юмаа
Ямар ч байсан алуурчныг нь олж тогтоогоод яллачихсан шүү дээ. Ингэж зовсон хүн ганц та биш. Хэчнээн олон эцэг эх үр хүүхдээ зуурдаар алдаад, зарим нь бүр яасныг нь мэдэхгүй хагацаад яаж дээлтэйгээ хатаж явсан болоо. Хэцүү л юм. Босгоод ирэх биш дээ. Гэхдээ зовлонд учирсан нь ганц би биш гэж бодоод тайтгарахыг таньд хүсье! Хатуужиж хүлцэхийг гуйя!
Эвий дээ.
????эвийдээ их уйлж санааширвал сүнс нь зовдог юм гэнэлээ.