ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө

Зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор оюутан залуусын ажил эрхлэлт нэмэгддэг. Дагаад хөдөлмөрийн гэрээ байгуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлөх эсэх гэхчилэн асуудлууд гардаг. Тэгвэл Засгийн газраас өргөн мэдүүлээд буй Нийгмийн даатгалын тухай хуульд ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлөхөөр тусгажээ. Өөрөөр хэлбэл, оюутнууд 22 нас хүртлээ ажил хийвэл НДШ төлөхгүй. Хэрэв тухайн хугацаанд төлөөгүй үлдсэн тэтгэврийн шимтгэлээ 25 нас хүрэхээсээ өмнө өөрөө хариуцан нөхөн төлөх эрхтэй байхаар зохицуулсан байна.
Нийгмийн даатгалын тухай нэмэлт, өөрчлөлтийн төсөлд багтсан онцлох агуулгуудыг хүргэе.
- Тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдэнэ. Тодруулбал, өндөр насны тэтгэвэр тогтоолгохоос таваа доошгүй жилийн өмнө даатгуулагч өөрөө хүсвэл ирээдүйдээ зориулж тэтгэврийн даатгалын шимтгэлийн 1.0 хувийг хуримтлуулж болно. Хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад цахимаар эсхүл биечлэн гаргах юм байна.
- 5 хүртэлх ажилтантай гарааны бизнес эрхлэгчдийг дэмжиж, гурав хүртэлх ажилтны ажил олгогчоос төлөх НДШ-ийг 36 сар хүртэлх хугацаагаар чөлөөлнө. Сүүлийн 5 жилийн хугацаанд бүртгүүлж, үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага уг заалтад хамрагдана. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, гадаадын байгууллага үүнд хамаарахгүй аж.
- Өмнө нь НДШ төлж байгаагүй иргэн анх удаа даатгуулах бол тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг чөлөөлнө. Хөнгөлөлтийн хугацаа 24 сараас ихгүй байна.
- Хэрэв олон ажил зэрэг хийдэг бол албан журмаар даатгуулахдаа өөрт хамгийн таатай нөхцөлтэй 2 хүртэлх сонгосон гэрээнд заасан цалингаас НДШ-ээ төлж болно.
- 15-22 насны оюутан, залуус ажил хийвэл өөрөө хүсвэл НДШ төлнө. Хэрэв тухайн хугацаанд төлөөгүй үлдсэн тэтгэврийн шимтгэлээ 25 нас хүрэхээсээ өмнө өөрөө хариуцан нөхөн төлөх эрхтэй.
Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн. Анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд хуваарилаад байна.
Д.ХАДААН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.