Дэлхийн хамгийн хүчирхэг паспорттой арван орны ес нь Европын улс байна
“Global Passport Index” фирм улс орнуудын паспортод дүн шинжилгээ хийсэн тайлангаа нийтэлжээ. Тус тайлангаас харвал Европын орнууд хамгийн хүчирхэг паспортын жагсаалтыг дахин тэргүүлсэн байна.
“Global Citizen Solutions” фирмийн гаргадаг тэрхүү индексээр дэлхийн хамгийн хүчирхэг арван паспортын ес нь Европын орных байжээ. Эхний аравт багтсан Европын бус цорын ганц улс нь аравт бичигдсэн Сингапур байсан юм.
Улс орнуудын паспортын хүчийг үнэлдэг “Henley Passport Index” нэртэй өөр индекс бий. Визгүйгээр зорчих боломжтой улсын тоог харгалзан үздэг “Henley Passport Index”-ээс ялгаатай зүйл гэвэл “GPI” нь хөрөнгө оруулалт татахуйц байдал болон амьдралын чанарыг авч үздэг байна.
Үүний тулд “GCS” татварын орчин, инновац, эдийн засгийн өрсөлдөх чадвар, эрүүл мэндийн үйлчилгээ, аюулгүй байдал, уур амьсгал, дэд бүтэц зэрэг олон хүчин зүйлийг авч үздэг юм.
Энэ жилийн тайлангаас харвал “GPI”-ийг Европын орнууд илт давамгайлж байв. “GCS”-ийн гүйцэтгэх захирал Патрисия Касабури “Европын орнууд индексийг тэргүүлж буй нь ганц үзүүлэлтийн амжилтаас бус олон үзүүлэлтүүдэд тэнцвэртэй өндөр үнэлгээтэй байгаатай холбоотой” гэж хэлжээ.
Тэрбээр нэмж хэлэхдээ “2026 оны дэлхийн хамгийн хүчирхэг есөн паспорт Европынх байна. Швед, Швейцар, Финланд улсууд жагсаалтыг тэргүүллээ. Зөвхөн визгүй аялдаг орнуудын тоогоор авч үзвэл Сингапур хамгийн хүчирхэг үзүүлэлттэй. Харин хөрөнгө оруулалт татах чадавхаар Персийн булан болон Азийн хэд хэдэн улс Европтой зэрэгцэхүйц байна” хэмээсэн юм.
Мөн “GCS”-гийн тайланд дурдсанаар, Их долоогийн орнуудаас сүүлийн таван жилийн хугацаанд хамгийн огцом уналт үзүүлсэн улс нь АНУ байжээ. Тус улс 2021 онд 96.45 оноо авч нэгдүгээрт бичигдэж байсан нь “GPI”-ийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байсан юм. Гэвч 2025 онд АНУ 14-р байр хүртэл ухарч, энэ жил үзүүлэлт нь нэмэгдэн 12-р байрт жагсжээ.
АНУ-ын визний үзүүлэлт өөрчлөгдсөн нь Вашингтон хэд хэдэн улсын иргэдээс виз шаарддаг болсонтой холбоотой. Үүний хариуд тэдгээр орнууд америкчуудаас виз шаардаг эхэлдэг болсон юм. Тодруулбал Бразил улс өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн америкчуудаас виз шаардаж эхэлдэг болсон байна.
Хамгийн хүчирхэг арван паспортыг жагсаавал:
- Швед
- Швейцар
- Финланд
- Герман
- Нидерланд, Дани
- Ирланд
- Их Британи
- Норвеги
- Сингапур
Эх сурвалж: Euro News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.