Гадаад мэдээДЭЛХИЙ

Николас Кэйж: Заримдаа хүмүүсийн дургүйг хүргэж үзэн ядуулах нь сайн зүйл

Оскарын шагналт, алдарт жүжигчин Николас Кэйжийн "The Talks" сэтгүүлд өгч байсан ярилцлагыг орчуулж хүргэе.


Ноён Кэйж, та яагаад нэрээ өөрчилсөн юм бэ?

Би өөрийгөө шинээр тодорхойлох хэрэгтэй болсон. Иргэний бүртгэл дээр би одоо ч Николас Коппола нэртэй хэвээрээ. Харин дэлхий намайг Николас Кэйж гэдгээр мэддэг. Би гэр бүлээрээ, тэдний гаргасан амжилтаар маш их бахархдаг. Гэхдээ залуу жүжигчин байхдаа сонгон шалгаруулалтад ороход Коппола гэдэг овог намайг үргэлж дагаж байсан. Би дүрдээ төвлөрч, шалгаруулалтдаа анхаарахыг хүсдэг байсан ч овгоос минь болоод тодорхой дарамт мэдрэгддэг байлаа. Харин нэрээ солиод шалгаруулалтад орж, ямар ч холбоо сүлбээгүйгээр дүрээ авч чадсан тэр мөчид “Би үнэхээр өөрийн хүчээр чаддаг юм байна” гэж бодсон. Тэр үед л эрх чөлөөг мэдэрсэн. Энэ нэр надад ийм л хүн болно доо гэж боддог байснаа бүтээх эрх чөлөөг өгсөн.

Эрх чөлөөний тухай ярьж байгаа тань сонирхолтой юм. Гэтэл таны сонгосон овог чинь “Кэйж” буюу “тор” гэсэн утгатай шүү дээ.

Ёстой ёжтой давхцал байна. Би ингэж ерөөсөө бодож байгаагүй юм байна. Өвөрмөц хэр нь энгийн нэр хайж байсан юм. Богино, содон нэртэй байвал хүмүүс амархан цээжилнэ гэж бодсон. Надад “Кэйж” гэж нэр яг тохирох юм шиг санагдсан. Том Круз ч бас нэрээ өөрчилсөн. Бид нэг үеийнх. Би авангард урсгалын хөгжмийн зохиолч Жон Кэйжид дуртай байсан юм. Юм хоёр талтай байна гэдэг их сонирхолтой. Миний тоглосон кинонуудын зарим нь зүгээр л попкорн идээд үзэхээр хэв маягтай байдаг бол зарим нь нэгийг бодуулдаг талтай.

Та бүтээсэн дүрүүдээрээ өндөр үнэлэгдэж, бүр Оскарын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагнал хүртсэн. Гэхдээ нөгөө талаар арилжааны, хүмүүсийн хэлдгээр попкорн идээд л үздэг кинонд ч олон тоглодог. Энэ бүхэн зориудын сонголт байсан уу?

Тийм ээ, зориудын сонголт байсан. Би тогтсон хэв маягийг эвдэхийг хүсдэг. Тэр үед Станиславскийн “An Actor Prepares” гэх мэт номуудыг уншиж байлаа. Жүжигчин хүн натурализм ч юм уу, хэт бодит дүрслэл гэх мэт нэг хэв маягт баригдах албагүй гэж би боддог. Би жүжиглэхдээ янз бүрийн хэв маягийг холих дуртай. Заримдаа маш нам гүм, бараг баримтат кино шиг нарийн мэдрэмжээр тоглож болно. Бас дуурийн тайз шиг сүртэй, жааз хөгжим шиг чөлөөтэй жүжиглэж болно.

Кино шүүмжлэгч Рожер Эберт таныг “Хэтрүүлж жүжиглээд байна гэж үзэгчид бодохоос огт эмээдэггүй айдасгүй жүжигчин” гэж тодорхойлсон байдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

Жүжигчин хүн дүрийнхээ хэм хэмжээг өөрөө зохиож болно. Хүрээг нь тэлж болно. Дуурийн жүжиг шиг сүрлэг болгож болно. Гэхдээ тэр бүхний цаана жинхэнэ сэтгэл хөдлөл байвал, үнэн мэдрэмж байвал юу ч хийсэн үзэгчдэд хүрдэг. Би үүнийг анх хийсэн хүн нь биш. 1930-аад онд ийм төрлийн жүжиглэлт түгээмэл байсан. Жеймс Кэгниг хараарай. Тэр яг бодит хүн шиг байсан уу? Үгүй. Харин үнэн байсан уу? Тийм.

Зургийн эх сурвалж: Vanity Fair

Зураг авалтын талбай дээр тэр үнэн мэдрэмждээ яаж хүрдэг вэ?

Сая тоглосон кинонд дөрвөн нүүр үргэлжлэх том хэсэг байсан. Тэр хэсэгт өвсөн дунд могой байх ёстой байсан юм. Кино багийнхан хоргүй могой авчирсан байлаа. Би харин “Энэ удаа жинхэнэ эрсдэл гаргая. Хортой могой гартаа барьж жүжиглэе” гэж санал тавьсан юм. Тэд гайхаад надаас яагаад гэж асуухад “Энэ маш чухал хэсэг. Тэгвэл би илүү тайван болно” гэж хэлсэн.

Тэгвэл үнэхээр тайван болно гэж үү?

Би тийм төрлийн хүн. Зураг авалтын талбар дээр хүнд үзүүлбэр хийх ч юм уу, кофе их хэмжээгээр уухад тайвширчихдаг. Бас тийм нөхцөл байдал уран бүтээлд хэрхэн нөлөөлдөг нь таалагддаг. Зураг авалтын талбай бүхэлдээ төвлөрөөд ирдэг. Тэгээд жүжиглэх ч шаардлагагүй болно. Хэрэв та жүжиглэхээс зайлсхийж, үнэн мөчдөө хүрч чадвал ид шидийн гэмээр үр дүнд хүрдэг.

Та жүжиглэхдээ хэтрүүлдэг гэж шүүмжилдэг хүмүүст юу гэж хэлэх вэ?

Миний жүжиглэх арга барилыг үзэгчид хүлээн авч буй байдал үргэлж тааламжтай байдаггүй. Гэхдээ энэ нь өөрөө сайхан. Хүмүүс тааламжтай хүлээн авахгүй байлаа гээд өөрийнхөө итгэл үнэмшлээсээ ухарч болохгүй. Хэрэв хэн нэгэн үнэхээр өвөрмөц, цоо шинэ зүйл хийж байгаа бол шүүмжлэл дагуулах нь бараг гарцаагүй. Миний бахархаж хардаг олон уран бүтээлч бусдаас өөр байсан учраас тухайн үедээ маш их шүүмжлэл хүлээж байсан. Жишээ нь Эдвард Мунк, Игорь Стравинский хоёр. Тэд тогтсон хэв маягийг эвдсэн хүмүүс.

Харин шүүмжлэгчид үнэхээр зөв байвал яах вэ?

Заримдаа үнэхээр мэдрэмжгүй, тухайн бүтээлдээ огт тохирохгүй зүйл хийж байж болно. Тэгвэл мэдээж бүтэхгүй. Гэхдээ бас хүмүүс таныг шүүмжилж байвал зөв зүйл хийж байгаагийн шинж ч байж болно. Ямар ч байсан тэд таны талаар бодсон  байна гэсэн үг. Хүмүүсээр үргэлж хайрлуулах нь тийм ч сайн зүйл биш. Заримдаа хүмүүсийн дургүйг хүргэж үзэн ядуулах нь сайн зүйл болдог.

Энэ байр сууриа олон жилийн турш хадгалах хэцүү байсан уу?

Мэдээж хэцүү байсан. “Moonstruck” кинонд тоглож байхдаа би “Beauty and the Beast киноны Жан Марегийн хоолой шиг өөрийнхөө хэсгийг уншъя гэж бодсон юм.  Жан Маре их өвөрмөц аялгатай, маш сөөнгө хоолойтой. Би Moonstruck-д бүтээх дүрээ архирч ярьдаг чоно шиг төсөөлсөн. Жүжиглэхдээ сөөнгө хоолойгоор хэсгээ уншиж байсан чиньнайруулагч Норман Жуисон залгаад “Николас өдрийн авсан хэсэг ерөөсөө болохгүй байна” гэсэн. Дараа нь өөр жүжигчдийн нэрс яригдаж эхлэхээр нь намайг халах гэж байна гэж бодсон. Тэгээд би Жан Марег дуурайх санаагаа маш хурдан орхисон доо.

Сүүлд ямар хэний бүтээсэн дүр таны сэтгэлд хамгийн хүчтэй хүрсэн бэ?

Хоакин Финиксийн “The Master кинонд бүтээсэн дүр. Түүний бүтээсэн дүр надад үнэхээр таалагдсан. Орчин үеийн кинонуудаас миний үзсэн хамгийн өвөрмөц, эрч хүчтэй, үнэн, бас хамгийн эмгэнэлтэй жүжиглэлт гэж боддог. Хоакин бол цор ганц. Би бас Аарон Жонсоныг гайхалтай жүжигчин гэж боддог. Тэдэнтэй хамтран ажиллаж байсан минь томоохон аз завшаан гэж боддог. Тэд бүгд өөрсдийнхөө хэмнэлийг дагаж алхдаг.

Зургийн эх сурвалж: Bell of Lost Souls

Та мөн ах дүү Коэн, Дэвид Линч, Вернер Херцог зэрэг гайхалтай найруулагчидтай хамтарч ажилласан шүү дээ

Гайхалтай уран бүтээлч хүмүүстэй ажиллаж байснаараа би их азтай. Би кино урлагт дуртай, жинхэнэ утгаараа кинонд хайртай хүн. “Blood Simple-ийг үзээд ах дүү Коэнтэй заавал ажиллахыг хүссэн. “Raising Arizona-ийн дүрийг авахын тулд бараг арав гаруй удаа шалгаруулалтад орсон байх. Харин Вернер бол миний хувьд жинхэнэ ивээл байсан. Тэр үед хүмүүс миний сонгож байсан дүрүүдийн талаар янз бүрээр ярьж эхэлсэн байсан юм. Харин Вернер надад үндэс рүүгээ буцаж, бие даасан кинонуудад өвөрмөц байдлаар эргэн ирэх боломж олгосон.

“Сонгож байсан дүрүүдийн талаар янз бүрээр ярьж эхэлсэн байсан гэхээр бусад хүмүүс таны талаар юу бодож байгаад та ач холбогдол өгдөг гэсэн үг үү?

Би зүгээр л хүмүүс зөв ойлголттой байгаасай гэж хүсдэг. Энэ дүрүүдийг зориудаар сонгосон. Миний үзэл баримтлал. Би өөрөө ийм зүйл хийхийг хүсдэг. Өөрийн хүслээр бус биш харин тийм байдлаар харагдах замаар бүхнийг хянаж байдаг.

Эх сурвалж: The Talks

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button