ОХУ Украины дроны цохилтыг эсэргүүцэхийн тулд "Starlink"-ийн сүлжээг тасалдуулах гэж оролдож байна
ОХУ-ын цэргүүд Украины алсын зайн дронуудын цохилтыг эсэргүүцэхийн тулд цэргийн ачаагаа иргэний тээврийн машинд нуух, мөн “Starlink”-ийн интернэт сүлжээг саатуулах гэж оролдож байна. Тодруулбал орос цэргүүд өндөр хүчин чадалтай цахилгаан соронзон долгион саатуулагч төхөөрөмжүүд ачаа дээрээ суурилуулж эхэлжээ.
Украины зэвсэгт хүчин “Starlink”-ийн сүлжээг ашиглан фронтын шугамаас олон километрийн цаана оршин дроноор цохилт өг байгаа юм. Киев эдгээр дроныг хямд өртгөөр үйлдвэрлэж буй нь дайны нөхцөл байдлыг эрс өөрчилж байна.
Украин энэ жил дундын тусгалтай дроны цохилтоороо ОХУ-ын цэргийн логистик, шатахууны агуулах, агаарын довтолгооноос хамгаалах байгууламж, удирдлагын төвүүдийг амжилттай онилсон. Үүний үр дүнд орос цэргүүдийн авах хангамж тасалдаж, Крымийн хойгт шатахууны хомсдол үүсгээд байгаа юм. Харин алсын тусгалтай дроноороо ОХУ-ын гүнд цохилт өгч, зах зээлд нь шатахууны хомсдол үүсгэсэн.
Одоо ОХУ дундын тусгалтай дроны цохилтыг эсэргүүцэхийн тулд олон төрлийн арга боловсруулж эхэлжээ. Дээр дурдсан цахилгаан соронзон орон саатуулагч төхөөрөмжүүдийн зарим “Starlink”-ийн хиймэл дагуулууд өгдөг интернэт сүлжээг доголдуулах чадвартай аж. “Starllink”-ийн сүлжээний тусламжтай удирдаж буй дроныг хэр баргийн сүлжээ тасалдуулагчаар зогсоох боломжгүй гэж цэргүүд үздэг байжээ.

Тэгвэл Украины Батлан хамгаалах яамны зөвлөх Серхий Бескрестновын хэлснээр, ОХУ “Volna Kupol Garant” нэртэй төхөөрөмж ашиглаж эхэлсэн байна. Энэ нь ойролцоогоор 20 километр квадрат бүсэд “Starlink”-ийн сүлжээг тогтворгүй болгох хэмжээний хүчтэй дохио ялгаруулдаг аж. Одоогоор ийм төрлийн арав орчим төхөөрөмжийг илрүүлсэн гэж тэр хэлсэн юм.
Одоо Украины дроны ангиуд “Volna Kupol Garant” төхөөрөмжийг гол бай болгон онилж эхэлжээ. Украины зэвсэгт хүчний 422 дугаар дроны анги ийм төрлийн хоёр төхөөрөмжид цохилт өгөх ажиллагаанд оролцжээ. Тэдгээрийн нэгийг нь Украины Аюулгүй байдлын албатай хамтран ажиллаж илрүүлээд амжилттай устгасан гэж цэргүүд хэлсэн байна.
Нэгэн дроны багийн ахлах "Тэр төхөөрөмжийг устгасны дараа Starlink-ээр тоноглогдсон манай дронууд ямар ч асуудалгүйгээр нисэж эхэлсэн" гэж “Reuters” агентлагт хэлжээ.
АНУ-д төвтэй Гадаад бодлогын судалгааны хүрээлэнгийн ахлах ажилтан Роб Ли хэлэхдээ, Украины өгч буй дунд зайны тусгалтай цохилтууд байлдааны талбарт энэ жил гарсан хамгийн чухал үйл явдал байж магадгүй гэжээ. Гэхдээ ОХУ эдгээр дроны эсрэг амжилттай хариу арга хэмжээ авч эхэлж байна гэдгийг тэр онцолсон юм.
Тэрбээр нэмж хэлэхдээ "Хэрэв тэд сүлжээ сарниулагч төхөөрөмжийнхөө үйлдвэрлэлийг өргөжүүлбэл дунд зайнд цохилт өгөх ажиллагааг улам хүндрүүлж болзошгүй" гэсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.