Эсэргүүцлийн жагсаалын дараа Зеленский зэвсэгт хүчнийхээ удирдагчийг солилоо
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский эсэргүүцлийн жагсаалын дараа зэвсэгт хүчнийхээ удирдагчийг сольсон байна. Тодруулбал Зеленский Украины дайн эхэлснээс хойш зэвсэгт хүчний удирдлагын хамгийн том өөрчлөлт хийж 60 настай Александр Сырскийг 43 настай Михаил Драпатаар сольжээ.
Өнгөрсөн долоо хоногт Зеленский засгийн газрынхаа бүтцэд томоохон өөрчлөлт хийж, олны хүндлэлийг хүлээсэн реформист Батлан хамгаалахын сайд Михаил Федоровыг ажлаас нь чөлөөлсөн юм. Үүнд дургүйцсэн украинчууд түүнийг батлан хамгаалахын сайдад буцааж томилохыг шаардаж жагсаж эхэлжээ. Федоровыг ажлаас нь түдгэлзүүлсний дараа зарим шинжээч Украин фронт дээр эрчээ авч байсан нь алдагдах эрсдэлтэй гэж санаа зовж эхэлсэн юм.
Украин сүүлийн саруудад ОХУ-ын газрын тосны дэд бүтэц болон цэргийн логистикт цохилт өгөх замаар дайны нөхцөл байдлыг эргүүлж, давуу байдал олж авахыг оролдож байгаа билээ. Сырский, Федоров нар санал зөрөхөд Зеленский Сырскийн талд ордог гэж шүүмжлэгчид буруутгадаг байв. Мөн Сырскийн удирдлага дор Украин дайныг ялж чадах эсэхэд шинжээчид эргэлзэж эхлээд байжээ.
Дайны эхэн үед Сырский Киевийн хамгаалалтад голлох үүрэг гүйцэтгэж, 2024 оны эхэн үеэс хойш зэвсэгт хүчний удирдагчаар ажилласан. Гэхдээ түүний хатуу командлалын хэв маягийн улмаас үндэслэлгүйгээр олон цэргийн хохирол амссан гэж хүмүүс шүүмжилдэг юм.
Эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан хүмүүсийн нэг, дайны ахмад байлдагч Дмитрий Козятинский Х дээр бичихдээ Драпатаг томилсон нь бэлэг байлаа гэжээ. Харин Федоров хэрхэх нь тодорхойгүй байна. Зеленский мягмар гарагт хэлэхдээ түүнд төрийн технологийн бүрэлдэхүүн хэсгийг хянах боломжийн албан тушаал санал болгосон гэжээ. Гэхдээ Федоров өмнөх албан тушаалдаа л буцаж очих хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Зеленский Украины дотоодын аюулгүй байдлын албаны үүрэг гүйцэтгэгч Евгений Хмараг батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгчээр сонгосон юм.
Эх сурвалж: Reuters











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.