Нийгэм мэдээ

30 жил Хархоринд худалдаа эрхэлж буй Т.Хулганаа: Нөгөө эмээ сууж л байна шүү дээ гээд хүрч ирээд худалдаа хийх хүн олон

Залуу насаа хивсний үйлдвэрт ажиллан өнгөрүүлж, 1992 оноос хойш Хархорин худалдааны төвийн гадна талбайд худалдаа эрхэлж буй Т.Хулганаатай ярилцлаа.

Биднийг ярилцан суух цөөн хоромд түүнийг зорин ирэх худалдан авагчид ерөөлийн үгээ хэлж, мөн сандал татан дэргэд нь суун хуучилна. Тэр яг энэ байршилдаа 30 жилийг үдэхдээ, бусдад хань болж, өөртөө ажлын байр бий болгосоор ирсэн нь энэ ажээ.

Видео:

"Өндөр настай намайг гадна талбайд худалдаа эрхлэн сууж буйг хараад зорин ирэх хүн бишгүй олон шүү. Одоо 86 нас хүрч байна. Анхандаа дөрвөн улирал харгалзахгүй л гадна суугаад худалдаа наймаагаа эрхэлдэг байсан бол одоо зөвхөн зуны улиралд нь ажилладаг болсон. Нэг зээтэйгээ байр түрээслэн амьдардаг юм. Бид нэгэндээ маш сайн хань бараа болно. Өглөө ирж барааг минь дэлгэж, байршуулж өгнө. Орой ирж хураагаад л гэр лүүгээ хөтлөлцөөд харьдаг хоёр л доо.

1992 онд наймаагаа анхлан эхэлж байхдаа дандаа чихэр зардаг байлаа. Харин жил ирэх тусам хүмүүсийн худалдан авах чадвар муудаж, миний хөл ч сайнгүй болсон тул барааныхаа овор хэмжээг багасгаж, нэр төрлийг нь нэмсэн нь зөв санагдаж жижиглэнгийн бараа бүтээгдэхүүн зарж борлуулах болсон юм.

"Нөгөө эмээ сууж л байна шүү дээ, өөр хүнээс авах гэж байгаад болиод танаас худалдаа хийх гээд ирлээ" гэх хүүхдүүд маш олон. Тэр сэтгэлд нь үргэлж талархаж явдаг юм.

Хархорингийнхоо хүчинд олон жил наймаа, орлогоо таслахгүй ирлээ дээ. Эхэндээ татвар суутгалаа төлөөд худалдаагаа эрхэлдэг байсан бол одоо ямар ч төлбөр төлөхөө больсон. Энд бүртгэлтэй өндөр настан гээд намайг их харж үзнэ ээ. Ахмадын баяраар л гэхэд байнга бэлэг өгнө. Тэр нь их гоё. Сүүлд л гэхэд 30 жилийн ойн медалиа хүртэл өгсөн юм.

Гэртээ зүгээр суух гэхээр дотор бүгчимдээд хэцүү санагдаад байдаг юм. Эндээ ирээд суухаар хүн амьтан хараад, сэтгэл санаа ч сэргээд гоё байдаг юм" гэв.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button