НИЙГЭМНийгэм мэдээ

Киргиз Улсад болж буй "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам"-ын албан ёсны нээлт боллоо

БНКУ-ын Бишкек, Чолпон-Ата хотод зохион байгуулагдаж буй "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам"-ын албан ёсны нээлтийн ёслол боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсон бөгөөд Монгол Улсын багийн тугийг Улсын заан Д.Анар заллаа.

“Хүчээрээ нэгдэж, сэтгэлээрээ нэгдэнэ”уриатай энэ удаагийн наадамд дэлхийн 113 орны албан ёсны төлөөлөгч, 3,500 гаруй хүн оролцож, угсаатны болон уламжлалт спортын 43 төрөлд өрсөлдөнө. Энэхүү наадам нь өмнө нь Киргиз улсад гурав, Турк, Казахстан улсад тус тус нэг удаа зохион байгуулагдаж байсан түүхтэй. Наадмын үндсэн хөтөлбөр нь дараах гурван чиглэлээр явагддаг.


  • Спорт: Морин уралдаан, көк-бөрү (тулам булаалдах), уламжлалт бөх, сур харваа, ав хомрого (бүргэдийн ан), оюуны спорт зэрэг төрлүүд багтжээ.

  • Соёл урлаг: "Этно хотхон" байгуулагдаж, үндэсний гар урлал, хөгжим, бүжиг, хоол хүнсний үзэсгэлэн дэлгэгдэнэ.

  • Шинжлэх ухаан: Нүүдэлчдийн соёл иргэншил, түүх, өв уламжлалын талаарх шинжлэх ухааны хэлэлцүүлгүүд наадмын хүрээнд явагдах юм.

Монгол Улс тус наадамд спортын 27 төрөлд 47 тамирчин, нийт 135 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй оролцож, үндэсний спорт, өв уламжлалаа сурталчлан таниулж байна. Энэ жилийн наадмын онцлог нь Монголын үндэсний бөхийг албан ёсоор тэмцээний хөтөлбөрт багтаасан явдал бөгөөд манай төлөөлөл барилдааны зохион байгуулалтад оролцож, үндэсний бөхийн уламжлалыг олон улсад таниулж байна.

Манай улсын баг тамирчид өмнөх буюу 2024 онд Казахстан улсад болсон V наадамд 16 төрөлд 66 тамирчинтай оролцож, 5 мөнгө, 9 хүрэл медаль хүртсэн амжилттай оролцсон бөгөөд энэ жил амжилтаа улам ахиулахаар бэлтгэлээ бүрэн хангажээ.

"Нүүдэлчдийн Олимп" хэмээн нэрлэгддэг тус наадам Бишкек хот болон Иссык-Куль нуурын эрэг дэх Чолпон-Ата хотод үргэлжилж байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button