Танилц: 2027 онд улсын төсвөөс хамгийн өндөр татаас авах 5 аймаг

Засгийн газраас ирэх оны төсвийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Eguur news агентлаг Монгол Улсын 2027 оны төсвийг агуулга тус бүрээр задлан хүргэж байна. Ирэх онд улсын төсвөөс 14 аймгийн орон нутгийн төсөвт санхүүгийн дэмжлэг олгохоор тусгажээ. Улсын төсвөөс татаас авах аймгуудыг Хөвсгөл аймаг 56.4 тэрбум төгрөг гэсэн дүнгээр тэргүүлж байна.
Нэг. Хөвсгөл 56.4 тэрбум
Хөвсгөл аймагт улсын төсвөөс татаас олгох дүн хамгийн өндөр нь төдийгүй бусад аймагтай харьцуулахад 2026 оныхоос хамгийн их өссөн нь байна. Тодруулбал, 2027 онд тус аймгийн төсөвт олгох дэмжлэг 56.4 тэрбум төгрөг. Харин 2026 онд 36.8 тэрбум төгрөг байв. Зөрүү нь 19.6 тэрбум төгрөг.
Хөвсгөл аймаг Монгол орны аялал жуулчлалын голлох бүс нутаг хэдий ч төсвөө өөрөө бүрдүүлдэг, улсын төсөвт нэмэрлэдэг болсонгүй. Тус аймгаас Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын ХЗБХ-ны дарга Л.Мөнхбаатар, МАН-ын социалдемократ эмэгтэйчүүдийн холбооны дарга Д.Үүрийнтуяа, Ц.Даваасүрэн зэрэг улс төрч энэ парламентад сууж буй. Мөн сонгуулийн бүсээр нь авч үзвэл сөрөг хүчин талаас Ерөнхийлөгч асан Х.Баттулга бий.
Хоёр. Завхан 51 тэрбум
Завхан аймаг 2026 онд улсын төсвөөс дэмжлэг хүртэх дүнгээрээ хоёрт бичигдэж байв. Ирэх онд мөн хоёрт жагсаж байна. 2026 онд 36 тэрбумын татаас авч байсан бол 2027 онд 51 тэрбумыг хуваарилжээ.
Гурав. Увс 49.6 тэрбум
Увс аймаг улсын төсвөөс авах татаасийн хэмжээгжэрээ гуравт бичигдэж байна. Ирэх 2027 онд тус аймагт 49.6 тэрбум төгрөг олгохоор төлөвлөжээ. 2026 онд энэ дүн 34.8 тэрбум байв.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн нутагт олгох төсвийн дэмжлэг ийн нэг жилийн дотор 14.8 тэрбум төгрөгөөр тэлсэн харагдана. Ерөнхий сайд Н.Учралыг хаврын чуулганы хугацаанд сөрөг хүчинд албан тушаалын найр тавьж, төсвийн хуваарилалтыг ахиу тавих зэргээр Засгийн газраа тогтоож ирсэн гэдэг.
Дөрөв. Архангай 36.5 тэрбум
Архангай аймгийн улс төсвөөс хүртэх татаасын дүн 2026 онд 29.3 тэрбум төгрөг байв. Харин Засгийн газар ирэх 2027 онд 36.5 тэрбум төгрөгийн төсвийн дэмжлэг үзүүлэхээр тооцоолжээ. Өөрөөр хэлбэл, өмнөх оноос 7.2 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Архангай аймаг 93 мянга орчим хүн амтай. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зэрэгцээ сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал нэмэгдэж байгаа. Гэсэн хэдий ч төсвөө өөрөө бүрдүүлэх түвшинд хүрсэнгүй.
Тав. Баянхонгор 29.3 тэрбум
Баянхонгор аймаг 2026 онд 28 тэрбум төгрөгийн татаас улсын төсвөөс авсан байна. Улсаас ирэх 2027 онд 29.3 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. Өмнөнх онуудын мэдээллийг харвал татаас авах аймгуудаас мөнгөн дүнгээрээ тавдугаар байр орчид жагсаж иржээ. Ирэх онтой ижил түвшинд гэсэн үг.
Тус аймаг өрсөлдөх чадварын индексээрээ ойгуур жагсдаг. Тухайлбал, 2024 оны статистик мэдээллээр 21 аймгаас 16-д бичигджээ. Харин ирэх онд улсын төийн дэмжлэг авах дүнгээрээ дөрөвт бичигдсэн Архангай аймаг 17-д эрэмбэлэгдсэн байна.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.