ОХУ төсвийн алдагдлаа хянан зохицуулж чадна гэж Путин хэлжээ
ОХУ-ын Владивосток хотод Дорнын эдийн засгийн чуулган явагдаж байна. Тус чуулган дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлэхдээ төсвийн алдагдал нэмэгдэж буй нь эдийн засагт ноцтой эрсдэл учруулахгүй, хянан зохицуулах боломжтой гэжээ. Тэрбээр “Бид дэлхийн хамгийн бага гадаад өртэй орнуудын нэг учир ноцтой аюул тулгараагүй” гэж хэлсэн байна.
Энэ оны эхний хагаст ОХУ-ын төсвийн алдагдал 40 хувиар нэмэгдэж, ДНБ-ий 2.8 хувьтай тэнцэх хэмжээнд хүрсэн. ОХУ энэ жилийн төсвийн алдагдлыг ДНБ-ий 1.6 хувьд барина гэж зорилт тавьсан байсан юм.ОХУ 2022 онд Украин руу довтолж эхлүүлсэн бүрэн хэмжээний дайнд зарцуулж буй мөнгө нь тогтмол өссөөр ирсэн . Сүүлийн жилүүдэд ОХУ-н засгийн газар зэвсэгт хүчнээ санхүүжүүлэхийн тулд татвар өсгөж, зээлээ нэмэгдүүлсэн.
Ирэх долоо хоногт ОХУ-ын төв банк хуралдаж бодлогын хүүг хэрхэх талаар шийдвэр гаргана. Төв банк энэ тал дээр шийдвэр гаргахдаа төсвийн алдагдал нэмэгдэж буй явдал болон инфляц өсөх хандлагыг чухалчлан авч үзэх юм. Сүүлийн үед Орос бизнесүүд бодлогын хүүг 14 хувиас бууруулахыг уриалах болсон. Учир нь бодлогын хүүгийн түвшин өндөр байх нь бизнесүүдэд зээл авч, үйл ажиллагаагаа тэлэхэд хүндрэл учруулж байгаа юм.
Эх сурвалж: The Moscow Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.