НИЙГЭМ

Сурвалжилга: Сурах бичиг хүрэлцээгүйгээс “номтой, номгүй” гэж сугалаа сугалж байна

Хичээлийн шинэ жил эхэлсэн ч зарим сурагч шаардлагатай сурах бичгээ авч чадалгүй, гэрийн даалгавраа утаснаасаа харж хийх, хуучин ном худалдаж авах нөхцөлд оржээ. Зарим сурагчийн мэдээлснээр сурах бичгийг хүүхдүүдэд сугалаагаар хуваарилжээ. Цаасан дээр “шинэ”, “хуучин”, “хоосон” гэж тэмдэглэн сугалуулж, аз таарсан хүүхэд нь номоо авсан байна. Ингэснээр нэг ангийн тал нь сурах бичигтэй, тал нь номгүй үлджээ. 

Номгүй хүүхдүүд гэрийн даалгавраа цахимаар хайх, ангийнхаа хүүхдээс ном зээлэх зэргээр хичээлээ хийж байгаа аж. Мөн зарим ангид сурах бичгийн түрээсийн мөнгийг групп чатаар хурааж, түрүүлж мөнгөө шилжүүлсэн сурагчдад ном олгосон гэдгийг сурагчид хэллээ.

Үлдсэн хүүхдүүд өөрсдөө ном худалдаж авах сонголттой үлдэж байна. Манай сурвалжлах баг хуучин номын худалдаанаас сурах бичиг худалдаал буй үнийг тодрууллаа. Тэнд бага, дунд, ахлах ангийн ном гэдгээс хамаарах харилцан адилгүй үнэтэй байна. Тухайлбал, наймдугаар ангийн багц ном авахад 75 мянган төгрөг шаардлагатай. 

-Сурах бичиг сугалж чадаагүй хүүхдүүд худалдаж авах сонголттой үлдэж байна-

Номын хүрэлцээний асуудал ахлах ангийн сурагчдад ч дарамт болж байна. Энэ жил 12 дугаар ангид суралцаж буй хүүхдүүд төгсөлтийн шалгалт, элсэлтийн шалгалтад бэлтгэхийн тулд өмнөх ангиудын сурах бичгийг хуучин номын худалдаанаас хайж байна. 10, 11 дүгээр ангийн нийгмийн ухааны ном зэрэг шаардлагатай сурах бичгийг нэг бүрчлэн авч байгаа бөгөөд зарим ном олдохгүй байгаа тул номын баярыг хүлээхээ хэллээ.

Хуучин сурах бичгийн үнэ өнгөрсөн жилээс ойролцоогоор 5000 төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг худалдан авагч сурагчид хэлж байна. Ингэснээр сурагчийн хэрэглэх номын нийт зардал 100 мянган төгрөгт хүрч байна. Мөн зарим гэр бүлд сургуулийн насны 2-4 хүүхэд байлаа гэж бодоход өрхийн санхүү д тодорхой хэмжээний зардал гарахаар байна. 

-Хуучин номын эрэлт нэмэгджээ-

 Хуучин номын худалдаачдын хэлснээр сурагчид бүх номоо нэг дор авах бус, хамгийн хэрэгтэй сурах бичгээ ширхэгээр нь сонгож байна. Наймдугаар ангийн 18 нэр төрлийн сурах бичгийг бүрэн авахад ойролцоогоор 75 мянган төгрөг шаардлагатай. Харин нэг номоо 5000 төгрөгөөр худалдаж авдаг сурагч цөөнгүй. “Бага ангийн хүүхдүүдэд төрөөс ном үнэгүй өгдөг. Гэхдээ эцэг, эхчүүд элэгдэл багатай, цэвэрхэн ном авах гэж манайхаас ирдэг.

Жишээ нь математикийн ном 5000 төгрөг. Энэ мөнгөөр өнөөдөр юу авах вэ. Харин бүтэн жил хэрэглэх номоо авах нь ашигтай” хэмээн худалдаачин ярив. Энд худалдаалагдаж буй сурах бичгүүдийг өмнө нь хэрэглэж байсан сурагчид эргүүлэн зардаг аж. Ийнхүү нэг ном хэд хэдэн хүүхдийн гар дамжин хэрэглэгдсээр байна. 

МУБИС-ийн урд байрлах хуучин номын худалдаа

Нэгдүгээр ангийн номыг аравдугаар сарын 1-нд бүрэн хангана 

Боловсролын яамнаас энэ жилийн сурах бичгийн нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбоотойгоор сурах бичгийг шинээр боловсруулж, хэвлэх ажил хийгдэж байгааг онцолсон. 

Шинэ сурах бичгийн нийлүүлэлтийг 10 дугаар сарын 1-ний дотор 100 хувь хангахаар ажиллаж байгаа бол 2-5 дугаар ангийн сурах бичгийн нөөц хангалттай гэж мэдээлжээ. Гэвч сурагчид номгүй үлдсэн, сугалаагаар хуваарилсан гэх мэдээлэл нь үүнээс өөр асуудлыг хөндөж байна. Тухайлбал, сурах бичгийн бодит нөөц сургуулиудын түвшинд хүүхэд бүрийн хэрэгцээг хангаж чадаж байгаа эсэх нь анхаарал татаж байна. 

Сурах бичиг хүрэлцэхгүй үед хүүхэд цахимаас материал хайх, найзаасаа ном зээлэх, эцэст нь өөрөө худалдаж авах сонголттой үлдэжээ. Харин энэ бүхний цаана эцэг, эхэд нэмэлт зардал, хүүхдэд суралцах тэгш бус нөхцөл үүсэж байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button