Гадаад мэдээДЭЛХИЙ

Азийн XX их наадмын талаар мэдэх хэрэгтэй зүйлс

Азийн XX их наадам бямба гарагт /2026.09.19/ Японы Айчи мужийн Нагояа хотод нээлтээ хийж аравдугаар сарын 4 хүртэл буюу 16 хоног үргэлжилнэ. Тус наадамд Монгол Улсаас 303 тамирчин 31 спортын төрөлд өрсөлдөх юм.

Нээлтийн ёслол Нагояа хотын Палома Мизүхо цэнгэлдэхэд Японы цагаар 18:00 цагт эхэлнэ. Харин хаалтын ёслол 10 дугаар сарын 4-ний өдөр мөн тус цэнгэлдэхэд болно. Нээлтийн ёслолд Монгол Улсын тугийг дээд лигийн “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Ч.Тэмүүлэн, Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ П.Энххүслэн нар барьж жагсах юм.

Наадамд 45 улс болон бүс нутгийн тамирчдаас гадна Азийн наадмын түүхэнд анх удаа дүрвэгсдийн баг өрсөлдөх болжээ. Зохион байгуулагчид 15 мянган тамирчин ирнэ гэж тооцож байсан ч бүртгүүлсэн тамирчдын тоо 17 мянга давсан байна. "Imagine One Asia" уриатай явагдаж буй тус наадмын бэлгэдэл сахиус нь Нагояа цайзын алтан загасан чимэглэлээс санаа авсан Хонохон юм.

Азийн XX наадмын бэлгэдэл сахиус Хонохон, зургийн эх сурвалж: Aichi-Nagoya Games

Тамирчид нийтдээ 43 спортоор 469 медалийн төлөө өрсөлдөнө. Энэ жил холимог тулаан, сёрфинг, BMX фрийстайл, виртуал таеквондо, мөн падел (теннистэй төстэй, хаалттай талбайд тоглодог спорт), тэкбалл (хөлбөмбөг, ширээний теннисийг хослуулсан спорт) зэрэг зургаан төрөл Азийн наадамд нэмэгджээ.

Азийн наадмын түүх

Азийн наадмын үндэс 1913 онд Манила хотод болсон Алс Дорнодын аварга шалгаруулах наадмаас эхтэй. Тус тэмцээн 1934 он хүртэл нийтдээ арван удаа болж, дайн болон улс төрийн зөрчлийн улмаас тасалджээ.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Энэтхэгийн олимпийн хорооны төлөөлөгч Гуру Дутт Сондхигийн санаачилгаар 1949 оны хоёрдугаар сарын 13-нд Шинэ Дели хотод Азийн наадмын холбоо байгуулагдсан байна. Тус холбоо анхны наадмаа 1951 онд Шинэ Дели хотод зохион байгуулжээ. Тухайн үед 11 улсын 489 тамирчин зургаан спортын 57 төрөлд өрсөлдөж байсан юм.

Наадмыг зохион байгуулах ажлыг 1951-1978 оны хооронд Азийн наадмын холбоо хариуцсан ажилласан байна. Тус холбоо тарсны дараа буюу 1982 оноос Азийн олимпийн хороо зохион байгуулж иржээ. Японы хувьд Азийн наадмыг өмнө нь хоёр удаа зохион байгуулсан туршлагатай. Анх 1958 онд Токио, 1994 онд Хирошима хот зохион байгуулсан байна.

Эх сурвалж: Aichi-Nagoya Asian Games and Asian Para Games Organizing Committee , Asian Olympic Committee, Монголын Үндэсний Олимпийн Хороо,

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button