AI-ийн учруулж болох эрсдэлээс болгоомжлох үзэл нэмэгдсэнээр компаниудын хувьцаа унав
Дэлхийн томоохон хиймэл оюун ухааны компаниудын удирдлагууд уг технологи хүн төрөлхтөнд оршихуйн аюул учруулж болзошгүйг анхааруулах боллоо. Үүнтэй холбогдуулан хиймэл оюун ухаантай холбоотой компаниудын хувьцаа энэ долоо хоногт огцом унажээ. Тус салбарын томоохон төлөөллүүд ийнхүү анхааруулж эхэлсэн нь хөрөнгө оруулагчдын хиймэл оюун ухааны хөгжилд итгэх итгэлийг сулруулав.
Тодруулбал, “Anthropic” компанийн гүйцэтгэх захирал Дарио Амодэй бямба гарагт /2026.09.12/ цахим орчинд эсээ нийтлэхдээ хиймэл оюун ухааныг буруугаар ашиглах вий гэсэн болгоомжлол нэмэгдсэн тул хөгжүүлэлтийг удаашруулах санал дэвшүүлсэн юм. “xAI” компанийн үүсгэн байгуулагч Илон Маск болон “OpenAI”-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтмэн нар түүний байр суурийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Тэгвэл Уолл Стрийтийн технологийн гол индекс болох “Nasdaq 100” мягмар гарагт /2026.09.15/ 0.8 хувиар буурсан байна. Мөн Филадельфийн хагас дамжуулагчийн индекс 5.8 хувиар унав. Тус индекс нь микрочипийн салбарт үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын хамгийн том 30 компанийн хувьцааны ханшийг илтгэдэг юм. Хиймэл оюун ухааны хөгжлөөс хамгийн их ашиг хүртэж буй “Nvidia”-ийн хувьцаа 3.36 хувь, “AMD” 4.4 хувь, “Micron Technology” 5.25 хувиар тус тус буурсан байна.
Хагас дамжуулагч үйлдвэрлэх төхөөрөмж үйлдвэрлэдэг “Lam Research”, “Applied Materials”, мөн технологийн салбарыг эрчим хүчээр хангадаг “Bloom Energy”-гийн хувьцаанууд тус бүр зургаа орчим хувиар унажээ.
Европт технологийн салбаруудын хувьцаа мөн унасан байна. Үүнд “ASML”-ийн хувьцаа 7.27 хувиар унасан нь голлон нөлөөлжээ. Азийн зах зээлд микрочип үйлдвэрлэгч “TSMC”-гийн хувьцаа 3.52 хувиар унасан юм. Үүнээс харвал хувьцааны уналт хиймэл оюун ухааны салбар даяар ажиглагдсан байна.
Амодэйн нийтэлсэн эсээнээс гадна хиймэл оюун ухааны учруулж болох аюулын талаарх түгшүүрийг нэмсэн өөр нэг зүйл энэ сарын эхээр болсон юм. Тодруулбал “Anthropic”-ийн судлаач Жейкоб Коксон тус салбарын томоохон компаниуд бидний амьдралаар дэнчин тавьж байна хэмээн мэдэгдэж ажлаа хүлээлгэн өгсөн байна.
Үүнээс хэдэн хоногийн дараа Сан-Францискод төвтэй хиймэл оюун ухааны лаборатори тус технологийн учруулж болох аюулын талаар тайлан гаргажээ. Уг тайланд “Anthropic”-ийн “Claud” хиймэл оюун ухааны загваруудыг зэвсэг хөгжүүлэх, цахим халдлага явуулах, тандалт хийх, залилан мэхлэх зэрэг олон төрлийн үйл ажиллагаанд ашиглаж байсныг онцолсон юм.
Мөн “OpenAI”-ийн гүйцэтгэх захирал Алтмэн саяхан өгсөн ярилцлагадаа хиймэл оюун ухааны улмаас хүн төрөлхтөн мөхөх эрсдэл бодитой, ноцтой түвшинд хүрсэн гэжээ. Ийм учир хиймэл оюун ухааны компаниуд болон засгийн газрууд арга хэмжээ авах ёстой гэж тэр хэлсэн байна.
Жонс Хопкинсийн их сургуулийн хиймэл оюун ухааны уялдаа, засаглалын асуудал хариуцсан профессор Жиллиан Хадфилд "Эдгээр анхааруулгыг нухацтай авч үзэх хэрэгтэй. Хиймэл оюун ухааны загварууд урьдчилан тооцоолж чадахгүй зүйлсийг хийх бодит эрсдэл бий" гэжээ.
АНУ-ын хэд хэдэн хууль тогтоогч хиймэл оюун ухаан хэт хурдан хөгжиж буйд санаа зовниж, шинээр хууль зохицуулалт батлахыг уриалах болсон байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2026.09.14/ хиймэл оюун ухааны эрсдэлээс болгоомжлуулсан уриалгуудыг үл тоосон байр суурь илэрхийлжээ. Энэ болгоомжлол нь үнэндээ хиймэл оюун ухаан болон мэдээлэл боловсруулах төвүүдийн эсрэг чиглэсэн хуйвалдаан гэж тэр хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.