Ираны дайнд АНУ 38 тэрбум ам.доллар зарлагаджээ
АНУ Израилтай хамтран Иранд цохилт өгч дайн эхлүүлээд зургаан сар болж байна. Израилын хувьд АНУ-ыг хүчтэй лоббидож Ираны дайныг эхлүүлсэн ч гэсэн одоо Вашингтонд туслахгүй, оролцохгүй байгаа юм. Тэгвэл энэ зургаан сарын хугацаанд АНУ Ираны дайнд 38 тэрбум ам.доллар зарлагадсан гэж Конгрессын Төсвийн алба мягмар гарагт /2026.09.15/ мэдэгджээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет долоодугаар сарын 21-нд Сенатын танхимд болсон сонсголын үеэр дайнд 37.5 тэрбум ам.долларыг зарцуулсан гэж хэлж байсан юм
Доналд Трампын захиргаа Израилын хүслээр эхлүүлсэн дайныг дуусгах аргаа олж ядаж байгаа энэ нөхцөлд тэрхүү зардал сар бүр 3 тэрбум ам.доллароор өсөх төлөвтэй байна. Ираны дайны улмаас газрын тосны үнэ өсөж, дэлхий даяар инфляц нэмэгдсэн. Конгрессын Төсвийн алба мэдээлснээр наймдугаар сарын 1-ны байдлаар Ираны дайн инфляцыг 0.5 хувиар нэмэгдүүлэх хандлагатай байгаа юм. Тус албаны гаргасан тайлан сүүлийн өдрүүдэд Ормузын хоолойд явж байсан хөлгүүдэд өгсөн цохилт, АНУ-ын цэргийн байгууламжууд халдлагад өртсөний зардлыг тооцоогүй байна. Мөн дайныг санхүүжүүлэхтэй холбоотой бонд гаргах зардал нэмэгдсэнийг тооцож үзээгүй юм. Эдгээрийг нэмбэл зардал олон тэрбум ам.доллароор нэмэгдэх магадлалтай.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.