Уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртсөн Баянхонгорын Баянлиг, Бууцагаан, Дундговийн Хулд, Эрдэнэдалай сумдад "Ухаалаг малчин" төсөл хэрэгжүүлнэ

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, Дасан зохицох сан, НҮБ-ийн Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн буцалтгүй тусламжаар НҮБ-ийн Аж үйлдвэр, хөгжлийн байгууллагын техникийн туслалцаатай хамтран хэрэгжүүлэх “Ухаалаг малчин” төслийн нээлт өнөөдөр (2026.10.06) боллоо.
Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан, Дундговь аймгийн Хулд, Эрдэнэдалай суманд хэрэгжүүлэх “Бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэртэй технологи нэвтрүүлэх (Ухаалаг малчин)” төслийн нээлтэд Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал Ний Куайе-Кума тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Төслийн хүрээнд Баянхонгор болон Дундговь аймгийн уур амьсгалын өөрчлөлтөд өндөр өртөмтгий бүсэд оршин суугаа 4000 орчим малчин өрхөд шууд хүртээмжтэй байх, дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ.
Эдгээр аймаг нь цөлжилт, өвөлжилт, ган, шар шороон шуурга зэрэг уур амьсгалын нөлөөлөлд хамгийн их өртдөг бөгөөд малчдын амьжиргаа бараг бүрэн хэмжээгээр мал аж ахуй, бэлчээрийн нөөцөд тулгуурладаг. Тэгвэл энэхүү төсөл нь эдгээр бүс нутгийн хамгийн эмзэг, орхигдсон бүлгүүдийг хамарч, уур амьсгалын нөлөөллийн давтамж, эрч нэмэгдэж буй нөхцөлд дасан зохицох шаардлагатай мэдлэг, ур чадвар, дэд бүтэц, хэрэгслүүдийг малчдад олгох аж.
НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал Ний Куайе-Кума “Уур амьсгалын өөрчлөлтийн дундаж оноо 1.7 байдаг. Гэтэл сонгогдсон хоёр аймгийн дөрвөн сумын бүс нутаг нь 2.2 оноо авчээ. Энэ нь дэлхийн дунджаас маш өндөр гэсэн үг. Тиймээс тухайн бүс нутагт амьдардаг малчин айл өрх, иргэд болон мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр шим нь тодорхой хэмжээнд нэрвэгдэж байгаа гэсэн судалгаа гарсан. Тиймээс Олон улсын дасан зохицох сангийн буцалтгүй тусламжаар энэ төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Гол зорилго нь сонгосон хоёр аймгийн дөрвөн сумын малчин өрхүүдийн амьжиргааг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэх, малаас гарах бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж, амьжиргаагаа залгуулах боломжийг олгоход оршиж байгаа юм” гэв.
Г.САНСАР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.