Германы тагнуулын албаны дарга асан эх орноосоо урвасан, хүүхэд хулгайлсан хэрэгт холбогдов
Германы Гадаад тагнуулын албыг (BND) удирдаж байсан Август Ханнингийг гадаадын тагнуулын байгууллагад төрийн нууц дамжуулсан байж болзошгүй хэмээн мягмар гарагт /2026.10.06/ баривчилжээ.
Тус улсын прокурорын газраас мэдээлснээр, 1998-2005 онд “BND”-ийг удирдсан Ханнинг төрийн нууц мэдээлэл цуглуулсан, тагнуул хийсэн, эх орноосоо урвахыг оролдсон хэрэгт хүчтэй сэжиглэж байгаа гэсэн юм. Ханнингийн туслахаар ажиллаж байсан Манфредийг мөн баривчилжээ. Түүнийг эх орноосоо урвахыг завдсан болон улс орноосоо урвасан шинжтэй тагнуулын ажиллагаанд тусалсан хэрэгт буруутгаж байгаа аж.
Германы прокурорын газар тэднийг аль улсад тагнуул хийсэн гэж сэжиглэж байгаа талаар мэдээлэл өгөөгүй байна.
Мандфред Ханнингт төрийн нууц мэдээлэл өгдөг байсан
Прокурорын газар мэдээлснээр Манфред нь Ханнингийн ажлын албаны даргаар ажиллаж байсан аж. Тэрбээр дараа нь 2012-2026 онд “BND”-д хэд хэдэн удирдах албан тушаал хашжээ. Манфред удирдах албан тушаал хашиж байхдаа нууц мэдээлэлд нэвтрэх боломжтой байсан юм.
Мөрдөн шалгагчид Ханнинг, Манфред нар 2010 онд тохиролцож, “BND”-д олж авсан чухал мэдээллийг Ханнингт тогтмол өгч байхаар болсон гэж үзэж байгаа аж. Үүнийхээ хариуд Манфред мөнгө авч байжээ.
Манфред тохиролцсоноосоо хойш Ханнингт ойролцоогоор 2 мянган баримт өгсөн байна. Тэдгээр баримт бичгийн ихэнхэд нь нууцын зэрэглэлтэй мэдээлэл байсан юм. “BND” нууцын зэрэглэлтэй мэдээллийг зөвхөн дотоод хэрэгцээнд, эрх баригчдад зориулсан тагнуулын мэдээллийн танилцуулгад ашигладаг.
Ханнинг эдгээр мэдээллийг хувийн зөвлөгөө өгдөг ажилдаа ашигладаг байжээ. Тэрбээр Манфредээс авсан нууц мэдээллээ ашиглан гадаадын тагнуулын албанд зориулсан дүн шинжилгээ боловсруулсан тохиолдол хүртэл бий гэж прокурорын газар мэдэгдсэн байна. Прокурорын газар Ханнингийн дүн шинжилгээ бичиж өгсөн тагнуулын алба нь аль улсынх болох талаар мэдээлэл өгөөгүй юм.

Дүн шинжилгээ бичиж өгсөн тагнуулын албанаас гадна Ханнинг өөр нэг улсын тагнуулын албаны төлөөлөгчтэй олон жилийн турш ойр холбоотой байж, улс төрийн мэдээлэл дамжуулдаг байсан гэж прокурорын газар мэдэгджээ. Тэдгээр мэдээллийн зарим нь Манфредээс авсан баримтын агуулгыг ашигласан байсан аж.
Хүүхэд хулгайлсан хэрэгтэй холбоотой мөрдөн шалгалтын үр дүнд энэ хэрэг илэрсэн
Ханнинг эх орноосоо урваж, төрийн нууц мэдээллийг цуглуулсан гэх хэргийг өөр нэг дуулиантай хэрэгтэй холбоотой мөрдөн шалгалтын үеэр илрүүлжээ. Тодруулбал, Германы Хамбург хотын бизнес эрхлэгч Кристина Блокийн хүүхдүүдийг 2024 оны нэгдүгээр сард салсан нөхрөөс нь хулгайлсан хэрэгтэй холбоотой мөрдөн шалгалтын явцад Ханнингийн нэр гарч ирсэн байна.
Блок болон түүний хуучин нөхөр хүүхдүүдээ асран хамгаалах асуудлаар хэдэн жилийн турш маргалдаж байсан юм. Энэ хэргийг мөрдөн шалгах хүрээнд Ханнингийн гэрт нэгжлэг хийх үеэр нууцлалтай баримтууд олдож, түүнийг баривчилжээ.
Мөрдөн байцаагчид Ханнинг болон өөр нэгэн этгээдийг Блоктой гэрээ хийж, хүүхдүүдийг салсан нөхрөөс нь хулгайлахаар тохиролцсон байж магадгүй гэж сэжиглэж байгаа аж.
Германы сөрөг хүчний Ногоон намын парламентын гишүүн Константин фон Нотц Ханнингийн холбогдсон хэргүүдийг сонсоод цочирдсон гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр уг хэргийг яаралтай, нягт шалгахыг шаардсан байна.
Фон Нотц Германы тагнуулын байгууллагад өндөр албан тушаал хашиж байсан, нууцын өндөр түвшний мэдээлэлд нэвтрэх эрхтэй байсан хүмүүс ажлаа хүлээлгэн өгсний дараа хувийн зөвлөхийн ажил хийдэг асуудлыг олон жилийн турш шүүмжилж ирсэн юм.
Ханнингийн дуулиант хэрэг дэлгэгдсэний дараа нууц мэдээлэлд нэвтрэх эрхтэй байсан албан тушаалтнуудыг хувийн зөвлөхөөр ажиллахыг хориглох шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Өмнө нь гарч байсан тагнуулын дуулиант хэргүүд
Ханнингээс өмнө Германы хэд хэдэн өндөр албан тушаалтан асан тагнуул хийж байсан нь илэрсэн дуулианд хэргүүд бий. Тодруулбал Баруун Германы канцлер Вилли Брандтын ойрын туслахын нэг нь Зүүн Германы тагнуул байсан нь 1974 онд тогтоогдсон байдаг. Энэ хэргийн дараа Брандт канцлерын албан тушаалаа хүлээлгэн өгчээ.
1990 онд Баруун Германы тагнуулын албаны өндөр албан тушаалтан Клаус Курон Зүүн Германы Аюулгүй байдлын яамд нууцаар ажиллаж байсан нь илэрсэн юм. Түүнийг эх орноосоо урвасан хэрэгт буруутган ялласан байдаг.
Эх сурвалж: CNN, Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.