НийгмийнУЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Аваагүй ногдол ашгийг арван талаас нь хуваах монгол ухаан

Монголын Засгийн газар өнгөрсөн есдүгээр сард "Рио тинто"-той Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах тохиролцоо хийсний дүнд анхны ногдол ашгийг 2027 онд олгохоор болж, түүнийгээ хэрхэн юунд зарцуулахаа иргэдээрээ шийдүүлнэ хэмээн өчигдрөөс (2026.10.14) "И-Монголиа"-гаар санал асуулга эхлүүлэв.

Төрийн ордонд сайд нар ногдол ашгийн талаар ээлж дараалан мэдээлэл хийж, "Ард түмнийхээ саналаар шийднэ" гэж байхад төв талбайд иргэд "Ногдол ашгаа бүгдийг нь дансандаа авмаар байна" хэмээн жагсаж байх. Гэтэл ногдол ашгийг бэлнээр шууд иргэдийн гар дээр тараах, дансанд нь хийх хууль эрх зүйн ямар ч зохицуулалт байхгүйг Сангийн сайд хэлчихлээ.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулиараа ногдол ашгийг иргэдийнхээ боловсрол, эрүүл мэнд болон орон сууцны асуудлыг шийдэхэд зориулж Хуримтлалын санд төвлөрүүлэх нь үнэн л дээ. Гэхдээ баялгийн эзэн гэгддэг иргэд нь ногдол ашгаа авах болохоор хууль яриад, төр засаг гуравны хоёрыг нь өөр зүйлд зарцуулах болохоор нэг удаагийн хуулиар шийдчихдэг байж таарахгүй.

Монголчууд "Рио тинто"-гийнхонтой 17 жилийн дараа анх удаагаа тохиролцоонд хүрч, ногдол ашиг авах хугацааг наашлуулж, яриа хэлэлцээ өрнөхтэй зэрэгцээд төр ч, түмэн олон ч дээр, доргүй бүгд мөнгөө юунд зарцуулах тухай ухаанаа уралдуулаад эхэлсэн. УИХ-д хэдийн өргөн барьсан төсвөө иргэдээр хэлэлцүүлнэ гээд явж байгааг нь сөрөг хүчин АН-ынхан ч хүчтэй шүүмжилж байгаа.

"Алаагүй баавгайн арьсыг 10-уулаа хуваана" гэдэг үлгэр бодитоор өнөөдөр өрнөж байгааг айлын тал хараад элэг нь хөшиж байгаа даа. "Ингэхэд яг хэн, яг хэзээ, яг хэдий хэмжээний ногдол ашиг олгох тухай мэдэгдэл хийчихсэн юм бэ" гээд Монголд саяхан ирээд буцсан гүйцэтгэх захирал Саймон Тротт нь хүртэл өөртөө ч гайхширч, итгэхгүй байгаа биз.

"Засгийн газар 2027 онд ₮3 их наядын ногдол ашиг авах санал тавьсан нь үнэн ч "Эрдэнэс Оюутолгой"-н захирал Б.Тэлмүүн үүнийг эцсийн шийдвэр биш, зөвхөн санал гэж тодотгосон. Өөрөөр хэлбэл, бодит дүн нь жилийн эцсийн санхүүгийн үр дүн, мөнгөн хөрөнгийн байдлаас хамаарах зүйл. "Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх ч ногдол ашиг олгохын тулд компани Ашигтай ажиллах, Мөнгөн урсгал тогтвортой байх, Зээлдүүлэгчидтэй зөвшилцөх гэсэн гурван гол шаардлагуудыг онцолсон байгаа шүү дээ.

Ногдол ашиг олгох нь зээл эргэн төлөх мөнгийг хувьцаа эзэмшигчид рүү чиглүүлж байгаа хэрэг учраас зээлдүүлэгчид дургүйцэж болзошгүй тул "Хоёр талын хувьцаа эзэмшигчийн дунд гүүр нь болж ажиллана" хэмээн тэрбээр байр сууриа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн талцаж, булаалдаж, мэтгэлцээд буй ₮3 их наяд бол эцэслэн тодорхой болоогүй тоо.

Тэгэхээр эхлээд ядаж "баавгай"-гаа баттай "намнаж" байж арьсыг нь өвчиж, хуваана биз дээ. Гэтэл баавгай маань ч хаана яваа юм, юугаар ч намнах нь тодорхойгүй байхад ганцаараа анд гарч шидээд бариулбал яана. Баавгай Монголд бодитоор аюул занал учруулаад байхад сургамж ядаж авцгаая аа.

2027 онд ₮3 их наядын ногдол ашиг олгохоор боллоо гэхэд түүнийг өнөөдөр нэг хэсэг нь дансандаа авна гэж, Засгийн газар нь юунд зарцуулахаа иргэдээсээ асууна хэмээн талцаж, талцуулах нь үнэхээр егөөтэй байна. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд нь "Хэрэв ногдол ашиг орж ирэхгүй бол 2027 оны улсын төсвийн зардал 43 биш, 40 их наяд болно" гэж улайх чинь билээ.

Хэрэв тэгвэл иргэн бүр дансандаа авна гэж итгээд байгаа 857 мянган төгрөг ч үгүй, Засгийн газар эрчим хүчний салбараа өөд нь татна гээд байгаа ₮790 тэрбум ч үгүй, 300 МВт хүчин чадалтай VI станцын бүтээн байгуулалтыг эхлүүлэх ч үгүй, "ДЦС-3"-ын турбингенератороо ч шинэчилж чадахгүй, олон жил дуншсан 10 аймгийн Дулааны цахилгаан станцын ажлыг ч урагшлуулж дөнгөхгүй гэсэн үг.

Боомтын шинэчлэл, төрөлжсөн ахлах сургууль байгуулах, 100 "Ногоон сургууль" бий болгох гэхчлэн бусад салбарт зарцуулахаар тусгасныг нь энэ удаадаа больж боллоо гэе. Гэтэл эрчим хүчний гачигдал, хомсдолоо шийдэх нь үнэхээр чухал байтал баттай орж ирэх үгүй нь тодорхойгүй Оюутолгойн ногдол ашгаас эдгээр төслийг санхүүжүүлэхээр улсын төсөвт тусгасан нь яаж байгаа юм бол?

Улсаараа гал алдахгүйн тулд өөр ямар нэг эх үүсвэрээс төсөв мөнгийг нь шийдээд хөдөлгөх ёстой эн тэргүүний асуудал нь цахилгаан, дулаан байтал заавал Оюутолгойн ногдол ашиг руу "гар дүрэхээр" санал оруулдаг нь өөрөө маргаан дагуулахаас аргагүй нөхцөл.

Одоо ингээд 14 хоногийн хугацаанд иргэдээс санал асуухаар бүгд л дансандаа мөнгөө авна гэх нь ойлгомжтой. Харин данс нь ирээдүйд зарцуулах нэрийн данс болохоос өнөө маргаашийн өр зээл төлөх, хоолоо залгуулах харилцах данс биш гэдгийг яаж ойлгуулах вэ гэхчлэн асуудал дуусахгүй, хэсэгтээ үргэлжлэх нь. Гэтэл УИХ-аар төсвөө таван шаттай хэлэлцэн батлах хугацаа нь тулаад байдаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Л. Ганчимэг

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. "Өнөөдөр" сониноос ажлын гараагаа эхэлж, хэвлэл мэдээллийн салбарт өдгөө 17 дахь жилдээ ажиллаж буй. Өдгөө Eguur мэдээллийн сайтын Ерөнхий редактороор ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол хүн
Монгол хүн

1.Та нар эх орноо ухаж төнхөж бас түүнээс нь хувьдаа ашиг олж амьдрана гэдэг шуналт бузар зангаа татаж авцгаа!!!
Харин зэсийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэхээ л хэрэгжүүлээ

2. Харин эх орныхоо малынхаа буянг бүгдийг боловсруулж үйлдвэрлэх хүнс ба хөнгөн үйлдвэрлүүдээ л босгож бүгд хувьцаа эзэмшигч болцгоох ёстойгоо ойлгоо!!

3.Хот ,суурин ч бай тухайн нэг дор амьдардаг хүмүүс өөрсдөө хүнсээ авдаг дэлгүүртээ хувь оруулж хоршооны зарчмаар амьдарч бас ашиг хүртэж болдог юм аа!!

4. Манай улсад татварын мөнгө зарцуулах маш хатуу хууль хэрэгтэйг хэрэгжүүлж эхэл ээ!!

Монгол хүн - үргэлжлэл
Монгол хүн - үргэлжлэл

Үнэхээр яаж зөв амьдрах ёстойгоо ерөөсөө мэдэхгүй бас яг ямар ажил яаж хийхийг огт мэдэхгүй байж Монгол эх орноо " удирдах" гэж турш бүтэлгүй хүмүүс улс төрч нэр зүүж ингээд л байж цаашид болохгүй!!!
Ийм сайхан үед " дарга" болж том том ярьж байгаа 30-50 насныхан ч золбин үеийн хүүхдүүд учраас тэднийг буруутгах гэхээр өрөвдөөд байх юм.

Зөв шийдвэр гаргаад эхэлчихэд манай Монголд дутуу юм юу ч байхгүй.

Ингэж доройтох хугацаа дууссан шүү.
Мэдэхгүй юм аа асуу

Холбоотой мэдээ

Back to top button