Гадаад мэдээДЭЛХИЙ

Бүгд найрамдах нам сонгуульд ялагдсан тохиолдолд Трамп бодлогоо Конгрессын зөвшөөрөлгүй явуулахаар бэлтгэжээ

Лхагва гарагт /2026.11.03/ АНУ-ын Конгрессын завсрын сонгууль явагдана. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Бүгд найрамдах нам тус сонгуульд өвдөг шороодох магадлал их.

Тэгвэл Трампын захиргаа Конгрессын хяналтыг Ардчилсан намд алдсан тохиолдолд хэрхэн хөтөлбөрөө хэрэгжүүлэх төлөвлөгөөг өнгөрсөн хэдэн сарын турш боловсруулжээ. Тухайлбал, Трамп мөрийн хөтөлбөрийн гол бодлогуудаа Конгрессын зөвшөөрөлгүйгээр Ерөнхийлөгчийн эрх мэдлээ ашиглан хэрэгжүүлэх арга замд бэлтгэж байгаа аж. Мөн Ардчилсан нам Трампын захиргааны албан тушаалтнуудыг мөрдөн шалгах ажил эхлүүлэх магадлал өндөр тул үүнд ч бэлтгэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Стивен Миллер, Төсөв хариуцсан газрын дарга Рассел Воут зэрэг өндөр албан тушаалтан өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Цагаан ордны Хууль зүйн зөвлөхийн газартай хамтран ажиллажээ. Тэд цагаачлал, гаалийн татвар, орон сууцны үнэ болон холбооны төсвийн зарцуулалттай холбоотой ямар арга хэмжээг Конгрессын зөвшөөрөлгүйгээр хэрэгжүүлэх боломжтойг тодорхойлж байгаа гэж нэрээ нууцлахыг хүссэн гурван эх сурвалж “Global News Canada” агентлагт хэлсэн аж.

Цагаан ордны нэгэн албан тушаалтны хэлснээр, Цагаан ордны хуулийн зөвлөх Уилл Шарф болон түүний баг боломжит хувилбаруудыг судалж байна. Тэр эх сурвалж “Global News Canada”-д хэлэхдээ “Трамп хууль ёсны хүрээнд ямар арга хэмжээг бие даан авч болох, эрх мэдлийнхээ хязгаарыг хэр зэрэг тэлэх боломжтой, ийм шийдвэрээ шүүх дээр хэрхэн хамгаалах талаар судалж байгаа” гэсэн юм.

Бүгд найрамдах намын Конгресс дахь олон статусыг өөрчлөхийн тулд Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхим, Сенатын танхим дөрвөөс багагүй тооны суудал нэмж авах хэрэгтэй. Одоогоор Бүгд найрамдах нам Төлөөлөгчдийн танхимд 218:214, Сенатад 53:47 гэсэн харьцаагаар олонхын статусыг эзэмшдэг. Америкчуудын дунд явуулсан санал асуулгуудаас харвал Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонх болох магадлал өндөр байна. Харин Сенатын сонгууль хэрхэхийг санал асуулгаас таамаглахад учир дутагдалтай байгаа юм.

Зургийн эх сурвалж: Stennis Center for Public Service

Өнгөрсөн нэг сарын хугацаанд Трамп АНУ даяар сонгуулийн кампанит ажил хийж, Конгресс дахь Бүгд найрамдах намын олонхын байр суурийг хадгалж үлдээхээр мэрийсэн. Цагаан ордон Бүгд найрамдах нам сонгуульд ялагдаж магадгүй гэх таамгийг няцааж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг бодит байдалд нийцэхгүй мэдээлэл түгээж байна хэмээн буруутгажээ.

Тодруулбал, Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Лорен Бис “Трампын захиргаа болон эрүүл саруул ухаанд тулгуурласан Бүгд найрамдах нам улсынхаа хилийн аюулгүй байдлыг хангаж, хууль ёс, дэг журмыг сэргээж, хөдөлмөрч америкчуудын халаасанд илүү их мөнгө үлдээхийн төлөө ажилласаар байх болно. Мөн Америкийн ард түмэнд бодит үр дүн авчирна” гэж хэлжээ.

Трамп кампанит ажил хийж, Цагаан ордон Бүгд найрамдах намыг ялагдахгүй хэмээн мэдэгдэж байх зуур Ерөнхийлөгчийн туслахууд бэлтгэл ажлаа хийсээр байна. АНУ-ын Холбооны Засгийн газрын байгууллагууд Конгрессын оролцоогүйгээр дангаараа хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээнүүдийн жагсаалтыг гаргаж, тэдгээрийн хууль зүйн үндэслэлийг хянаж үзсэн гэж төлөвлөгөөний талаар мэдээлэлтэй эх сурвалжуудын нэг хэлжээ.

Холбооны төсвийн зарцуулалтыг хариуцдаг АНУ-ын Төсөв, удирдлагын газрын дарга Воут Конгрессоос аль хэдийн баталсан төсвийг Трампын захиргаа ямар зорилтуудаа хэрэгжүүлэх боломжтойг судалж байгааг хоёр эх сурвалж хэлсэн байна.

Мөн Холбооны Засгийн газраас мужуудад олгодог төсвийн буцалтгүй тусламжийн журмыг өөрчлөхөөр ажиллаж байгаа аж. Ингэснээр аль төрлийн хөтөлбөрт татварын мөнгийг хуваарилах шийдвэрт Трампын захиргааны томилсон албан тушаалтнууд илүү их нөлөөлөх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, Конгрессын зөвшөөрөл авахгүйгээр холбооны төсвийн зарцуулалтад Цагаан ордон нөлөөллөө нэмэгдүүлэх боломжтой гэж эх сурвалжууд тайлбарлажээ.

Дээрх төлөвлөгөөнүүдийн талаар Трампт мэдээлэл өгч, бэлтгэл ажлын талаарх хэлэлцүүлэгт тэр өөрөө оролцсон гэж Цагаан ордны эх сурвалж хэлсэн байна. Ардчилсан нам Конгресст олонх болсон нөхцөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлээ ашиглан засаглахад Трамп хэр зэрэг бэлэн байгаа талаар асуухад эх сурвалжуудын нэг нь “Бүрэн бэлэн” гэж хариулжээ.

Трамп 2025 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн албан тушаалд эргэн "ирснээс" хойш Төрийн тэргүүний эрх мэдлийн хязгаарыг хэд хэдэн удаа сорьж үзсэн. Тэрбээр Ерөнхийлөгчийн эрх мэдлээ ашиглан дэлхийн бүх улсад гаалийн татвар ногдуулж, цагаачлалын хяналтыг чангатган, холбооны төрийн албан хаагчдын тоог цөөлсөн. Мөн Ирантай хийж буй дайн зэрэг гадаад бодлогын алхмуудыг Конгрессын зөвшөөрөлгүй, шинэ хууль батлуулахгүйгээр хэрэгжүүлсэн билээ.

Зургийн эх сурвалж: Times of Israel

Улс төрийн дүн шинжилгээ хийдэг “Inside Elections” хэвлэлийн редактор Нэйтан Гонзалес “Трамп сүүлийн хоёр жилийн хугацаанд Конгрессын үүргийг үндсэндээ үл тоомсорлож, Ерөнхийлөгчийн зарлиг болон гүйцэтгэх эрх мэдлээр аль болох олон бодлого хэрэгжүүлэхийг хичээлээ. Ардчилсан нам Конгресст олонх болсон ч тэр энэ байдлаа үргэлжлүүлнэ гэж бодож байна” гэжээ.

Мөн Австралиас АНУ-д суугаа Элчин сайдаар ажилладаг байсан Жо Хокэй “The Conversation” сэтгүүлд хэлэхдээ “Эцсийн эцэст тэр Ерөнхийлөгчийн гүйцэтгэх захирамжаар дамжуулан засаглаж байгаа гэж би бодож байна. Төлөөлөгчдийн болон Сенатын танхимд Бүгд найрамдах нам олонх байсан нь ямар нэгэн давуу тал авчирч, тус болсонгүй гэж тэр үзэж байгаа бололтой” гэсэн юм.

Трамп шинэ хууль батлуулахгүйгээр бодлогоо явуулахын тулд онц байдал зарлах эрхээ хэд хэдэн удаа ашигласан. Конгресс онц байдлыг цуцлах санал хураалт явуулах боломжтой ч Трамп гаргасан шийдвэрт нь хориг тавьж болно. Түүний хоригийг хүчингүй болгохын тулд Конгрессын хоёр танхимд туйлын олонхын (гуравны хоёр) санал шаардлагатай.

Үүнээс харахад Ардчилсан нам Конгрессын хяналтыг авсан ч Трампыг сөрж чадахгүй мэт харагдаж болно. Гэхдээ Конгресс Трампын захиргаанд томоохон саад учруулах боломжтой юм.

Тодруулбал, Ардчилсан нам Сенатад олонх болбол шүүх болон гүйцэтгэх засаглалд томилохоор Трампын нэр дэвшүүлсэн хүмүүсийг батлахаас татгалзаж болно. Теннесси их сургуулийн төрийн бодлогын профессор Эндрю Буш “Ерөнхийлөгчийн томилгоог батлахад Ардчилсан нам маш болгоомжтой хандаж, ихэнхийг нь дэмжихгүй байх болов уу” гэж хэлжээ.

Конгрессоос гадна Трамп Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнээс давсан шийдвэрүүдийг шүүх хүчингүй болгож болно. Тиймээс шүүхэд маргаан үүссэн тохиолдолд ямар аргумент гаргаж болохыг тодорхойлохын тулд Цагаан ордон Хууль зүйн яамнаас эрх зүйн дүгнэлт гаргуулахаар төлөвлөж байгаа гэж хэлжээ.

Эх сурвалж: Global News, The Conversation

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button