Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийг огцруулах уу
Өчигдөр Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмаа "Аймгийн ИТХ Кокс химийн үйлдвэр барих газрын асуудлыг хэлэлцэж байхад, Төв аймгийн засаг дарга хэдийн нийгмийн хариуцлагын хүрээнд гэх нэрийн дор 4,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн төсөв авсан байна. Төв аймгийн Засаг дарга болон хэсэг бүлэг хүмүүс Бөөрөлжүүтийн цахилгаан станцтай холбоотой компанид 12,000 га газар гаргаж өгөх гэж улайрч буй нь авлига ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй" хэмээн мэдээлэл өгсөн.
Үүний дараа Ерөнхий сайд Н.Учрал Орон сууцны зээл, санхүүжилт, ипотекийн хөтөлбөрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ цаг үеийн асуудлуудад хариулт өгсөн юм. Энэ үеэр "Иргэдэд хүнд суртал үүсгэсэн, хуулиас давсан зүйл нэхсэн нэр бүхий албан тушаалтнуудыг ЗГ-ын хуралдаанаар чөлөөлнө" хэмээсэн билээ.
Аймгийн Засаг даргыг чөлөөлөх, огцруулах эрх Ерөнхий сайдад бий.
Үндсэн хуулийн 60 дугаар зүйлд зааснаар аймгийн Засаг даргад тухайн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэр дэвшүүлж, Ерөнхий сайд дөрвөн жилийн хугацаатай томилдог. Чөлөөлөх, огцруулах шийдвэрийг ч Ерөнхий сайд захирамжаараа гаргана. Аймгийн Хурал Засаг даргаа өөрөө огцруулж чадахгүй, зөвхөн огцруулах санал Ерөнхий сайдад тавина.
Нарийн журмыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн (2020) 64, 65 дугаар зүйлд тогтоожээ.
Чөлөөлөх, огцруулах хоёр өөр ойлголт
Чөлөөлөх (64.1). Засаг дарга эрүүл мэнд, эсвэл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар өөрөө хүсэлт гаргавал бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө чөлөөлнө. Энэ нь хариуцлагын арга хэмжээ биш.
Огцруулах (64.2). Энэ бол хариуцлагын арга хэмжээ бөгөөд хуульд таван үндэслэл заасан:
- гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон (64.2.1);
- хууль тогтоомжийг удаа дараа, эсвэл ноцтой зөрчсөн (64.2.2);
- аймгийн Хурал огцруулах санал гаргасан (64.2.3). Хурал хоёр үндэслэлээр санал гаргаж болно. Нэгдүгээрт, Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн бол (65.1.1). Хоёрдугаарт, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгэм, хүн амын амьдралтай холбоотой хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн бол (65.1.2). Саналыг нийт төлөөлөгчдийн олонхын саналаар гаргана (65.2);
- Засаг дарга өөрөө огцрох хүсэлт гаргасан (64.2.4);
- хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн (64.2.5, 65.1.3).
Журам
- Ерөнхий сайд Хурлын саналаар, эсвэл өөрийн санаачилгаар огцруулах шийдвэр гаргаад Хуралд даруй мэдэгдэнэ (64.3).
- Хурал санал тавьсан бол Ерөнхий сайд 14 хоногийн дотор шийднэ. Саналыг хүлээж аваагүй бол Хурал огцруулах саналаа нэг жилийн дотор дахин тавьж болохгүй (64.4).
- Хурал 15 хоногийн дотор Засаг даргад шинээр нэр дэвшүүлнэ (64.3).
- Шинэ Засаг дарга томилогдох хүртэл Засаг даргын орлогч бүрэн эрхийг нь хэрэгжүүлж, хариуцлагыг бүрэн хүлээнэ (64.5).
Шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.
Г.МИШЭЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төв аймагт Төмөрчөдөр шиг сайн ажил ласан Засаг дарга сүүлийн 20-30 жилд л лав байхгүй дээ. Ажлаа л сайн хийж бай вал одоо аль нам нь хамаагүй болсоон. Төмөрчөдөрийг огцруулах нь буруу шүү !!!