Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн ДЦГ-т үлдсэн амьтдыг өвс тэжээлээр хангахад 629 сая төгрөгийг гаргана

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир "Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлыг тогтоохоор ажиллаж байна. Хуульд заасан хугацаа нь 30 хоног байдаг. 11 сарын 16-ны өдөр дуусна.
Нийт 468 мянган га газар нутаг шатсан. Бага хэмжээний газар нутаг шаталгүй үлдсэн. Тэнд ан амьтад нягтаршсан байна гэх мэдээллийг ажлын хэсгийн зүгээс өгч байна. Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөгийг гаргаж, биотехникийн арга хэмжээ авах Засгийн газрын тогтоол гарлаа. Дорнод болон Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт үүнийг хариуцаж ажиллах чиглэл өглөө.
Долоон цэгт өвс тэжээлээр хангах, биотехникийн арга хэмжээ авахаар зураглаад байна.
50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хээрийн судалгааны ажлын хэсгийн судалгааны ажил дууссан. Улаанбаатар хотод ирсэн. Эхний ажлын тайлангаа яамны удирдлагуудад танилцуулсан. Хууль заагдсан хугацаанд эцсийн дүгнэлтээ танилцуулна. Хөндлөнгийн нөлөөлөлгүй ажиллах бололцоог хангах тал дээр яамнаас анхаарч ажиллаж байна.
Нөмрөгийн дархан цаазат гарсан түймэртэй холбоотой гарч байгаа зардлыг нийт хохиролд багтаана. Хэргийн эзэн холбогдогчийг хууль хяналтын байгууллага тогтоох ёстой. Хор хохирлыг цөмийг нь тооцож эзэн холбогдогчоос нь гаргуулна.
Нөхөн сэргээх ажиллагаанд Японы талаас бүх талаар дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийлээд байгаа. Бид зөвхөн Японы Засгийн газартай бус бусад улсын байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудтай хамтарна. Хандив, тусламж, дэмжлэг авч ажиллах бодлогыг барьж ажиллаж байгаа.
Мөн орон нутгийн иргэд, байгууллагууд хандив тусламж үзүүлэхээ илэрхийлээд байгаа. Үүнийг хуулийн хүрээнд буюу Дорнод аймгийн онцгой комиссын дэргэд сан байгуулж, дэмжлэг авах бололцоотой.
Хэдий хэр хугацаанд газар, ургамал нөхөн сэргэх талаар судлаачид дүгнэлтээ гаргана байх. Ажлын хэсэгт биологич, геологич, ургамал судлаачид бий.
Японы талаас мониторинг, судалгаа шинжилгээний төв байгуулах тал дээр туслалцаа авахаар төлөвлөж байна. Мөн хил орчмын застов, хамгаалалтын захиргааны чиглэлийн үйл ажилагаа явуулдаг байгууллагууд түймэр дэгдэхэд арга хэмжээ авах багажны тал дээр учир дутагдалтай. Энэ чиглэлд гадаад, дотоодын төсөв санхүүгийн хөрөнгө оруулагч нарт санал тавья гэх бодолтой байна" гэлээ.
Г.МИШЭЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ баавгайнаас хүн бариулсан сайд байгаад л байх юм уу?