НИЙГЭМНийгэм мэдээ

Э.Бат-Амгалан: 2030 он хүртэл 100 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулж, 50 мянган янданг бууруулна

“Солонго-1, 2” хорооллын 30 хувийг урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж чадаагүй өрхүүдэд түрээслээд өмчлөх нөхцөлөөр олгоно. Засгийн газраас 2026-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд урьдчилгаа төлбөрийн боломжгүйгээс орон сууц худалдан авч чадахгүй байгаа өрхүүдийг түрээслээд өмчлөх хөтөлбөрт хамруулахаар болжээ.

Тодруулбал, “Солонго-1, 2” хорооллын нийт 5002 айлын орон сууцны 30 хувийг буюу 1500 орчим айлыг түрээслээд өмчлөх нөхцөлөөр олгохоор төлөвлөсөн байна. Энэ нь урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж чадаагүй ч сар бүр түрээс болон ипотекийн зээлийн төлбөр төлөх боломжтой өрхүүдэд чиглэж байгаа аж. Хөтөлбөрт хамрагдсан өрх сар бүр 700 мянган төгрөгийн түрээс, 800 мянган төгрөгийн ипотекийн зээлийн төлбөр буюу нийт 1.5 сая төгрөг төлөхөөр тооцжээ.

Ингэснээр 20 жилийн хугацаанд төлбөрөө төлж дууссаны дараа тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах нөхцөл бүрдэх юм. Харин “Солонго-1, 2” хорооллын орон сууцны нэг ам метр талбайн үнийг анх 4.4 сая төгрөгөөр тооцож байсан бол иргэдийн санал хүсэлтэд үндэслэн дахин тооцоолж, 3.9 сая төгрөг болгон бууруулжээ.

Эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Тус хорооллын орон сууцны хуваарилалтыг дараах байдлаар төлөвлөжээ. Үүнд:

  • 50 хувь буюу газраа орон сууцаар сольсон өрхүүдэд,
  • 30 хувь буюу түрээслээд өмчлөх нөхцөлөөр,
  • 10 хувь буюу 500 орчим айлыг зах зээлийн ханшаас доогуур үнээр түрээслүүлэх,
  • 10 хувийг хамтын өмчлөлөөр эзэмшүүлэхээр төлөвлөсөн байна.

Харин иргэдийн анхаарлыг татаж буй түрээслээд өмчлөх хөтөлбөрийн бүртгэл хэзээ эхлэх, ямар шалгуураар өрхүүдийг сонгох, хүсэлтийг хэрхэн хүлээн авах зэрэг асуудлыг одоогоор нарийвчлан танилцуулаагүй байна.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн мэдээлснээр, 2027 оны улсын төсөвт эхний ээлжинд 16 мянган өрхийг орон сууцны хөтөлбөрт хамруулж, хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөжээ. Үүний 14 мянган өрхийг гэр хорооллоос орон сууцанд шилжүүлэх бол 2000 өрхийг хашаандаа сэргээгдэх эрчим хүч ашиглан амьдрах, яндангаа буулгах нөхцөлөөр хамруулахаар тооцсон байна.

Иймд түрээслээд өмчлөх нөхцөлөөр байр авах хүсэлтэй иргэдийн хувьд бүртгэлийн хугацаа, сонгон шалгаруулалтын журам болон төлбөрийн нарийвчилсан нөхцөлийг албан ёсоор зарлахыг хүлээх шаардлагатай байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button