Нийслэл

Нийслэл энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ

Цахилгаан автобус 60, хүүхдийн автобус 40, богино рейсэнд явах дунд оврын 50 автобус нийлүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбоотой асуудлыг Засгийн газрын өнөөдрийн (2026.11.04) хуралдаанаар хэлэлцэв. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва мэдээлэл өглөө.

Нэг. Нүүрсний хэрэглээг багасгах хүрээнд энэ өвөл нийслэл хот НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран, хамгийн их утаатай бүсийн 7000-10 000 өрхийн янданг буулгах ажлыг эхлүүлж, цахилгаанд суурилсан дулаан хураагуурыг нэвтрүүлнэ. Гэр хорооллын айл өрхүүдэд эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт үйлчилдэг. Тиймээс шөнийн цагаар дулаанаа хуримтлуулж, өдрийн цагаар түүнийгээ ашиглах технологийг туршиж байна. Энэ бол зуух тараахаас өөр. Арилжааны банкуудын ногоон зээлийн санхүүжилтээр дулаан хураагуурыг хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх аж.

Хоёр. Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан оргил ачааллын үеэр хүчдэл нь унадаг байдлыг шийдэх хүрээнд эх үүсвэрийн өргөтгөлийг сайжруулахаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллаж, “Мини грийд” буюу нарны эрчим хүчээр шийдэхээр болжээ.

Гурав. Энэ өвөл Шар хад, Толгойт, Зүүн, Баруун салаа, Баянхошуу, Дарь-Эх, Долоон буудал зэрэг бүсэд бага оврын батарей хураагууруудыг барьж суурилуулах ажил хийгдэж байна. Мөн 5000 айлыг хийн зууханд шилжүүлэх ажил үргэлжилж байгаа аж.

Дөрөв. Нийслэлийн хамгийн их хорт утаатай зургаан цэгт 73 мянган айл өрх амьдарч байгаа учраас үе шаттай янданг буулгах ажлыг хийж байна. Энэ жилийн хэрэглээний 180 мянган тонн шахмал түлшийг бид мидлинг биш, угааж баяжуулсан нүүрсээр хийснээр хүхэр, тортог, тоосжилт буурсан. Өнгөрсөн мөн үетэй харьцуулахад агаарын бохирдлын хорт хэмжээ 10-14 хувиар буурсан гэдэг тооцоог мэргэжлийн байгууллагууд хийсэн. 280 мянган тонн хагас коксон түлшийг урд хөршөөс авна.

Тав. Утааг бууруулах хамгийн гол арга нь орон сууцны хүртээмжийг дээшлүүлэх явдал. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслөөс болж хохирсон 2000 орчим айл өрхийн асуудлыг шуурхай шийдэх хүрээнд Засгийн газраас ажлын хэсэг байгуулсан. “Бриллиант”, “Андын зам” зэрэг компанийн хохирогчдыг улс, нийслэлийн төслөөр хэрэгжиж буй “Ногоон нуур 1008” болон “Солонго 1,2” зэрэг орон сууцанд оруулж, хохирлыг нь барагдуулна. Мөн орон сууцны царцсан төслүүдээс болж, газраа чөлөөлж гэрээ хийчхээд гэр оронгүй 10 гаруй жил болсон иргэдийн асуудлыг шийдэх хүрээнд нийслэлээс хөдөлгөж, хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу боломжит аж ахуйн нэгжүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулж ажлыг гүйцэтгүүлнэ.

Зургаа. 2026 оны аравдугаар сарын 26-ны өдрийн даваа гарагт Улаанбаатар хот 0 зогсолт хийсэн. Замын хөдөлгөөний урсгал 5 км цагаас доош хурдтай болбол 0 зогсолт гэж үздэг бол шатахууны дарааллаас болоод энэ өдөр 3 км цаг болсон. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд бид 13 чиглэлд 21 автобус нэмэлтээр гаргасан. Мөн шинээр зургаан чиглэлд богино рейсийн нийтийн тээвэр гаргасан. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ. Цахилгаан автобус 60, хүүхдийн автобус 40, богино рейсэнд явах дунд оврын 50 автобус нийлүүлнэ гэв.

Г.САНСАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button