Монголд ажилгүйдлийн түвшин нэмэгдсэнтэй зэрэгцээд хөдөлмөрийн гэрээгээр ирж ажиллах гадаад иргэдийн тоо өсчээ

Монгол Улсын ажилгүйдлийн түвшинг сүүлийн 10 жилээр авч үзвэл 2016 онд хамгийн дээд хэмжээнд буюу 10.4 хувьтай гарчээ. Үүний шалтгаан нь тухайн үед эдийн засгийн хямрал ДНБ-ий өсөлт 1.2 хувь хүртэл саарч, түүхий эдийн үнийн уналт, гадаадын хөрөнгө оруулалт буурч, төсвийн сахилга бат алдагдсан зэрэг олон шалтгаантай.
Харин 2023 онд ажилгүйдэл 3.9 хувьд хүртэл буурсан нь 10 жилийн хамгийн доод түвшин болсны цаана уул уурхайн салбарын өндөр өсөлт нөлөөлсөн гэдэг. Харин 2024 оноос ажилгүйдлийн түвшин буцаад өссөн шалтгаан нь өмнөх жилийн зуд буюу хөдөө аж ахуйн салбар уналттай холбоотой байв. Зудын улмаас тус салбарын ажилчид 27 мянгаар буурч, ажилгүй хүний тоо 22 мянгаар нэмэгдэн, төв суурин газрыг бараадах нүүдэл шилжилт хөдөлгөөн дагаад нэмэгдсэн дүр зураг бий.
Тэгвэл сүүлийн үеийн судалгаагаар буюу 2026 онд ажилгүйдэл дахин өсөх хандлагатай гарчээ. Тодруулбал, 2026 оны нэгдүгээр улиралд 5.7 хувь, хоёрдугаар улиралд 5.5 хувь байсан бол мөн улиралд ажилгүй иргэд 79.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 13.4 мянгаар нэмэгдсэн үзүүлэлттэй байгааг Үндэсний статистикийн мэдээллээс харж болохоор байна.
- 20-24 насныхны бүлэгт ажилгүйдэл хамгийн өндөр хувьтай байна
Монгол Улсад сүүлийн таван жилд ажилгүйдлийн түвшин дунджаар 5.6 хувь байгаагаас насны бүлгээр нь авч үзвэл 20-24 насныхан хамгийн өндөр, 30-34 насныханд хамгийн бага үзүүлэлттэй байна. 20-24 нас гэдэг нь дөнгөж сургуулиа төгсөж шинэ ажилд орох нас бөгөөд энэ насны төлөөлөл болгож 21 настай иргэнээс их сургуулиа төгсөөд шууд ажилд орсон, эсэхийг нь тодрууллаа.
Тэрбээр “СЭЗИС-ийг Нягтлан бодох бүртгэлээр бакалаврын зэрэгтэй сурч төгссөн, одоо үргэлжлүүлээд магистрт суралцаж байгаа, ирэх хавар төгсөнө. Магистраа төгсөөд л ажилд орно гэж бодож байна” гэсэн юм.
Ажилгүйдлийн түвшин 20-24 насныханд хамгийн өндөр байдгийг зөвхөн ажил хийх дургүй, залхуу хойрго гэж дүгнэх нь өрөөсгөл болохыг эндээс харж болохоор. Зарим залуус их, дээд сургуулиа төгсмөгцөө үргэжлүүлэн магистрт суралцах, эсвэл өөр чиглэлээр мэргэжил дээшлүүлэх хандлага ч байдаг.
Нөгөө талаас сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажилд орох гэтэл компаниудын ажлын шаардлага дотор “туршлага” гэж оноосон байдаг нь ажилд шууд ороход томоохон хүндрэл болдгийг ч залуус шүүмжилдэг. Залууст сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж туршлагажих орон зай хэрэгтэй байдаг ч, Монголд тийм нөхцөл боломж хомс хэвээр буй гэдэг. Тиймээс монгол залуус хилийн чанадыг зорих хүсэл сонирхол буцаад идэвхэжсэнийг "тархины гоожилт" буюу "brain drain index" сүүлийн жилүүдэд харуулах болсон.
- Гадаадад оршин суугаа монголчуудын 59.5 хувийг 15-39 насныхан эзэлж байна
Үндэсний статистикийн хорооны 2025 оны Хүн ам, орон сууцны завсрын тооллогын дүнгээр гадаадад зургаагаас дээш сарын хугацаагаар оршин суугаа Монгол Улсын 201 350 иргэн бүртгэгджээ. Энэ нь 2020 оны тооллогын дүнгээс 64.6 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Тэдгээрийн 59.5 хувь буюу 119.8 мянга орчим нь 15-39 насныхан байгаа нь гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг залуучууд, хөдөлмөрийн насныхан эзэлж байгааг харуулж байна.
- Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр 36 мянга гаруй гадаадын иргэн орж ирсэн нь өмнөх оноос 3 дахин өсчээ
Нэг талд Монголын ид хөдөлмөрийн насны, мэдлэг боловсролтой залуус гадагшаа явж ажиллах нь нэмэгдэж байхад нөгөө талд гадаадаас манай улсад ирж ажиллах боловсон хүчний урсгал ч өсөх болжээ.
Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэд 2022 онд 3943 байсан бол 2023 онд 6482, 2024 онд 8024, 2025 оны IV улиралд 102 улсын 9412 болж нэмэгджээ. Тэгвэл 2026 оны III улирлын байдлаар 36 мянгад хүрсэн нь манай улсыг зорих гадаад иргэдийн тоо сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөж буйг харуулж байна.
Гадаадын иргэн харьяатын газраас гаргасан энэ оны есдүгээр сарын байдлаарх тоон мэдээлэлд Бангладеш улсаас 994 хүн, Вьетнам улсаас 585 хүн, АНУ-ын 335 хүн хөдөлмөр эрхлэх зорилготой орж иржээ. Тэд нарийн мэргэжил шаардахгүй бидний хэлж заншсанаар хар ажил хийдэг бөгөөд барилгын туслах ажилтан, худалдаа үйлчилгээ, зочид буудал, хоол үйлдвэрлэлийн салбарт түлхүү ажилладаг байна.
- Ажил олгогчид гадаад иргэдийг ажиллуулж “толгойн өвчин"-өөсөө салдаг гэв
Бид гадаад ажилчид зуучлагч компани болох "ABC World" ХХК-ийн Ерөнхий захирал Н.Энхманлайгаас гадаад ажилчдын ажиллах чадвар, эрэлт хэрэгцээ, цалин хөлсний талаар тодруулсан юм.
Тэрбээр “Манай улсын иргэд БНСУ руу байр машины мөнгө олохоор зорьдог шиг Бангладеш, Вьетнам иргэд мөнгө хураах гэж Монголд ирдэг. Тэдний хувьд сард 1.8 саяас 2.2 сая төгрөгний цалин авдаг. Монголд ирээд удалгүй хэл нь сайжраад ажилдаа гаршдаг. Харин биднээс зуучлалын үйлчилгээ авч буй ААН-үүд сэтгэл ханамж өндөр, тогтвортой ажиллах хүчинтэй болж "толгойн өвчин"-өөсөө саллаа гэлцдэг” хэмээсэн юм.
Энэ мэтчилэн ажил олгогчдын зүгээс монгол ажилчид “урьдчилж мэдэгдэлгүй ажлаа таслах, ажлаас гэнэт гарах, архидан согтуурах, тогтмол мөнгө зээлэх” зэрэг асуудал гаргадаг нь хамтран ажиллахад хүндрэлтэй байдаг талаар шүүмжилдэг. Харин гадаад ажилчид ажил үүргийн хуваарийн дагуу бүхнийг хэл үггүй гүйцэлдүүлдэг, хариуцлагатай гээд олон давуу талтай байдаг аж.
- Шинэ Зеландад энэ оны III улиралд ажилгүйдлийн түвшин сүүлийн 11 жилд үзэгдээгүй дээд хэмжээнд хүрэв
Харин гадаад орноос жишээ татвал, Шинэ Зеланд улсад энэ жилийн гуравдугаар улиралд ажилгүйдлийн түвшин сүүлийн 11 жилд үзэгдээгүй дээд хэмжээнд хүрчээ. Тодруулбал, инфляц болон эдийн засгийн дарамтын улмаас ажилгүйдэл ийм өндөр түвшинд хүрсэн байна. Өчигдрийн /2026.11.04/ байдлаар Шинэ Зеланд улсын Статистикийн газраас гаргасан тоо баримтыг харвал, есдүгээр сар хүртэлх ажилгүйдлийн хэмжээ 5.7 хувь болжээ. Үүнээс харахад ганцхан Монгол улсад төдийгүй дэлхий нийтэд ч эдийн засаг, бусад хүчин зүйлээс шалтгаалан ажилгүйдлийн түвшин нэмэгдэх хандлагатай байна.
- Төрөөс иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ямар арга хэмжээ авч ажилладаг вэ?
Төрөөс ажилгүй иргэдэд үзүүлдэг дэмжлэгүүд:
- Ажилгүйдлийн тэтгэмж
- Ажилд зуучлах үйлчилгээ
- Мэргэжил олгох, давтан сургах
- Хувиараа бизнес эрхлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх
- Нийтийг хамарсан ажилд оролцуулах зэрэг арга хэмжээг авдаг байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.