Ярилцлага

Т.Батцогт: Нийслэл 10 тэрбум төгрөг хэмнэх боломжтой

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-НИЙСЛЭЛИЙН 2020 ОНЫ ТӨСӨВ ТАСРАХ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЛЭЭ-

-Манай улс шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллалаа. Энэ талаар ярилцлагаа эхэлье.

-Сүүлийн гурван сарын турш түгшээж, цар тахлын хэмжээнд дэгдээд байгаа шинэ төрлийн коронавируст халдварын эсрэг дэлхий нийтээрээ нэгдэн тэмцэж байна. Манай улсын хувьд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, чиглэлийн дагуу даруй арга хэмжээ авч байгааг бүгдээрээ харж, сонсож, мэдэрч байгаа. Өдөр, шөнөгүй эрүүлийн манаанд зогсож буй эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдадаа талархаад баршгүй.

-Хэдийгээр сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч байгаа ч эдийн засагт учирч буй хохирлыг тооцохгүй байгаа гэсэн шүүмж бий. Энэ талаарх таны байр суурь ямар байна вэ?

 -Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа аврах, иргэдийн аж амьдралыг дэмжих үүднээс тодорхой шийдвэрүүдийг хэрэгжүүлж байна. Энэ бол зүй ёсны хэрэг. Дэлхийн улс орон бүр энэ жишгээр ажиллаж байна. Миний харж байгаагаар гагцхүү гаргаж буй шийдвэрүүд ямар тооцоолол, үндэслэлтэй байна вэ гэдгийг улс төрч хүний хувьд анзаарч байна.

-Юу анзаарагдаж байх юм. Сөрөг тал байна уу?

-Засгийн газраас гаргасан шийдвэр, татварын хөнгөлөлттэй холбоотойгоор НИТХ дахь АН дахь бүлэг өнгөрсөн мягмар гарагт нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд шаардлага хүргүүллээ.

Коронавируст халдварын үеийн эдийн засгийн идэвхжил буурч байгаатай холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэр нь нийслэлийн төсвийн орлого тасалдах нөхцөл үүсгээд байна. Иймээс НИТХ-ыг хуралдуулж, төсвийн тодотгол яаралтай хийхийг шаардлагаараа хүргүүлж байгаа юм.

Бидний тооцоолж байгаагаар  2020 оны нийслэлийн төсөвт нэг их наяд 211 тэрбум 604 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Гэтэл татвараас зургаан сарын турш чөлөөлснөөр нийслэлийн төсвийн орлогын 60 гаруй хувийг бүрдүүлдэг ХХОАТ-ын 50 хувь нь бүрдхээргүй болж байгаа юм. Нийслэлийн төсөв тасалдаж, зардлаа нөхөж чадахгүй гэдгийг үүнээс харж болно.

-Улсын нийт хүн амын 50 орчим хувь нь нийслэлд ажиллаж, амьдардаг. Үүнээс гадна нийслэл улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлдэг. Тэгэхээр улсын төсөв ачааллаа даах, эсэх нь эргэлзээ үүсгэх магадлалтай юм байна, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Нийслэл өөрөө Монгол Улсын эдийн засгийн тулгуур шүү дээ. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн төсвийн орлогын биелэлт 44 хувийн урьдчилсан гүйцэтгэлтэй байна. Нийслэлчүүд бид энэ жил улсын төсөвт 319.4 тэрбум төгрөгний татаас өгөх ёстой. Мөн урсгал зардалд 675.8 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын ажилд 362 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл НИТХ төсөвт учраад буй нөхцөл байдалтай уялдаж, онцгой горимд шилжээгүй байдаг. Энх цагт зориулан төсөвлөсөн төсвийг онцгой нөхцөлд баримтлан ажиллах боломжгүй шүү дээ. Өнөөдөр нөхцөл байдал хэдийнэ өөрөөр эргэж, эдийн засаг хумигдаж, иргэдийн худалдан авах чадвар буурч эхэлсэн. Өрх бүр санхүүгийн боломждоо тааруулан хэмнэж байхад Нийслэл ч мөн яаралтай хэрэгцээтэй бус зүйлсээ ялгаж, салгах цаг болсон гэж НИТХ дахь АН-ын бүлэг үзэж байгаа юм.

- ӨРХ БҮР, ИРГЭН БҮР ЗАРДЛАА ХЭМНЭЖ БАЙХАД ТӨР Ч БАС ХЭМНЭХ ҮҮРЭГТЭЙ-

-Нийслэл төсвөө онцгой горимд шилжүүлэх шаардлагатай гэж хэллээ.  Тэгвэл үүсээд буй нөхцөл байдлыг эдийн засгийн хүндрэл багатай давж гарах боломж байгаа юм уу?

-Бид шаардлагадаа маш тодорхой шийдэл, саналуудыг мөн дэвшүүлсэн. Маш энгийнээр ярья л даа. Нийслэлийн төсөв гэдэг бол иргэн бүрээс тодорхой төрлүүдээр татвар авч, түүнийг нь буцаагаад нийтийн хэрэгцээнд зарцуулж байгаа мөнгөн урсгал юм. Тэгэхээр бидэнд орж ирэх мөнгөний дүн багасчхаар буцаагаад гаргах мөнгөө багасгах хэрэгтэй болж таарна. Гараад харахад өрх бүр, иргэн бүр мөнгөн зарцуулалтдаа хэмнэлт хийж эхэлсэн байна. Тэгэхээр төр ч, дарга нар ижил хэмнэх шаардлагатай гэсэн саналыг гаргасан.

Хотын захиргаа гадаад, дотоод томилолт, сургалт, туршлага судлах, тоног төхөөрөмж шинэлэх зэрэг нэн даруй шаардлагагүй зардлуудыг танах, хойшлуулж болох хөрөнгө томоохон оруулалтын зардлыг царцаах шаардлагатай байна. Нийслэлийн 2020 оны төсөвт аз жаргалтай хотын индекс тооцоход  нэг тэрбум, зүүн хойд Азийн аялал жуучлалын төв болох гурван тэрбум, Хотын захиргаанд шинээр эд хогшил худалдаж авах нэг тэрбум, хотын удирдлагуудын авто бааз шинэчлэх зэрэг шаардлагагүй зардлуудыг танах боломжтой. Мөн хоёр ч дүүрэгт  барих гэж байгаа дарга нар суух төр захиргааны ордон болон соёл, урлагийн зориулалтаар гурван дүүрэгт баригдах барилга зэрэг одоо нэн шаардлагатай биш хөрөнгө оруулалтын ажлуудыг хойшлуулж болно. Тиймээс бид шаардлага хүргүүлсэн юм. 

-Ойролцоогоор 10 орчим тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэсэн үг үү?

-Тийм. Тэвчиж болох зардлуудыг тооцвол 10 тэрбум төгрөг хэмнэх бололцоо байна.  Бид шаардлагадаа хэмнэгдсэн төсвийн тодорхой хэсгийг халдварт өвчний голомтод ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага болон дүүргийн албан хаагчдад урамшуулал олгох санал гаргасан. Мөн өвчний үед хэрэглэх амьсгалын аппарат, тоног төхөөрөмж авах, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын айл өрхүүдийн жорлонгийн бохирыг хөрсөнд шингэдэггүй болгох төслийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих бичил бизнесийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа саналыг шаардлагад тусгаад байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-04-04 09:14

Mash zuw sanal gargaj ee harin МАН yah bol

Зочин
Зочин
2020-04-04 15:48

Bid nam harj ogthon ch bolohgui, huvi huniig ni l harah yostoi shuu. Ene met zaluuchuudaa demjeed tsus sain selbeh heregtei.

Холбоотой мэдээ

Back to top button