НИЙГЭМ

МХЕГ: Өглөөний 10 цагийн байдлаар 5кг мах хурааж авлаа

Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрон дахь аж ахуйн нэгжүүдийн гаргаж буй зөрчил, буруутай үйлдлийн талаар МХЕГ-ын үйлчилгээний байгууллагын ерөнхий зохицуулагч Н.Одончимэгээс товч тодруулга авлаа.

-Нийт хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

-Нийт газрын хэмжээнд 400-аад ажилтан ажиллаж байна. Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэн дээр 63 хүн байна. Хүй долоон худаг, Үндэсний соёл амралтын хүрээлэн гээд хүн зон ихтэй газрууд дээр хяналт шалгалт хийж байгаа. Мөн хоолны хордлого  гардаг, байнгын осол эрсдэл гардаг цэгүүд дээр 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байна.

-Явуулын лаборатори ажиллаж байгаа гэлээ?

-Тийм. Хүй долоо худаг дээр явуулын лаборатори ажиллаж байгаа бол, Төв цэнгэлдэх хүрээлэнд цэгийн лаборатори үйл ажиллагаагаа явуулж байна. Мах, айраг гэх мэт хүнсний бүтээгдэхүүн дээр хими, физикийн шинжилгээ хийж, шинэлэг байдлын үнэлэлт, гадны хольц орсон эсэхийн шалгалт зэргийг хийж байна.

-Төв цэнгэлдэхийн эргэн тойронд ихэвчлэн хуушуур, айраг худалдаалж байх шиг байна?

-Ерөнхийдөө хоол хүнсний бүтээгдэхүүнээс хуушуур, дагалдаад салат, зууш болон хүйтэн ундаа, жүүс зэргийг худалдаалж байна.

-Өнгөрсөн жилтэй харьцуулахад зөрчил хэр их гарч байна вэ?

-Харьцангуй буурсан харагдаж байгаа. Гэхдээ анхаарал татаж буй нэг зүйл бол эрүүл мэндийн урьдчилсан шинжилгээнд хамрагдаагүй, эрүүл мэндийн дэвтэргүй аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах гэсэн оролдлого их байгаа явдал. Ийм хүмүүсийг гаргаад, зохих зөвшөөрөл бүхий газруудыг ажиллуулж байна. Зөрчлүүдийг газар дээр нь арилгах арга хэмжээ авахыг зорьж байгаа. Харин энэ жил гар дээрээс худалдаа наймаа хийх явдал харьцангуй бага байна. Өнгөрсөн жил энэ асуудал цагдаагийн болон манай албан хаагчдын ажлыг нэлээд хүндрүүлж байсан.

Тэгэхээр иргэдэд албан ёсны зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлээрэй гэсэн зөвлөгөөг өгмөөр байна

-Иргэд гаднаас нь хараад зөвшөөрөлтэй эсэхийг хэрхэн ялгаж таних вэ?

-Боломж  бий. Зөвшөөрөлтэй цэгүүд харьяалагдсан дүүргийнхээ дугаартай, гаднаа компани аж ахуйнхаа нэрийг тавьчихсан, хүмүүс нь ажлын хувцастай ажиллаж байгаа. Зөвшөөрөлгүй хүмүүс бол ердөө гар дээрээс худалдаа эрхэлж байна. Эсвэл хоёр лангууны хооронд өөрсдөө зай талбай бий болгоод ажиллаж байгаа.

-Хоол хүнсний бүтээгдэхүүний хувьд эрүүл мэндийн шаардлага хангаагүй зөрчил хэр их гарч байна вэ?

-Олон жилийн дунджаас харахад наадмын хоёр дахь өдөр буюу, долоодугаар сарын 12-ны өдөр ийм зөрчил их гардаг байсан. Энэ жил харьцангуй гайгүй, өглөөний 10 цагийн байдлаар гэхэд 5 кг мах л хурааж авсан байдалтай байна. Сүхбаатар дүүргийн “Алтан гүүр” компанийн 47-р павильоноос хурааж авсан. Өчигдөр бол нийтдээ 90 кг мах хураагдаж, устгалд оруулсан байгаа.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button